УИХ-ын сонгуулиар “дайн”, “геополитик” ярьж буй нэр дэвшигчид

0

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 10-26 хүртэл үргэлжилж, нам эвсэл, нэр дэвшигчид сонгогчдод мөрийн хөтөлбөрөө танилцуулна. 

Сонгогчидтой уулзах үеэр нэр дэвшигчид дайн болон геополитик гэх үгийг хэрхэн ашиглаж суртал ухуулга хийж байгаа талаар мэдээлэл хүргэж байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төвийн бүсийн сонгогчидтой уулзах үеэр “Өмнөх сонгуулиуд энхийн цагт болдог байсан. Энэ удаагийн сонгууль ОХУ дайнтай, цар тахлын дараах, Газын зурвас гэсэн олон газар дайн байлдаантай цаг үед болж буйгаараа онцлогтой. 

Ийм ч утгаараа энэ удаагийн сонгуулийг зөвхөн Монгол улсын хил дотор болж байгаа гэж бодож болохгүй. Улс, хил дамнасан технологийн маш томоохон нөхцөл байдал, дэлхийн хүчтэй гүрнүүдийн сөргөлдөөний талбар болсон томоохон улс төрийн нөхцөл байдлын дунд болж байна. 

Том гүрнүүдийн сөргөлдөөний дунд хөгжиж буй улс орнууд хүнд хэцүү нөхцөл байдалд орсон байдгийг дэлхийн түүх нотолдог. Дэлхийн нэгдүгээр дайны үеэс эхэлсэн энэхүү нөхцөл байдал хоёрдугаар дайн дуусах үед бидний мэдэх Герман, Солонгос улс дундуураа хоёр хуваагдсан. 

Тийм ч учраас дэлхий дахинд маш том хэмжээний өөрчлөлт авч ирэх улс төрийн сонгуулийн өмнө ирлээ. Энэ жил дэлхийн 62 улсад улс төрийн сонгууль болж байна.

Энэхүү 62 улсын сонгуулийн дараа дэлхийн газрын зураг өөрчлөгдөх хэмжээний нөхцөл байдал үүсэж болзошгүй гэдгийг олон улсын судлаач нар анхааруулсан.

Өмнөх сонгуульд МАН ялахын төлөө ордог байсан. Энэ удаад МАН ялагдах ямар ч эрхгүй гэдэг утгаар сонгуульд орж байна” хэмээн ярьжээ.

Мөн ерөнхийлөгч асан Х.Баттулга Булган аймгийн сонгогчидтой уулзах үеэр “Өнөөдөр дэлхий дахины байдал ямар байгааг хэнээр ч хэлүүлэхгүй мэдэж байгаа байх. Хойд хөрш дайн, дажинтай байна.

Урд хөрш эдийн засгийн талаараа дэлхийн том гүрнүүдтэй байлдаад эхэлсэн. Бид хаана нь хэнтэй яаж оролцох юм бэ гэдэг түүхэн сонголт давхар явж байгаа шүү” гэжээ.

Түүнчлэн шадар сайд С.Амарсайхан өнөөдөр бөхчүүдэд цол олгох үеэр “М.Бадарч панангин хэрэглэсэн гэж хүн итгэхийн аргагүй сонин юм ярьж үндэсний өв соёлоо сулруулж болохгүй. 

Ялангуяа олон улсад геополитикийн асуудал хурцадмал байгаа. Томоохон улс орнуудын геостратегийн байр суурь ойлгомжгүй, тодорхойгүй огцом өөрчлөгдөж байна.  Дэлхий ертөнцөд энх тайван, аюулгүй байдал эрсдэлтэй бөгөөд тогтворгүй байгаа. 

Цаашилбал хөгжингүй улс орнууд мэдээлэл технологи, хиймэл оюун ухаан, биотехнологи, амьтны болон байгалийн гаралтай вирусийн хувьсал гээд асар олон эрсдэл монголчуудын өмнө байгаа. 

Энэ цаг үед монгол түмэн цаашид хэрхэн оршин тогтнох вэ гэх асуулт монгол хүн бүрийн оюун санаа зүрх сэтгэлийг тогшиж байна” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *