ХУВИРАЛ: МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНӨӨС “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР”-ЫН ХӨГЖИЛ ХҮРТЭЛ…

0

УИХ-ын ээлжит сонгуулийн өрсөлдөөнд эрүүл мэндийн салбарынхан хүч түрж байна. Тэдний нэг бол Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж буй Тогтмолын Мөнхсайхан юм. Түүний хувьд мэс заслын өрөөнөөс салбарын сайд болж, хоцрогдсон тогтолцоог шинэчлэх дээд түвшний тэмүүлэлтэйгээр улс төрд хөл тавьж байсан нь хэдхэн жилийн өмнө. Түүнээс өмнө Солонгос улсад “өвдөг түнхний хиймэл үе, өвдөг мөрний дурангийн мэс засал”-аар нарийн мэргэжил эзэмшсэн Т.Мөнхсайхан үений дурангийн мэс заслыг Монголд анх удаа хийж байв. Хөл дээрээ зогсохыг, хөдөлгөөний хязгаараас гарахыг хүссэн мянга, мянган хүний итгэл найдвар, талархал өнөөдрийн түүнийг бүтээжээ.

Өвдөхөөрөө барааддаг эмнэлэг, эмч хоёр. Өвдөхгүй бол умартдаг эмнэлэг, эмч хоёр. Манай улсын иргэд эмийг “талх” шиг хэрэглэж, тонн тонноор нь идэж байна. Иймд л эмийн үнийн өсөлт хүн бүрд шахуу мэдрэг тусаад буй хэрэг. Өдгөө Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан өвдөхөөрөө бус өвдөхөөсөө өмнө өвчнөөс сэргийлдэг байх гол концепцыг дэвшүүлж байна.

Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг амьдарч байгаа бүс нутгаасаа түвэг чирэгдэлгүй, чанартай авах боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллах нь одоогоос дөрвөн жилийн тэртээх Т.Мөнхсайханы зорилтуудын нэг байсан нь ч хэвээр. Салбарынхаа дотоод “тэмцэл”, дутагдал гачигдлыг арван хуруу шиг ээ мэддэг хүмүүс хууль тогтоох дээд байгууллага буюу парламентын индэрт гарснаар тогтолцооны гажуудлыг шийдэхийн төлөө явдаг гэдгийг нэг талаар тэр харуулсан юм. Чухам яаж гэж үү? дээр дурдсан зорилт биелэх эхний алхам Эрүүл мэндийн тухай багц хуулинд тусгалаа олж, эрүүл мэндийн байгууллага гүйцэтгэлээр санхүүжих зам руу орсон юм.

Энэ салбарт итгэх ард түмний итгэлийг эргэн сэргээх, эмч нарын алдарч буй итгэлийг асаах хүсэл түүнд бий. Гэхдээ хэдхэн зорилт дэвшүүлээд шийдэгдэх зүйл биш гэдгийг Т.Мөнхсайхан мэдэж байсан. Тэрбээр эрүүл мэндийн салбарыг улсын төсөвт орлого төвлөрүүлдэг, төсвөөс горьдож, санхүүжилт нь хаанаа ч хүрдэггүй бус “бие даасан” том зураглалаар хөгжөөсэй гэж хүсдэг нэгэн. Ийм хэмжээнд хүрье гэвэл дөрвөн жил бага хугацаа. Харин ард иргэддээ эрүүл мэндийн тусламжийг чирэгдэлгүй хүргэх хэмжээнд хүргэе гэвэл дөрвөн жил гэдэг боломжийн хугацаа гэж тэр харсан. Сайдаар ажиллаж ахуйдаа тавьсан шинэчлэлийн суурийг тордож, өрөх хүсэл одоо ч бий аж. 

Гэхдээ Т.Мөнхсайханыг нэг эргэлзээтэй зүйл тойрдог. Дэлхий нийтийг нөмөрч асан цар тахлын сүүдэр одоо ч бүрэн арилаагүй байна. Тэгэхэд хүмүүс харамсалтайгаар хорвоог орхиж, бас амьд үлдэхийн төлөө сүүлчийн задгай мөнгөө зориулан зүтгэж байв. Гэвч энэ үед амны хаалт хүртэл олдохгүй, манай улсад олдсон нь үнэтэй байсан. Энэ бол иргэдийн туулаад гарсан бодит үнэн юм. Мөн 8 саяын эмчилгээний зардал гэх асуудал ч босож ирсэн. Тэр үүнд тайлбар өгч, худалдан авах ажиллагаанд оролцоогүй агаад энэ нь хууль дүрмийн дагуу явагдсан гэдгийг баримттайгаар дэлгэн харуулсан байна. 

Өнөөдөр эрүүл мэндийн салбарын хөгжил эрхзүйн бүрхэг орчинд хавчигдаж байгаа нь дэгс бус. Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх зарим байгууллага дураараа дургиж, дуугүй ноомойг далимдуулан үнийг хөөсрүүлж буй. Бүх зүйлд өрнөх ёстой зөв зам гэж бий. Гэтэл тэр замыг нь бул хар чулуу таглачхаад тойрч гарах гэж төөрч байна. Ийм л учраас салбар, салбарын хүмүүс төр түшилцэхээс өөр аргагүй юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *