С.Төмөрдулам: Нийслэлийн хэмжээнд барьж байгаа барилгуудад урьдчилсан үзлэг, шалгалт хийнэ
Нийслэлийн нутаг дэвсгэр дэх барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнийг энэ сарын 21-нд зохион байгуулах гэж буй. Энэ хүрээнд барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлын талаар Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдуламаас тодрууллаа.
-Барилга байгууламжийг ашиглалтад оруулах явц хэрхэн өрнөдөг вэ?
-Монгол Улсын хэмжээнд барилга барьж эхлэхээс ашиглалтад өгөх хүртэлх хугацаанд нийт 33 хууль, 26 дүрэм, 86 стандарт мөрдөгдөж байна. Ашиглалтад оруулах тухайд Засгийн газрын тогтоолын дагуу дүрэм баталсан байдаг. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 16 байгууллагын 16-18 хүний бүрэлдэхүүнтэй комисс барилга байгууламж дээр ажилладаг.
Аливаа барилга байгууламжийг ашиглалтад оруулахын тулд эхлээд хувь хүн, байгууллага, төрийн байгууллага мэдээж хүсэлт гаргах ёстой. Энэ хүсэлтээс гадна барилгын ажлыг эхлүүлсэн зөвшөөрөл, захиалагчийн дүгнэлт, зохиогчийн дүгнэлт гэсэн бичиг баримтыг эхний ээлжинд авч үзээд, үүнийхээ дагуу газар дээр нь очиж судалдаг. Ингэхдээ барилгын ажил дууссан байна уу, ямар шатандаа явж байна вэ гэдгийг судлаад төлөвлөгөө, хуваариа гарган батлуулаад энэ дагуу ажиллана.
Комиссын бүрэлдэхүүнд 16 байгууллагын 18 хүний төлөөлөл багтдаг тул мэдэгдэл хүргүүлэх, төлөвлөсөн хугацаанд газар дээр нь цуглуулах зэрэг зохион байгуулалтын ажлыг мөн хийдэг.
Барилга байгууламж дээр очсон комиссын бүрэлдэхүүнд байгаа мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл өөрсдийн чиг үүргийн дагуу баримт бичгүүдтэй танилцана, биет үзлэг хийнэ. Ингэсний дүнд Засгийн газраас баталсан дүрмийн дагуу санал хурааж барилга ашиглалтад оруулах, эсэхийг шийддэг. Дүгнэлт гаргасны дараа шаардлагатай тохиолдолд ажлын 14 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэг даалгавар өгдөг. Өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн бол гарын үсгээр баталгаажуулаад Хотын стандарт, хяналтын газраас акт дүгнэлт гаргадаг.
-Энэ явцад ямар бэрхшээлүүд тулгардаг вэ, барилга ашиглалтад оруулахдаа юуг анхаарах ёстой вэ?
-Хамгийн түрүүнд бичиг баримтын бүрдүүлэлт муу байдаг. Энэ тал дээр хангалтгүй байх тохиолдол олон. Тэр дундаа зохиогч болон захиалагчийн дүгнэлтийг буруу бичдэг. Гэтэл зохиогч, захиалагч, гүйцэтгэгч гурав хяналтаа тавьж, шалгалтаа хийгээд дүгнэлтээ гаргаснаар барилга чанартай байна уу, стандартын шаардлага хангасан уу гэдэг нь тодорхойлогддог, маш чухал үзүүлэлт. Үүн дээр алдаа гаргах нь түгээмэл байдаг. Бид тэр дүгнэлтийн дагуу газар дээр нь биет үзлэг хийгээд алдаа гаргасан бол засуулна, стандартад нийцүүлнэ.
Үүнээс гадна түгээмэл гардаг нэг зөрчил нь батлагдсан зураг төслийнхөө хүрээнд барилгын ажил, гүйцэтгэлээ хийхгүй байх. Тухайлбал, зураг төслийнхөө дагуу авто машины зогсоолоо баталчихдаг, гэхдээ дараа нь хэмжээг нь багасгачихдаг тохиолдол байна. Ингэхээр галын аюулгүй байдлыг хангах, гамшгаас урьдчилан сэргийлэх тал дээр хүндрэл учирна. Түргэн тусламжийн машин зогсох боломжгүй болно. Тиймээс бид энэ зураг төслийн талаас нэлээд зөрчил, алдаа дутагдлыг арилгуулдаг, засуулдаг гэж хэлж болно.
