ТОДРУУЛГА: Анхан шатны шүүгч Д.Мөнх-Эрдэнийг суллах шийдвэр гаргахдаа хууль зөрчсөн учир Ерөнхий шүүгч суллах захирамжийг хүчингүй болгосон

0

Консул асан Д.Мөнх-Эрдэнийг тав хоногийн өмнө шүүхээс сулласан ч өнөөдөр дахин цагдан хориод буй. Ингэхдээ прокуророос Ерөнхий шүүгчид гомдол гаргасан тул Ерөнхий шүүгч нь анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон байдаг.

Улмаар “Прокурорын саналаар хуульд байхгүй үндэслэлээр Д.Мөнх-Эрдэнийг дахин цагдан хорихоор боллоо” гэх мэдээлэл цацагдаад байна.

Тиймээс энэ талаар УЕПГ-ын Хэвлэлийн албанаас тодруулахад “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нь шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх шийдвэрийг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн учраас прокуророос тус шүүхийн Ерөнхий шүүгчид 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасан.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч өнөөдөр /2023.03.20/ шүүгчийн захирамжид гаргасан прокурорын гомдлыг хянан хэлэлцээд, Д.Мөнх-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүгчийг захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн байна гэж үзэн хүчингүй болгож, Д.Мөнх-Эрдэнийг дахин цагдан хорихоор шийдвэрлэсэн.

Монгол Улсын шүүхийн тухай хуульд “Олон нийтийг мэдээллээр хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тайлбарлах зорилгоор шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлнэ” гэж заасан байдаг. Тиймээс шүүх шийдвэрээ дэлгэрэнгүй мэдээлэх байх.

Прокурорын зүгээс хуульд байхгүй үндэслэлээр гомдол гаргаж, хэн нэгнийг хууль бусаар хориулсан асуудал байхгүй. Хуулийг нэг мөр хэрэгжүүлэх үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол бичиж, асуудлыг шийдвэрлүүлсэн” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *