Анхаар: Таны хүүхэд “том хүний юм” үзэж байгаа юм биш биз
Ажил, амьдралын хооронд цаг наргүй гүйсэн эсвэл зүгээр л үр хүүхэд, дүү нартаа цаг гаргахаас төвөгшөөсөн томчууд хүүхдүүддээ гар утас, таблет өгөөд орхичихдог үзэгдэл ихээр ажиглагдах болсон. Тэдний ихэнх нь эл үйлдлээ “Орчин үеийн хүүхдүүд айхтар болчихсон юм чинь”, “Youtube үзээд англи хэл сураад байгаа” зэргээр хаацайлж өнгөрдөг. Гэвч Youtube болон Youtube Kids-д хүүхэд үзэхэд тохиромжгүй, насанд хүрэгчдэд зориулсан маш олон төрлийн контент байдгийг тэр бүр мэддэггүй нь харамсалтай.Elsagate гэж юу вэӨнгөн талдаа хүүхдэд зориулсан мэт харагдавч насанд хүрэгчдэд тэр дундаа бага насны хүүхэд сонирхдог педофиль хүмүүст зориулсан контентыг нийтэд нь Elsagate гэж нэрлэдэг бөгөөд энэ нэршил анх 2017 онд үүсжээ. Тухайн үед хүүхдүүдийн хайртай Хүн аалз, Элса зэрэг хүүхэлдэйн баатруудын хувцас өмссөн насанд хүрэгчид, анимэйшн хэлбэрээр дүрсэлсэн хүүхэлдэйн дүрүүд нэгнийхээ эсрэг хүчирхийлэл, ёс бус үйлдэл үйлдэж буй бичлэгүүд интернэт орчинд ихээхэн тархаж байв. Тэдгээр бичлэгүүдийн зарим нь нэг тэрбумаас дээш хандалт авч байсан ба заримд нь насанд хүрээгүй хүүхдүүд хүртэл оролцож байжээ. Улмаар дэлхий даяар эцэг, эхчүүд Youtube компанид гомдол гаргаж, ихэнх сувгийг нь хаалгаж, хатуу насны хязгаар тавиулж байлаа.
Гэвч сүүлийн жилээс Elsagate-д хамаарах бичлэгүүд дахин Youtube-д байршиж эхлэв.
Тус компанийн зүгээс хиймэл оюун ухаан ашиглаж ёс бус бичлэгүүдийг ялган таньж, устгадаг ч бүх контентод 100 хувь хяналт тавьж чаддаггүй. Түүнчлэн хүүхдүүдэд тусгайлан зориулсан Youtube Kids аппликейшн дээр ч ийм төрлийн контентууд гарч ирсэн тохиолдол олон бий. Эдгээр бичлэгээс нэгийг үзсэн байхад л алгоритмын дагуу үүнтэй ижил төрлийн бусад бичлэг дахин дахин гарч ирдэг.Идэвхтэй бичлэг оруулдаг, Elsagate сувгууд:
Эдгээр сувгуудыг зөвхөн жишээ болгож оруулсан бөгөөд цаана нь ийм төрлийн хэчнээн суваг үйл ажиллагаа явуулж буйг таашгүй.
АНУ-ын судлаачдын үзэж буйгаар Elsagate-ийн ёс бус бичлэгүүд нь хүүхдийн сэтгэхүйн хөгжил, зан төлөвт сөргөөр нөлөөлдөг бөгөөд энэ төрлийн бичлэг үздэг хүүхдүүдэд хар дарах, уур уцаартай болох, хүчирхийллийг энгийн мэт хүлээж авах шинж тэмдгүүд илэрсэн байна. Цаашлаад нийгмийн хэм хэмжээ, эрүүл зөв харилцаа, зохистой зан төлөвийн талаар тэдэнд буруу, гаж ойлголт өгөх боломжтой ажээ. Youtube таны хүүхдийг хүмүүжүүлэх үүрэг хүлээхгүй тул та өөрөө хүүхдийнхээ үзэж, сонсож байгаа зүйлд чухал ач холбогдол өгч, хатуу хараа хяналт тавих шаардлагатай байна. Түүнчлэн хүүхэдтэйгээ ярилцаж, тэдэнд хүн хоорондын эрүүл харилцаа, нийгмийн ёс суртахууны талаар зөв ойлголт өгөх нь маш чухал.