Сэрэмжүүлэг: Маргаашаас ихэнх нутгаар эрс хүйтэрнэ, хүчтэй шуурна
Цаг уур орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдийн цаг агаарын гаймшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна. Өнөөдөр Баян-Өлгийн нутаг, маргааш өдөр Говь-Алтайн нутаг, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Маргааш өдөр Баян-Өлгийн хойд, Увсын зүүн, Завханы хойд болон зүүн хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтэрч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж, хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
21-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурна. Салхи 21-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр, 22, 23-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар эрс хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -13…-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -8…-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8…-13 градус, өдөртөө 0…-5 градус, бусад нутгаар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -4…-9 градус хүйтэн байна.