Х.Номуун “Парис-2024” Паралимпын наадамд оролцоно
Францын нийслэл Парис хотноо эхлэх зуны Паралимпын наадамд оролцох тамирчдын нэр тодорч байна. Манай улсаас өнөөдрийн байдлаар пауэрлифтинг, байт харваа, таеквондогийн төрлөөр таван тамирчны эрх баталгаажсан билээ.Тэгвэл тэдний араас спортын мастер Х.Номуун усанд сэлэлтийн 50 болон 400 метрийн зайд оролцохоор болов. Тэрээр Паралимпын усан замд Монголыг төлөөлөх анхны тамирчин болж байгаа бөгөөд улсынхаа дээд амжилтыг хэдэнтээ шинэчилсэн юм.
Х.Номуун нь өнгөрсөн жил “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадамд хурд хүчээ сойсон, өсөж яваа ирээдүйтэй тамирчин аж. Тэрээр 2023 онд “Citi Para Swimming-World Series Singapore” тэмцээнд эмэгтэйчүүдийн 400 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд S6 ангилалд өрсөлдөж финалын шатанд 7:37.50 амжилттайгаар Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.Түүнчлэн “Allianz Para Swimming World Championships Manchester” тэмцээний 50, 100 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд амжилттай оролцож дээд амжилтаа шинэчилжээ. Үүнээс гадна 2024 онд Австрали, Герман, АНУ, Францад зохион байгуулсан Citi Para Swimming-World Series” цуврал тэмцээний 100, 400 метрийн өвөр болон араар даллах сэлэлтээр амжилтаа тогтмол шинэчилж байсан юм. Ийнхүү тэр Парисыг зорих Монголын зургаа дахь Паралимпын тамирчин болж байна.