“Офицер” хорооллын газрын маргаанаас болж 120 айл байрандаа орж чадалгүй таван сар болжээ
Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд Амгалан төрөх эмнэлгийн чанх урд 3,050 айлын 29 блок, 16 давхар баригдаж буй “Офицер” хорооллын захиалагч нар өнөөдөр “Үндэсний Мэдээллийн Төв”-д мэдээлэл хийлээ.
Тус хороолол 2021 оны нэгдүгээр улирлаас захиалга авч, 2022 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орохоор төлөвлөсөн ч одоог хүртэл байрандаа орж чадахгүй байгаа юм. Эхний байраа ашиглалтад оруулсан боловч 120 айлын захиалагчтай байрыг нь улсын комисс хүлээж авахгүй байгаа аж.
Хохирогчдын төлөөлөл:
–“Энэ хорооллыг “Таун констракшн” барьсан. Бидний ойлгосноор компани болон газар өмчлөгч иргэнийн маргаанаас болоод нэг хүний гарын үсэг дутуу учраас улсын комисс хүлээж авахгүй байна. Үүнээс болж 120 айл, өрх байрандаа орж чадалгүй таван сарын нүүр үзлээ. Аргаа бараад энэ асуудлаар иргэд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригтой уулзсан.
П.Сайнзориг дарга өнгөрсөн бямба гаригт үүрэг өгсөн ч ямар нэг арга хэмжээ аваагүй. Шаардлагатай бол “Нөхөрлөл” төрийн бус байгууллагыг татан буулгах талаар ч ярьсан.
Уг нь бидний ойлгож буйгаар ямар ч маргаангүй газар орон сууц барих ёстой. Энэ байрнаас хэд хэдэн байр барихаар барилгын ажил нь явагдаж байгаа. Улсын комисс хүлээж авахгүй бол цаашлаад 1,000 гаруй өрх хохирох эрсдэл бий. Барилга нь бэлэн болсон хэрнээ айлаа оруулахгүй байгаад гомдолтой байна. Аргаа бараад хэвлэлийнхэнд хандлаа” гэв.