Г.Сайханбаяр улстөрийн аллагад гүтгэж байгааг эсэргүүцэж, сурталчилгаагаа үргэлжлүүлэхээр болжээ

0

Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын намын дарга, иргэн Б нь бусдын гарт амь насаа алдсан хэрэгтэй холбогдуулан АН-аас хэргийг улстөрийн захиалгат аллага байсан хэмээн сонгуулийн сурталчилгаандаа ашиглах болсонтой холбогдуулан УИХ-ын 1-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаяр албан ёсоор байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр “Юуны өмнө Өвөрхангай аймгийн Сант суманд 2024.06.15-16-нд шилжих шөнө эрдэнэт хүний амь нас эрсэдсэн явдалд талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмэгнэл илэрхийлж байна” хэмээгээд “Би Монгол цэрэг, эцэг хүн, эр хүнийхээ хувьд туйлын их харамсаж байна.

Би улстөрийн ёс зүйг баримталж, монгол хүний жудгийг баримталж сонгуулийн сурталчилгаагаа зогсоогоод байсан. Гэтэл АН-ын дарга Л.Гантөмөр, нэр дэвшигч С.Ганбаатар нар намайг улстөрийн захиалгат аллагад ичгүүр сонжуургүйгээр гүтгэж байна. Онц ноцтой гэмт хэрэгт гүтгэлээ. Энэ их уй гашууг улстөрийн өчүүхэн зорилгод ашиглаж байгаа ёс жудаггүй үйлдлээ нэн даруй зогсоохыг монгол хүний ёсоор шаардаж байна. 

Би С.Ганбаатар, Л.Гантөмөр нартай улстөрийн захиалгат аллагад гүтгэсэн асуудлаар олон түмний өмнө нүүр тулан уулзахад бэлэн байна. 

Эцэст нь энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшин оролцож байгаа нийт нэр дэвшигчиддээ ёс зүйтэй шударгаар өрсөлдөхийг уриалж байна” хэмээн мэдэгдэл хийлээ.

УИХ-ын сонгуулийн I тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаяр нь хэрэгт холбогдсон О-г танихгүй бөгөөд улстөрийн аллагад гүтгэж байгааг эсэргүүцэж сурталчилгаагаа үргэлжлүүлэх сонголт хийснээ мэдэгдсэн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *