Соёлын салбарт 10 цахим системийг нэвтрүүлжээ
Соёлын салбарын шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд 10 цахим системийг хөгжүүлэн хэрэглээнд нэвтрүүлээд байгааг “Азийн инновац, соёлын форум-2024”-ын үеэр Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг онцлов.
Тэрбээр форумыг нээж хэлэхдээ, “Монгол Улсын Засгийн газар дэлхий нийтийн жишгийн дагуу цахимжиж байна. Мөн соёлын салбарыг эдийн засгийн бие даасан салбар болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг өнгөрсөн долоо хоногт УИХ баталсан. Засгийн газрын 2022 оны 314 дүгээр тогтоолын Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх зургаан чиглэлийн нэгд нь дижитал контент, цахим тоглоомыг хөгжүүлэхээр тусгасан” гэв.
Форумд Монгол, Хятад, Японы технологи, соёлын компаниудын мэргэжилтнүүд соёлын үнэт зүйлсийг орчин үеийн технологиор сурталчлан таниулах арга туршлагаасаа хуваалцаж, илтгэл тавилаа.
Хонконгийн политехникийн их сургуулийн хиймэл оюун ухаан интернэт судалгааны хүрээлэнгийн дэд судлаач Ли Мингээс соёлын салбарын инновацын талаар тодрууллаа.
Тэрбээр, “Дижитал технологийн инновац дэлхий даяар ихээхэн хүчээ авч хөгжиж байна. Ялангуяа Сингапур, Хонконг, АНЭУ, Хойд Америкийн мэргэжилтнүүд энэ салбар руу орж ирж байна. Монголын хувьд, би анх удаа ирж энэхүү инновацын хуралд оролцож байна. Монголын их, дээд сургуулиуд, судалгааны байгууллагын мэргэжилтнүүд, бизнесменүүдтэй цаашид дижитал дизайн, гадаад бизнесийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байна.
Хүн төрөлхтний нийгмийн хөгжил инновацын явцад тасралтгүй урагшилсаар байна. Анх бид утас хэрэглэдэг байсан бол одоо үүрэн интернэтийг хэрэглэж байгаатай адил. Дараа нь интернэтээр төлбөр тооцоо хийж, интернэт бүтээгдэхүүнүүд гарч ирсэн. Тэгвэл дараагийн үед үнэ цэнийг цөм болгосон шинэ үеийн интернэт гарч ирнэ гэж үзэж байна. Энэ нь WEB3 юм. Үүнд хиймэл оюун ухаанаар энэхүү дижитал орон зайн контентыг бүтээх юм. Энэхүү блокчайнаар энэ дижитал контентын үнэ цэнийг тодорхойлох юм.
Монголын хувьд олон зүйлийг олж харсны нэг нь хөх тэнгэр. Миний буудалласан зочид буудал “Хөх тэнгэр” гэдэг нэртэй. Хөх тэнгэрээр бэлгэдсэн олон зүйлийг олж харлаа. Энэ онцлогоороо сурталчилгаа хийж байна. Мөн монгол үндэстний уламжлалт соёлын IP байж болох юм. Технологиор дамжуулан дижитал контент хийж, дижитал технологийн эко системд шилжиж орох хэрэгтэй” хэмээв.
Монгол Улсын соёлын үнэт зүйлсийг сурталчлан таниулах, олон улсын арга туршлага, технологиос суралцах, хамтран ажиллах боломжийг нээх зорилготой энэхүү форумыг цаашид жил бүр зохион байгуулахаар төлөвлөжээ.