Бизнес уулзалтаар гоо сайхны бүтээгдэхүүний худалдаа зонхилов
Монгол Улс, БНСУ-ын бизнес уулзалт МҮХАҮТ-д өнөөдөр болов. Энэ үеэр хоёр орны бизнес эрхлэгч нар нүүр тулан уулзаж, Монголын компаниуд БНСУ-ын талтай ажил хэрэгч бизнесийн холбоо тогтоов.
Уулзалтад БНСУ-ын гоо сайхны бараа, бүтээгдэхүүний компаниуд түлхүү хүрэлцэн ирж оролцлоо. Тухайлбал, БНСУ-ын “Сигма” компаниас зохион байгуулсан уулзалтад БНСУ-ын Бусан хотоос 10 гаруй компанийн төлөөлөл оролцож, хүнс, гоо сайхан, үнэртэн, хүүхдийн хувцас, гэр ахуйн бараа, чихрийн шижин өвчний эсрэг эрүүл мэндийн бүтээгдэхүүнээ танилцуулав.
БНСУ-ын Бусан хотын Үйлдвэр, худалдааны байгууллагын төлөөлөгч, ахлах менежер Ким Жин Хёок хэлэхдээ, “Манайх Бусан хотын үйлдвэрүүдийг төлөөлдөг, гадаад худалдаа, хамтын ажиллагааг хариуцан ажилладаг. Ингэхдээ бид үйлдвэрлэгч нарыг, тэр дундаа залуу бизнес эрхлэгчдийг түлхүү дэмждэг” гэв. Мөн тэрбээр, Бусаны бизнес эрхлэгчид Монголд ирсэндээ их баяртай байгаа. Монгол орныг их сонирхож байна. Харилцаа холбоо, хамтын ажиллагаа тогтоохыг их хүсэж байна. Бусан хот сүүлийн жилүүдэд кофегоор их алдаршиж байгаа. Монголд гоо сайхны бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар зонхилон ирсэн. Энэ нь Бусаны гол үйлдвэрлэлийн нэг юм гэдгийг тодотгов.
Монгол Улс, БНСУ-ын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахтай холбогдуулан хоёр орны худалдаа, үйлдвэрлэл, бизнесийн төлөөллийн хамтарсан уулзалт, харилцаа холбооны давтамж нэмэгдэж байна. Энэ нь гадаад худалдааг дэмжих, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд дөхөм болж буйг хоёр талын төлөөлөл илэрхийлж байв.