С.Амарсайхан: Сонгууль гээд сумдын албан байгууллагууд эзэнгүй шахуу байна
Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.Тэрээр, Өмнөд Африк ган гачигтай нүүр тулж байгаа. Арабын хойг, зүүн Африк, Бразилд хүчтэй борооны улмаас үер усны эрсдэл байнга бий болж байна. Далайн температур урьд өмнө байгаагүй хэмжээнд халсны улмаас эрдэмтдийн тооцоолж байгаагүй гамшиг бий болж байна. Энэ бидэнд шинэ зүйл биш. Өнгөрсөн зуны үер, өвлийн зуд, хаврын хавсарга шуурга гээд олон зүйл байна. Саяхан хүчтэй шуурга болж айлын гэр нурж, усархаг бороо орсны улмаас тодорхой хохирол учирсан. Энэ хүрээнд Цаг уур шинжилгээний хүрээлэнгээс зургаа, долоо, наймдугаар сарын цаг уурын мэдээллийг өглөө. Ерөнхийдөө баруун аймгаар хуурай, бороо хур гайгүй боловч Хэнтий нуруу, төвийн бүсээр усархаг, дуу цахилгаантай бороо зургадугаар сарын сүүлээс долоо, наймдугаар сард үргэлжлэх эрсдэл өндөр байна. Энэ бол үерийн эрсдэл улам нэмэгдэх эрсдэл үүсэж байна гэсэн үг. Тэгэхээр нийслэл Улаанбаатар хот төдийгүй аймаг орон нутгуудад энэ цаг үед мэргэжлийн байгууллагууд, гамшигтай тэмцэх байгууллагууд, орон нутгийн удирдлагууд ажлын уялдаа холбоогоо хангаж, нэгдсэн зохион байгуулалтад орж, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх УОК-ын дэргэдэх шуурхай штабаас өгч буй удирдамж, чиглэл, зөвлөмж зөвлөгөөг цаг алдалгүй хэрэгжүүлэх хэрэгтэй байна.Мөн УИХ-ын сонгууль явагдаж байна. Энэ цаг үед ажил эзэнгүйдүүлэхгүй байх, хариуцлага алдахгүй байх, анхаарал сулруулахгүй байх, холбогдох мэргэжлийн байгууллагуудын бэлэн байдлыг хангаж, өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангаж өөрсдөө биечлэн оролц. Сонгуулийн халуун үе үргэлжилж байгаа энэ цаг үед аль нэг нэр дэвшигч даргыг дагаж, ажлын байраа орхиж, ардаа байгаа ард иргэдийн амьдрал ахуйд эрсдэлд учруулахуйц бэлэн бус байдлыг гаргаж огт болохгүй. Олон сувгаар мэдээлэл авч байгаа. Зарим сумд албан байгууллагууд эзэнгүй шахуу байна гэж байна. Мэргэжлийн байгууллагууд нь удирдлагагүй байна гэж байгаа. Аймаг сум дамжаад явчихсан, улс төр сонгуулийн ажил хөөгөөд явчихсан. Тэгээд ард нь удирдлага зохион байгуулалтгүй, зорилго төлөвлөгөөгүй нөхцөл байдал үүсэж, эргээд харахад хүний амь нас эрүүл мэнд эрсдэх нөхцөл огтхон ч үүсгэж болохгүй шүү гэдгийг сануулж байна.Нэг гашуун сургамж, туршлага хэлж өгье. Өнгөрсөн Сэлбийн далан задрахад хоёр хоногийн өмнө УОК-оос шаардлагатай машин техникээ байршуул, хүн хүчээ төвлөрүүл, элс хайрга зэрэг бүх материалаа бүрдүүл гэж хэлсээр байхад болж байна гэж явсаар байгаад далан задрахад нэг шуудай элсчгүй зогсож байсан. Асар их цаг хугацаа алдсан, эд хөрөнгө алдсан. Урьдчилаад бэлдчихсэн байсан бол цаг хугацаа хожиж, сандралдаж гүйхгүйгээр хяналтад авах боломж байсан гэлээ.