Х.Баттулгын сөрөг пиар аялал жуулчлалд сөргөөр нөлөөлжээ
Монгол Улс нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьж, 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Тиймээс төр засгаас аялал, жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгохоор олон ажил төлөвлөн, хийж хэрэгжүүлж байгаа билээ. Нэн түрүүнд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай гэж үзсэн. Улмаар 2023 оны тавдугаар сард Засгийн газраас Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэн баталсан. Хуулиа дагаад холбогдох дүрэм журамд өөрчлөлт оруулах шаардлагатай уг ажил 50 хувьтай явж байгаа аж.
Монгол Улсыг олон улсад сурталчлах “Go Mongolia” нөлөөллийн арга хэмжээг өнгөрсөн 2023 онд БНХАУ, БНСУ, ОХУ, Япон зэрэг улсуудад дээрх арга хэмжээг зохион байгуулжээ. Үүний үр дүнд Монголыг зорин ирэх жуулчдын тоо өссөн байна. Тодруулбал 2023 онд түүхэнд байгаагүйгээр буюу 651 мянга гаруй жуулчин хүлээж авч 1.3 тэрбум ам долларын орлого улсдаа төвлөрүүлж чаджээ. Долоо, наймдугаар сар бол жуулчид ирэх оргил үе байдаг.
Долдугаар сарын 2-ны өдрийн байдлаар 314 мянган жуулчин Монголд аялахаар ирсэн байна. Өнгөрсөн жил 4485 жуулчин нэг өдөр ирж, дээд хэмжээ тогтоож байсан бол энэ онд долдугаар сарын 2-нд нэг өдөрт хамгийн их буюу 5174 жуулчин Монгол орныг зорин иржээ. Энэ эрчээрээ байвал 2025 он гэхэд жилд нэг сая жуулчин хүлээн авах боломжтой гэж албаны хүмүүс тооцоолж байна.
Гэвч Улаанбаатар хот амралт, зочид буудлын хүртээмж муутай, олон мянган жуулчин хүлээж авахад бэлэн биш байна. Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2025 он хүртэл Монголд аялах жуулчдыг өөрийн улсаасаа Монголын аймаг, орон нутаг руу шууд нисэх боломжийг бүрдүүлэхээр Зам тээврийн яамтай хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Монгол Улсад хамгийн их буюу Өмнөд Солонгосоос өдөрт 1800 орчим жуулчин ирдэг байна.
Мөн Орос, Хятад, Япон зэрэг улсаас нэг өдөрт 1000 гаруй жуулчин ирдэг аж. Нэг сая жуулчин хүлээн авахдаа 650 мянган жуулчныг нислэгээр болон, галт тэргээр харин 350 мянга орчим жуулчныг хил ормыг бүсээр авахаар төлөвлөсөн байна. Ингэхдээ 2023 оны арваннэгдүгээр сард Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар БНХАУ-тай, Засгийн газар хоорондын хэлэлцээрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ гарын зурсан байдаг. Уг асуудлыг сонгуулийн үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Мөнхбаясгалан нар “БНХАУ-ын зорчих үнэмлэхтэй хятад иргэдийг Монгол Улсын хилээр ямар ч визгүй нэвтрүүлэх хэлэлцээрийг байгуулсан байна. Визгүй хятад иргэдийг хил орчмын бүс нутгуудад байршуулахаар болсон бололтой” гэж ташаа мэдээлэл цацсан нь аялал жуулчлалд сөргөөр нөлөөлжээ. Уг мэдээлэл Хятадын цахим орчинд тарж, үүнд дургүйцсэнээс болсон уу, Монголыг зорин ирэх жуулчдын тоо нэлээд буурсныг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ажлын албаны дарга М.Нарангэрэл хэлэв.
Хил орчимд амьдардаг иргэд харилцан зорчих журам гэж бий. Тэр журмын дагуу Хятад болон Орос улсын жуулчид бүлгээрээ хил орчмын түр үнэмлэхээрээ Монголд арав хүртэлх хоног аялах боломжтой. Боршоо,Цагаан нуур боомтуудаар Оросын жуулчид ч багагүй орж ирдэг байна.