-Тэгэхээр зураг төслийн дагуу барилгаа барьж байгаа, эсэх нь маш чухал байх нь?
-Тийм. Төрийн байгууллагын буюу хөндлөнгийн хяналтаас гадна Барилгын тухай хуулийн дагуу шат шатандаа оролцогч талууд бүгд хяналт тавих үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, энэ нь зохиогч, захиалагч, гүйцэтгэгч, хөрөнгө оруулагч, эрх бүхий байгууллагууд гээд бүгдэд хамаатай.
Зохиогчийн хяналтыг хэрэгжүүлээгүйгээс асуудал гарвал хэн хариуцах вэ? Эсвэл барилга байшингийн нэг давхрыг өөрчлөөд хана туургыг нь нурааснаар эрсдэл учирвал яах вэ? Барилгын чанар, аюулгүй байдал гэдэг хүний амь нас, эрүүл мэндэд хамаатай маш чухал асуудал шүү дээ.
-“Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна. Энэ зөвлөгөөний ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?
-Барилгын зохиогч нь хэн бэ, захиалагч ямар үүрэгтэй вэ, гүйцэтгэгч компаниуд юуг анхаарах ёстой вэ гээд барилгын чанар, аюулгүй байдлын стандарттай холбоотой асуудлуудыг үүрэг хариуцлагаар нь ялгасан маш тодорхой мэдээллийг бид өгөх юм. Энэ талаар нэгдсэн ойлголттой болоод, хариуцлагыг хаа хаанаа хүлээж ажиллах нь зөвлөгөөнд оролцогч байгууллагууд, иргэдийн хувьд ач холбогдолтой, чухал сэдэв болно гэж харж байна.
-Төрийн хяналт шалгалтын тухай хууль шинэчлэгдсэн. Үүнтэй холбоотойгоор барилга байгууламжийг ашиглалтад оруулах тал дээр ямар өөрчлөлт гарсан бэ?
-Өнгөрсөн онд Төрийн хяналт шалгалтын тухай хууль шинэчлэгдсэн. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд барилгын аюулгүй байдал, барилга угсралт талаасаа төлөвлөгөөт шалгалт, төлөвлөгөөт бус шалгалт, гүйцэтгэлийн шалгалт гэсэн ангиллууд байсан. Харин хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу урьдчилсан хяналт шалгалтыг хийж болно гэж заасан.
Тэгэхээр одоо нийслэлд баригдаж байгаа барилга байгууламжийн барилга угсралт, зураг төсөл, материал, хийцийн талаасаа стандартад нийцэж байна уу гэдгийг мэргэжлийн байцаагч нар, инженерүүд урьдчилсан байдлаар хянах боломжтой болж байгаа юм. Нийслэлийн хэмжээнд энэ жил баригдаж байгаа 669 барилга дээр барилга, дэд бүтцийн улсын мэргэжлийн байцаагч нар урьдчилсан үзлэг, шалгалт хийнэ.
Ингэхдээ хяналт, шалгалт гэхээс илүү зааварчилгаа өгөх, зөвлөн тусалж ажиллана. Барилга ашиглалтад орсны дараа иргэдийн аюулгүй байдлаас гадна барилгын гүйцэтгэлийн явцад тэнд ажиллаж байгаа хүмүүсийн ч аюулгүй байдал чухал. Тиймээс Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрын хөдөлмөрийн хяналтын мэргэжилтнүүдтэй хамтраад аюулгүй байдлыг хангаж ажиллахад тусална.
-Тусалж, зөвлөгөө өгч ажиллана гэж та онцоллоо. Энэ талаар тодруулбал?
-Улаанбаатар хотод баригдаж байгаа энэ бүх барилгын бүтээн байгуулалт, угсралтын явцад чанар, стандартыг хангуулах тал дээр нэн тэргүүнд зөвлөн, зааварчилгаа өгч ажиллана. Тухайлбал, барилгын талбайн хашааг стандартын дагуу цэгцлэх, шинэчлэх, тороо татах гээд зөвлөөд явах юм. Мэдээж, алдаа зөрчил байвал хэрхэн арилгах, ямар арга хэмжээ авахыг хэлж өгнө, үүн дээр мөн хугацаа зааж өгнө. Алдаа, зөрчлөө заасан хугацаанд нь засаагүй, арилгаагүй бол хууль журмын дагуу хариуцлага тооцох асуудал яригдах юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС