Үгийн гарвалзүй
Төв Азийн үе үеийн нүүдэлчдийн уугуул нутагт өнөөдөр монгол хэлтнүүд оршин сууж байна. Маш олон янз аялгатай энэ хэлийг овог дотроо ганцаараа бие даасан хэл гэж ихэнх судлаачид үздэг. XIII зуунд монгол хэлний зүүн аялга давамгайлж байж, учир нь нүүдэллэн явдаг хаад зүүн талдаа байрладаг байсан байна. Энэ үед буюу түүнээс арай эрт монгол бичгийн хэл үүссэн учир аяндаа зүүн аялга давамгайлах болжээ. ХХ зууныг хүртэл монголчууд олон аялгаар ярьдаг байсан боловч уйгараас авсан босоо бичигтээ захирагдан үндсэндээ нийтлэг нэг хэлтэй байлаа. 1930-аад оны үед СССР дэх Буриад Монголд хорь буриад аялгад захируулсан кирилл үсгийг, Халимагт халимаг-торгууд аялгад түшиглэсэн кирилл үсгийг нэвтрүүлснээр цоо шинэ салбар хэл үүсэх хандлага буй болжээ. Монгол улс II дайны дараагаас халх аялгад түшиглэсэн кирилл үсэг нэвтрүүлснээр өөрөөсөө олон монголчуудтай Хятадын өвөрлөгч монголчуудаас мөн аажмаар ялгагдаж эхэлжээ.
ҮГИЙН ГАРВАЛЗҮЙ
ХЭЛ БА ХЭЛНИЙ БҮЛЭГЛЭЛ
Хүний хэл яриа хэзээ үүссэнийг хэн ч мэдэхгүй. Янз янзын онол бий ч алин ч батлагдах боломжгүй. Санал нэгдсэн тодорхойлолт нь бол бий: Хүний хэл бол харилцааны явцад бусад хүний санаа бодлыг хуваалцах чадвар. Хүний ярьдаг чадвар 7-р хромосом дээр гарч ирсэн FOXP2 гэсэн мутацлагдсан гений үр дүн гэсэн нээлтийг саяхан генетикчид олсон[1]. Гэхдээ энэ ген шимпанзе болон хомо сапиэнсээс амнах хүн дүрстнүүдэд байдаггүй гэнэ.
Хүмүүс ярьж сураад эхэндээ нүдэнд харагдах ойр орчмын юмаа л нэрлэдэг байсан байх. Уул ус, тэнгэр, газар, гол ус, нэг хоёр гурав, аав ээж, хоол гэх нэрс, эсвэл унтах сэрэх, идэх уух, баах шээх гэх мэтийн үйл үгс. Дэлхийн бараг бүх хэлэнд “би” гэх үг “м” авиагаар (манай, миний), “чи” гэх төлөөний нэр “т” авиагаар эхэлдэг (танай, та) гэх. Мөн “ээж” гэхийг “ма”, ”мама” (мээм) гэдэг гэнэ. Эндээс бүх хэл анхлан нэг газарт үүсч цааш хувилсаар өргөжсөн гэх онол-таамаглал ч бий. 40 мянган жилийн өмнө ухаант хүн Африкаас нүүдэллэн Синайн хойгоор дамжин бусад тив рүү тархсан ба тэдний тоо дөнгөж 10-20 мянга байсан гэдэг. Энэ үнэн бол ийм цөөн хүмүүс нэг төрлийн хэлээр ярьдаг (ойр зуурын юмсыг адилхан нэрлэдэг) байсан байж болох юм.
Хэл бол байгалийн болон зохиомлоор бүтээгдсэн, ойлголтын агуулга, ердийн дуу авиа уялдуулдаг нарийн төвөгтэй дохионы систем юм. Хэлний гарал үүслийн талаар хэд хэдэн таамаглал байдаг боловч гарал үүслийн ба бидний цаг үеийн хооронд асар их зай байгаа тул тэдгээрийн аль нь ч баримтаар батлагдаагүй байна. Хэлний гарал үүслийн үйл явцыг туршилтаар ажиглаж, хуулбарлах боломжгүй тул энэ нь таамаглал хэвээр байна.
Дэлхий дээр яаж ийм олон янз хэл үүссэнийг хүмүүс эртнээс сонирхож ирсэн. Зарим эрдэмтэд тэд бүгд нийтлэг үндэстэй гэж үздэг бөгөөд энэ нь өвөг-дэлхийн хэлний ялгааны гинжин хэлхээний үр дүнд олон хэл бий болсон гэж үздэг. Гэтэл зарим эрдэмтэд, эхэндээ хэл үүсэх хэд хэдэн бие даасан төвүүд байсан гэж мэтэгдэг.
Хэл шинжлээчдийн үзэж байгаагаар хэлний нэгдэл 5-10 мянган жилийн өмнө задарч, хэлнүүд тодорхой хэлний овгуудад хуваагдсан гэдэг. Ийнхүү Энэтхэг–европ овгийн, Хятад-төвд овгийн, Хамит-сэмит овгийн, Алтай овгийн, Угро-фин овгийн гэх мэт өвөр дотроо нэг гарвалтай боловч овог хоорондын уялдаа багатай олон хэл бий болжээ.
Хэлний, ялангуяа үгийн гарвалыг хүмүүс нэн эртнээс сонирхож эхэлжээ. Энэ талаар Эртний Герегт ажиглаж судалж тамаглал дэвшүүлж байсан баримт цөөнгүй бий. Юмыг яаж нэрэлсэн нь цаад зүйлийн шинж чанарыг илэрхийлдэг гэж Хэраклит таамаг дэвшүүлж байсан бол, юмны цаад шинж чанарт тохируулан хүн юу гэж нэрлэхээ өөрөө сонгодог гэж Платон “Кратил” зохиолдоо бичиж байв[2]. Хэдийгээр эртний эдгээр таамаглал дүгнэлтүүд өнөөгийн өндөрлөгөөс харахад нэн гэнэн байсан авч, юутай ч үгийн гарвал сонирхох судлах эхний үүд хаалгыг нээсэн юм. Иймээс ч энэ төрлийн судалгааг нэрлэх этимолог (ἐτυμολογία,ἔτυμον- «үнэн, үгийн үндсэн утга», λόγος – сургаал, судлал) гэсэн нэршил герег хэлнээс үүсчээ.
Европчуудын ярьдаг хэлнүүд бараг бүгд Эртний Энэтхэгийн санскрит хэлнээс эх сурвалжтай юм байна гэдгийг XIX зууны эхээр Вилъям Жонсон олсноор зөвхөн хэл судлалд төдийгүй хүний нүүдлийн талаарх түүхийн том нээлт болсон аж[3]. Европчууд хэзээ нэг цагт Химлайн нуруунаас Европт нүүж ирсэн юм байна! Ингэж үгийн гарвалзүй судалгааны бүхэл бүтэн бие даасан шинжлэх ухааны салбар бий болжээ.
АЛТАЙ ОВГИЙНХОН
Алтай овгийн хэлэнд түрэг хэлтнүүд, монгол хэлтнүүд, тунгус-манж хэлтнүүд гэсэн бүлэг хэлнүүд багтдаг ба зарим судлаачид үүнд солонгос хэл, япон-рюкю хэлийг нэмж тодорхойлдог. Урьд Алтай-Ураал хэлний овог гээд одоогийн угоро-фин хэлтнүүдтэй хавсран нэг овог гэж байсан боловч аяндаа үүнийг нийтээр үл зөвшөөрөн тусад нь салгаж ойлгох болсон. Алтай овгийн хэлтнүүд Зүүн хойд Ази, Төв Ази, Анатоли, Дорнод Еврод гэсэн уудам газар нутагт байдаг. Алтай язгуурын хэлээр Сибирийн ихэнх үндсэн оршин суугчид болон Төв Азийн ихэнх хүмүүс ярьдаг ба хэлэлцэгсэдийн тоо 180-200 орчим сая хүн (солонгос, япон хэлийг тооцохгүйгээр) аж.
Сүүлийн үед митохондрын ДНХ-аар дамжуулан хүний нүүдэл, үндэстэн угсаатны гарал, холбоог тогтоох болжээ. Одоогоос 40 мянган жилийн өмнө Африкаас гарч Синайн хойгоор дамжин дэлхийн өнцөг булан бүрт очин суурьшсан хомо сапиенс нь их нүүдэл хийхдээ ердөө арван мянгуулаа байсан[4] гэдэг. Хятадын Фуданы Их сургуулийн доктор Ли Хуй ази гаралтай хүмүүсийн митохондрын ДНХ-г судалж үзээд 30 мянга орчим жилийн өмнө монголоид хүмүүсийн өвөг дээдэс Зүүн Өмнөд Азид нүүдэллэн ирэхдээ генетикийн М89 кодын хэв шинжтэй байгаад генетик өөрчлөлт явагдаж М122 хэв шинжийг агуулах болжээ гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Тэд цааш гурван салаа болон умар тийш нүүдэллэж нэг хэсэг нь арван мянган жилийн хугацаанд М134 шинжийн генетик код агуулах болж Шар мөрөн (Huang He or Yellow River) хавьд ирсэн аж. Нэг хэсэг нь Хятадын зүүн далайн эргийг даган хойш нүүсээр хорин мянга орчим жилийн өмнө одоогийн Манжуур хавьд ирж суурьшсан нь Алтай язгуурын хүмүүсийн өвөг дээдэс, өөрөөр хэлбэл хожмын солонгос, хүннү, түрэг, монгол, манж хүмүүсийн дээдэс ажээ.[5]
2010 онд Орос, Монгол, Хятадын хилийн ойролцоо Алтайн нуруун дахь Денисовын агуйгаас олдсон булшинд буй шарилын митохондрын ДНХ-г судалж үзэхэд 41 мянган жилийн өмнө амьдарч байсан уг хүн нь хомо неандертал, хомо сапиенсын эрлийз болох нь тогтоогдсон[6]. Хомо сапиенсуудын үүсэл одоогийн төсөөлж байснаас хавьгүй өмнө, бүр 125 мянган жилийн тэртээгээс эхэлжээ гэсэн шинэ гаргалгаа эндээс буй болж байна. Юутай ч хүний нүүдэл анх хэзээ хаашаа, хэрхэн явагдсан нь одоо ч оньсого хэвээр.
Алтай овгийн хэлийг үндсэнд нь гурван бүлэг болгодог нь: тунгус (tungus), монгол, түрэг (turkic) болой. Тунгус овгийн хэлэнд солон, ород, үльч, эвэнк, манж зэрэг хэл багтах ба хэлэлцэгсэд нь өнөөгийн Хятадын зүүн хойд гурван муж болон Амар мөрний сав газар, Солонгосын хойгийн хойд хэсгээр нутаглаж байв. Зөвхөн ХVI зуунаас энэ овгийн хэл сэргэлтэнд орж бичиг үсэгтэй болсон нь манж нар хүчирхэгжин нийт Хятадыг эзлэн захирсантай холбоотой. Үүнээс өмнө ХI зууны үед тунгус овгийн зүрчид нар хүчирхэгжиж байсан авч Хойд Xятадыг эзлэн эзэнт улс байгуулахдаа хүний олонх хятадуудын соёлын бүрэн нөлөөнд байж, хэл нь онцгой үүрэг гүйцэтгэдэггүй байсан бололтой. Энэ овгийн хэл дотор хамгийн чухал нь болох манж хэл өдгөө бараг мөхжээ. Манж нар Хятадыг эзлэн Манж Чин династи байгуулж хоёр зуу гаруй жил оршихдоо том үндэстэнд бүрнээ ууссан юм. ХХ зууны төгсгөл гэхэд манж хэлээр ярьдаг маш өндөр настай зуу хүрэхгүй хүн үлдсэн[7] гэж Британника тольд өгүүлсэн байна. Гэвч өөрсдийгөө манж үндэстэн гэж тооцдог 10 сая орчим хүн гол төлөв Зүүн Хойд Хятадад амьдардаг. Тунгус овгийн арав гаруй хэлээр өдгөө ердөө 70 мянга хүрэхгүй хүн ярьдаг аж.
Түрэг овгийн хэлтнүүд нь өнөөгийн Баруун Монголоос Зүүн Өмнөд Европ хүртэл оршин суугчдыг хамардаг маш өргөн талбай хамарсан бүлэг юм. Хүннү нарын хэл түрэг овгийнх байсан гэж үзэх үзэл давамгайлдаг. Юутай ч IV зуунд Европыг түйвээж байсан Хүн (Huns) нар түрэг бүлгийн хэлээр ярьдаг байжээ.[8] Түрэг хэлтнүүд түүхэнд асар том эзэнт гүрнүүдийг байгуулж байжээ. Үүнд Уйгар, Хиргис (Kirgiz), Оттоман Түрэг гэх мэт. Түрэгүүд монгол овогтнуудын шахалтаас болж хэдэн зуун жилээр баруун тийш түрэгдсээр өрнө тал нь Хар тэнгис хүрч суурьшсан байна. Өнөөгийн БНТүрэг улс, Монгол улс хоёрын хооронд байгаа олон түрэг хэлтэн үндэстнүүдийг түрэгжсэн монголчууд уу, угаасаа түрэг юм уу гэдэг дээр хэл – угсаатан судлаачид нэгдсэн дүгнэлтэд хүрээгүй байна. Өвөг түрэг хэл нь түрэг ба чуваш (chuvash) гэж хоёр хуваагдсан, өдгөө чуваш нь бүлэгтээ өнчин, бусад нь түрэг бүлэгтээ багтдаг гэж үздэг.[9]
Төв Азийн үе үеийн нүүдэлчдийн уугуул нутагт өнөөдөр монгол хэлтнүүд оршин сууж байна. Маш олон янз аялгатай энэ хэлийг овог дотроо ганцаараа бие даасан хэл гэж ихэнх судлаачид үздэг. XIII зуунд монгол хэлний зүүн аялга давамгайлж байж, учир нь нүүдэллэн явдаг хаад зүүн талдаа байрладаг байсан байна. Энэ үед буюу түүнээс арай эрт монгол бичгийн хэл үүссэн учир аяндаа зүүн аялга давамгайлах болжээ. ХХ зууныг хүртэл монголчууд олон аялгаар ярьдаг байсан боловч уйгараас авсан босоо бичигтээ захирагдан үндсэндээ нийтлэг нэг хэлтэй байлаа. 1930-аад оны үед СССР дэх Буриад Монголд хорь буриад аялгад захируулсан кирилл үсгийг, Халимагт халимаг-торгууд аялгад түшиглэсэн кирилл үсгийг нэвтрүүлснээр цоо шинэ салбар хэл үүсэх хандлага буй болжээ. Монгол улс II дайны дараагаас халх аялгад түшиглэсэн кирилл үсэг нэвтрүүлснээр өөрөөсөө олон монголчуудтай Хятадын өвөрлөгч монголчуудаас мөн аажмаар ялгагдаж эхэлжээ.
АЛТАЙ ОВГИЙН ХЭЛНҮҮДИЙН НИЙТЛЭГ ОНЦЛОГУУД
Алтайн овгийн хэлнүүдийг орчин үеийн хэлний авиа зүйн системтэй харьцуулан судлахад хэд хэдэн нийтлэг шинж чанартай байдаг. Фонэтикийн хувьд гийгүүлэгч илүү давамгайлдаг учир балархай эгшиг яриан дунд үл сонсогдох нь элбэг. Зарим хэлэнд нь урт эгшиг бий боловч тэр нь үнэндээ урт эгшигийн гэхээсээ балархай эгшиг биш маягаар сонсогдоно. Хятад овгийн хэлэнд тод ажиглагддаг эгшгийн хөг алтай овгийн хэлэнд огт байдаггүй. Зарим алтай хэлэнд дууны өнгө ажиглагддаг ч энэ нь ховор тохиолдол.
Морфологийн хувьд алтай хэл нь тун төвөгтэй залгамал (agglutinaton) бүтцээрээ бусдаас эрс ялгагддаг. Энэ нь үгийн үндсэн дээр залгаасууд угсран нэмэгдэж өөр шинэ утга гаргаад явдаг гэсэн үг. Жишээ болгоход түрэг хэлний çekoslavakyalılaştıramadıklarımızdansınız çekoslavakya – lı – laş – tır – ama – dık – lar – ımız-dan – sınız нийлээд:“та нар биднийг чехославакжуулж чадаагүй [хүмүүс]ээс”, эсвэл монгол хэлний Tsakhilgaanjuulaltiinkhаntaigaaraa tsakhil – gaan – juul – alt – iin – khan – tai – gaa – raa (Цахилгаанжуулалтынхантайгаараа) нийлээд: “Цахилгаан шугам татаж буй хүмүүс бидэнтэй байгаад [бахархаж байна]” гэсэн утга гарна. Бас “Халдваргайжүүлэлийнхэнтэйгээрээ” гэсэн нэн урт үг ч байна. Үүнийг яг л хүүхдийн угсардаг тоглоом Леготой харьцуулан зүйрлэж болмоор. Мөн эгшиг зохицох ёс (Vowel harmony) буюу үгийн эхний язгуурт буй эгшиг нэг төрөлд хамрагдах арын эгшигүүдээ зохицуулдаг үзэгдэл алтай овгийн хэлэнд байдаг онцлогтой. Өөр нэг онцлог гэвэл өгүүлэгдэхүүн өгүүлэхүүн хоёр нь өгүүлбэрийн эхэн ба төгсгөолд салж тогтдог. “Би хайртай чамд” гэж бусад овгийнхонтой адил биш, “би чамд хайртай” хэл хэлэгдэнэ. Ийм синтакс бүтцэнд япон, солонгос хэл ч багтана. Урт өгүүлбэрт энэ нь үйлийн эзний араас маш олон тодорхойлолт жийрэглэгдсээр өгүүлбэрийн эцэст л чухам яах нь өгүүлэхүүнээр тодордог.
2024.6.16