2549 иргэнийг ₮45.3 тэрбумаар хохироосон “Бэлтэс мөрөн”-ий шүүх хурал завсарлага авлаа

0

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас,

  • шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэгт зааснаар /Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон; олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн/,
  • шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар /мөнгө угаах гэмт хэргийг энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж; байнга тогтвортой үйлдэж/,
  • шүүгдэгч Б.Мэндсайхан, Г.Пүрэвсүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж

ирүүлснийг Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хүлээн авч, гэм буруугийн шүүх хуралдааныг 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 00 минутад товлон зарласан бөгөөд шүүх хуралдаан 11 өдөр Хөвсгөл аймгийн Спортын ордонд үргэлжлээд завсарлалаа.

Шүүх хуралдаанд улсын яллагч 3, нэр бүхий хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 377, иргэний хариуцагч 4, гэрч 1, шинжээч 1, нэр бүхий хохирогч нарын өмгөөлөгч 9, шүүгдэгч нарын өмгөөлөгч 7 хүн оролцсон байна.

Улмаар улсын яллагч, хохирогч, шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн хоёрдугаар санал, дүгнэлт, есөн шүүгдэгчийн эцсийн үгийг сонсож дуусаад шүүхийн хэлэлцүүлэг өндөрлөж, шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч нарын гэм буруутай, эсэхийг хэлэлцэж зөвлөлдөхөөр энэ сарын 25 хүртэл хурлыг завсарлууллаа.

Хэргийг сануулахад, “Бэлтэс мөрөн” компани 13 мянга гаруй иргэнээс мөнгө татан төвлөрүүлж, 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон билээ. Ташрамд дурьдахад, “Бэлтэс мөрөн” ХХК-ийг аав С.Ганбаатар, ээж Р.Бузмаа, охин Г.Нямдэлгэр нар хамтран байгуулж, үйл ажиллагаа явуулж байсан юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *