Шинэ өглөө шиг гишүүн байлаа, Х.Ганхуяг аа!

0

Өөрчлөлт хийхийн төлөө өөрөө эрсдэлд орохоос айдаггүй улстөрч Монголын парламентад хэрэгтэй-

УИХ-ын гишүүн байна гэдэг том итгэл. Гэтэл тэр итгэлийг олж аваад зарим нэг баяр ёслолоос бусад үед үзэгдэхгүй, сонгууль дөхөхөөр л нэг мартагдсан царайтай нөхөр яваад очдог нь бий. Тэгвэл дөрвөн жилийн турш, бараг өдөр бүр сонгогчдод амласнаа биелүүлж, хууль тогтоомж баталж, биелэлтийнх нь араас хөөцөлдөж явдаг цөөхөн гишүүний нэг бол Хассуурийн Ганхуяг. Тэр анх парламентад нэр дэвшихдээ бизнесмэний дүр төрхөөр ирж байсан болохоор сонгогчид байдаг л нэгэн гэж төсөөлж байсан ч “ангидаа орсон” эхний өдрөөс л “хашгирч” эхэлсэн.
Хамгийн эхний хатуу даваа нь Банкны тухай хууль байлаа. Мөн ч айхтар өс хонзон араасаа дагуулсан. Одоо ч дуусаагүй байна. Банкны салбарын монополийг задлах, банк банкнаас өөр бизнес эрхэлдэггүй байх, нэг хувьцаа эзэмшигч нь 20-иос илүү хувь эзэмшиж болохгүй гэсэн хатуу хязгаарлалтуудаас болж банкны эзэд, улстөрчидтэй хүч хавсран түүнийг “Нүүрсний хулгайч”, “Яллагдагч” болгох гэж урт удаан хугацаанд “тамлав”. Яаж ч бодсон 90 гаруй тэрбум төгрөгийн барьцаа тавиад 30 орчим тэрбум төгрөгийн төслийн зээл авна гэдэг бизнест байдаг л зүйл боловч томоохон банкуудын эзэд, тэдний “гар хөлүүд” нотлох баримтгүй байсан ч нийгэмд харлуулах ажилдаа улайрсаар эцсийн бүлэгт Шүүхээс түүнийг цагаатгаж үнэн яллаа.

Үүний дараа буюу өнөөдрийн өдрүүдэд ч Монголын гадна томилолтоор ажиллуулах хооронд дээрх заалтуудыг хэвээр үлдээх ямар нэг өөрчлөлт хийхээр санаархаж элдэв хуйвалдаан сэдсээр байна. Учир нь хуульд заасан хугацаа дуусч нэг ёсондоо арилжааны банкууд “хуульгүй”-гээр үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Төв банк ажлаа хийхнүй байгаагаас болж хамгийн том нөлөө бүхий ТОП 5 банк олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох ажил хойшилсоор байна. Энэ өөрчлөлтийг хийж хуулийг хэрэгжүүлэхгүй бол зээлийн хүү буурах тухай ААН-үүд ч, иргэд ч мөрөөдөөд ч нэмэргүй. Зээл олдохгүй, зээл авлаа гэхэд тухайн банкныхаа үйл ажиллагаанд хяналт тавих ямар ч эрхгүй “боолчлогдох” ийм л системийг тэд задалчих вий, хэдүүлхнээ хяналтгүй олдог ашиг орлого нь гэхээс үхтлээ айгаад байгаа хэрэг.
Гэсэн ч Х.Ганхуяг нарын санаачилж батлуулсан хууль хэвээрээ үйлчилж банкны эздийн эрх ашиг, ноёрхол хязгаар, хориглолт бүхий хуулийн хаалгыг мөргөөд зогссон. Харин Х.Ганхуяггүй парламентад тэд Банкны тухай хуулийг хэрхэн өөрчилж сийчихийг таашгүй.

Гоё зүйлс ар араасаа болж Зөвшөөрлийн тухай хуулийг баталсан. Төрөөс олгодог байсан 1600 гаруй зөвшөөрлийг 248-хан болтол буурууллаа. Зөвшөөрөл бол бизнес эрхлэхэд иргэд, ААН-д учирдаг том зовлон, хүнд суртал авлигын эх үүсвэр, цаг хугацааны “дайсан” болоод байв. Зөвшөөрлийн тухай хуулийг баталснаар энгийн зөвшөөрлийг цахимаар хүсэлтээ илгээгээд өдөртөө авчихдаг боллоо. Хүнсний дэлгүүр, зоогийн газар, кофе шоп, зочид буудал зэрэг 70 гаруй үйлчилгээний байгууллагыг эрхлэхдээ иргэд зөвшөөрөл хүсэж олон хоног хүлээхгүй, зөвшөөрлөө гаргуулахын тулд авлига өгөх шаардлагагүй болсон. Мөн зөвшөөрөл олгогчид хуульд заасан хоногт хариуг нь өгөхгүй ширээнийхээ нүд рүү шидчихээд гуйлгаж суух эрхгүй болсон юм. Түүнчлэн Зөвшөөрлийн тухай хуулиар эрх бүхий албан тушаалтан дур зоргоороо зөвшөөрөл нэмэхийг бүрэн хориглов!
Яах аргагүй бизнесмэн хүний нүдээр төрд ороод хийнэ гэж бодож байсан эхний том төлөвлөгөөнүүдийн нэг мөн байх. Ийм зүйлийг ямар ч бэрхшээлийг туулаад өөрчилж чаддаг бол парламентад хэчнээн ч бизнесмэнийг оруулсан яах вэ дээ. Бизнес эрхлэгчдэд, эдийн засагт тустай, цаашилбал авлигад дайсагнаж, жинхэнэ “цохыг нь олж буудсан” хууль энэ байлаа.

Аялал жуулчлалын тухай хууль өнгөрсөн оны өдийд батлагдсан. “Хуучин” гишүүд жуулчдыг “сэгсрэх” тухай ярьж олон түмний доог болж байсан бол шинээр сонгогдсон гишүүд энэ асуудалд маш судалгаатай, ул суурьтай хандаж эдийн засгийн өндөр үр ашиг авчрах хууль баталсныг энд онцлох нь зүйтэй байх. Энэ хууль батлагдсанаар зөвхөн 2023 онд 650 мянга гаруй жуулчин ирж улсын төсөвт 5 ир наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Дотоод гадаад нислэгийн тийзний үнийг бууруулж чадлаа. Долоохон чиглэлд нислэг үйлддэг байсан үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани маань 45 орон руу нислэг үйлдэхээр хэлэлцээрүүд хийгдэж эхэлээ. Энэ бол өнгөрсөн 23 жилийн хугацаанд ярьсаар ирсэн бүхнийг ажил хэрэг болгож, хуулийн заалтаар гацаагаад байсан “гох, дэгээнүүд”-ийг олж мулталж чадсанаар иргэддээ, нислэгийн компаниудад, гаднаас ирэх жуулчдад тал талын боломжуудыг нээсэн хууль болж чадсаных. Мөн энэ хуулийн үйлчлэлээр жуулчдын худалдан авалтад НӨАТ олгодог болж, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулсан олон зохицуулалтыг хийснийг гадаадад аялж буй иргэд маань ч, гаднаас ирэх жуулчид маань ч сайшаан ярих боллоо. Энэ бол сүүлийн 20 гаруй жилд аялал жуулчлалын салбарт гараагүй эрх зүйн том өөрчлөлт болж чадсан.

Х.Ганхуяг гишүүний “имиж”-ийг тодорхойлдог нэг хууль бол Боловсролын багц хууль. Залуу хүнийхээ хувьд ч, барууны боловсролтой улстөрч, бизнесмэний хувьд ч тэр англи хэлийг, дээд боловсролыг эрхэмлэгч имижтэй. Маш бахархмаар. Залуус түүний энэ чанартай дуртай, хайртай, хүндэлж бахархдагийг сонгогч та ч мэдэрсэн байх.

Тэд “Х.Ганхуяг гишүүнийг харахаараа аль намынх гэдгийг нь ч мартчихдаг. Боловсролын тухай, ирээдүйг харсан яриа, бизнесийн орчны тухай бухимдалтай мөртлөө гарц гаргалгаатай ярилцлагууд, хамгийн гоё нь сагсны тухай, 3X3 UB клубын амжилтын тухай л бодлууд орж ирдэг” гэцгээдэг юм билээ.

Үнэхээр ч Боловсролын багц хууль батлагдсаны дотор англи хэлийг сургалтын үндсэн гадаад хэл байхаар хуульчилсан нь түүхэнд алтан үсгээр бичихээр хамгийн сайхан үйл явдал яах аргагүй мөн. Монгол хүүхдүүд ЕБС-ийн 3-р ангиас эхлэн англи хэд заалгана, тэгш эрхтэйгээр суралцаж чанартай боловсрол эзэмшинэ. Багш сурагчид хамтдаа хөгжинө. Энэ хуулиар багш нарын нийгмийн асуудалд онцгой анхаарсан бөгөөд 15 жил тасралтгүй ажилласан багшийн нэг хүүхдийг эрэлттэй мэргэжлээр үнэ төлбөргүй сургах болсон нь эрдмээс эрдмийг түгээх ариун зам мөрийн логиктой урам сэргээх нийгмийн асуудал яах аргагүй мөн. Тиймээс ч БШУ-ны сайд нь “бүх талын оролцоог хангах зөв концепц боловсруулсан”-ыг нь онцлон үнэлж Монгол Улсад нүүрлээд байгаа ажилгүйдэл, ядуурлын суурь нөхцлийг “эмчлэх” дээд боловсрол, мэргэжлийн боловсролын тогтолцоог утгаар нь хөгжүүлж чадах “онош”-ийг хуульдаа тусгасанд нь талархсан байна билээ.

УИХ-ын гишүүд хууль батлахаас гадна аливаа тогтоол, тогтоомжид хуульд ханддагийн адил няхуур нухацтай хандах нь эдүгээ ховордоод байгаа чанаруудын нэг юм. Харин Х.Ганхуяг гишүүн энэ тал дээр маш хянуур байж үнэ цэнэтэй саналуудыг гаргаж ирдэг, тусгуулж батлуулдаг нь асуудал бүр дээр харагддаг. Түүний өнгөрсөн дөрвөн жилийн туршид оролцож батлуулсан, боловсруулсан хууль, тогтоолын төслүүдээс харахад тэрбээр эдийн засгийг сайжруулах чиглэлээр дорвитой, бүр “маш дорвитой” ажлуудыг хийжээ. Тэр цаашид Монголын парламентад байх зайлшгүй шаардлагатай улстөрчдийн нэг байж чадлаа. Түүн шиг эхэлснээ дуусгадаг, амласнаа биелүүлдэг, өөрчлөлт хийхийн төлөө өөрөө ямар ч эрсдэлд орохоос айдаггүй улстөрч Монголын парламентад хэрэгтэй байна.

Х.Ганхуягийг Монголын улс төрд урт удаан хугацаанд байлгаж, өөрчлүүлэх зүйл ч олон байгаа юм. Барьцаалагдсан мэт харилцаатай, олон жилийн турш бие биедээ найр тавьсан улс төр, бизнесийн бүлэглэлүүд өнөөдөр биднийг өндөр зээлийн хүүтэй, хөгжиж чадахгүй бизнестэй, өдөр хоногийг өнгөрөөж, нийгэмд шударга ёс байгаа эсэхэд эргэлздэг, ирээдүйд үл итгэдэг болгочихоод байна. Унтарчих шахаад байгаа цучлыг асааж, уугиад байгаа утаа мананг цэлмүүлж маргаашдаа итгэлтэй сайн сайхан нийгэмд, аз жаргалтай амьдрахын тулд залуу, зоригтой, бизнесмэн гишүүн Х.Ганхуягийг дэмжиж түүнийг Монголын улс төрд урт удаан хугацаанд үр дүнтэй ажиллаасай гэж хүсч байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *