Ё.Баатарбилэг нарын Хөгжлийн банкны хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ

0

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн өнөөдрийн буюу 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар 540 хавтаст хэрэг бүхий Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.

Эргэн сануулахад Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ё.Баатарбилэг нарын 32 хүнийг, шүүгдэгч хуулийн этгээд “НВЦ” ХХК, “Хааны Харгуй” ХХК, “Инжир” ХХК, “Ганхүдэр Орд” ХХК-уудыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан, мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэж, ашигласан, хахууль өгсөн, хахууль авсан гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн байдаг.

Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Анхан шатны шүүхээс нэр бүхий 32 хүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэснээс шүүгдэгч Л.Аззаяа, Б.Шинэбаатар, Ц.Баярсайхан, Х.Баттулга, Т.Болдмаа, Б.Батбаатар, Ч.Өлзий, Я.Батцэцэг, Л.Ням-Очир нарын 9 хүн, шүүгдэгч хуулийн этгээд болох “Инжир” ХХК, “Ганхүдэр Орд” ХХК, “Хааны Харгуй” ХХК-уудыг тус тус гэм буруутайд тооцож ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж,

шүүгдэгч Б.Батбаяр, Ч.Энхбат, Ч.Мөнхбаяр, Д.Цогтбаатар, Б.Будхүү, Л.Мягмаржав, Д.Дэлгэрсайхан, Б.Чойжилжалбуу, Б.Даажамба, Ж.Ганхуяг, Г.Батдорж, Н.Мөнхбат, Э.Эрдэнэ, Ц.Баатарбилэг, Б.Мөнхтөр, Г.Байгалмаа, Э.Эрдэнэбилэг, Х.Бат-Эрдэнэ, Ё.Баатарбилэг, Г.Цолмон, Ш.Бүтэд, П.Мягмардорж нарын 22 хүн, шүүгдэгч хуулийн этгээд “НВЦ” ХХК-ийг тус тус гэм буруутайд тооцсоныг хүчингүй болгож анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Тэгвэл шүүгдэгч Г.Байгалмаагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Б.Мөнхтөрийн өмгөөлөгч О.Батсүх, С.Магнайсүрэнгийн өмгөөлөгч Х.Базаррагчаа, Ё.Баатарбилэг, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг,  М.Баярмагнайгийн өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг, Т.Мөнхтулга, Ц.Баатарбилэг, “НЦВ” ХХК, Б.Чойжилжалбуу нарын өмгөөлөгч Б.Мөнхбат, Б.Чойжилжалбуу, Д.Батбаярын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, Х.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Нямдорж, Ц.Ууганбаярын өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, Г.Тамир, иргэний хариуцагч “Пи Си Вай” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунаа, Б.Махбалын өмгөөлөгч Б.Болдбаатар нарын хүмүүс дээрх магадлалыг эс зөвшөөрч, Улсын дээд шүүхэд хандсан байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *