“Дунд гол”-ын бургасыг сугалж хаяснаар ус нь бохирдож, усны шувууд нь дайжжээ
Сэлбэ, дунд голын доторх бургасыг есөн тэрбум төгрөг зарцуулан нүүлгэн шилжүүлэхээр болсон байна. Үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн байгууллагын судалгааны хүрээнд хийх ажил бөгөөд бургас болон бусад ургамал, бут сөөгийг Туул гол дагуу шилжүүлэх талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Улмаар энэхүү ажил өнгөрсөн зургаадугаар сард эхэлж, Дунд голын бургасыг ухаж, шилжүүлэх ажлыг эхлүүлээд байгаа юм. Гэвч албаныхны шинжлэх ухааны үндэслэлтэй, байгаль орчны дүгнэлттэй тул голын экосистемийг алдагдуулахгүй зөөвөрлөнө гэх үг өдгөө эзэнгүй болжээ. Учир нь өнөөдрийн байдлаар Дунд голын ус бохирдож, тус гол сүүлийн таван жил өвөлжих болсон усны явууд нүүдэллээд байна. Иймд бид энэ удаа Дунд голын бургасыг ухаж буй ажил болон үүсээд буй нөхцөл байдлын талаар сурвалжиллаа.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Сэлбэ, дунд голын доторх бургасыг есөн тэрбум төгрөгөөр зөөж шилжүүлэхээр болсон талаар албаныхан мэдээлсэн. Энэ талаар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү, “Бид энэ бургасыг шинжлэх ухааны үндэстэй зөөнө. Байгаль орчны дүгнэлт нь гарсан байгаа. Энэ дүгнэлтийн дагуу зөөнө. Иймээс Сэлбэ голын далан, шугам сүлжээнд байгаа бут сөөгийг гурван байршилд зөөнө. Ингэж үерийн хамгаалалтын далан доторх бургас, бусад мод бутыг зөөснөөр үерийн даланг 1-1.5 метр гүн болгож, ус урсан өнгөрөх багтаамж хоёр дахин нэмэгдэх юм. Хэрэв энэ ажлыг хийхгүй бол Нарны зам дагуух томоохон хотхон хороолол, барилга орон сууц үерт өртөх өндөр эрсдэлтэй гэсэн судалгаа гарсан” гэж байсан юм. Мөн үерийн далан дотор ургасан бургасыг Хар усан тохой руу шилжүүлнэ гэж мэдэгдсэн. Түүнчлэн ажилд есөн тэрбум төгрөг зарцуулна гэсэн ч одоогоор зарлагдсан тендер байхгүй байна.
Улмаар НОК-ын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнгөрсөн зургаадугаар сарын 21-22 өдрүүдэд Дунд, Сэлбэ гол дагуу ажиллаж, гол дагуух бургасыг зөөж шилжүүлэн, лаг шаврыг цэвэрлэх ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ голын экосистемийг алдагдуулалгүй уг ажлыг хийж гүйцэтгэнэ гэж тайлбарлаж байв.
Гэсэн ч өнөөдрийн байдлаар Дунд гол ус бохирдож, шавар болсон. Ойр орчимд нь тоосжилт үүссэн нөхцөл байдалтай байна. Мөн тус голд 4-5 жил дараалан галуу шувуу өвөлжиж экосистемийг бий болгоод байсан ч бургас ухаж, голын ёроолын лаг шаврыг механик аргаар авах ажил эхэлснээр шувууд Дунд голоос явжээ.
Иймд Хотын дарга Х.Нямбаатарын хэрэгжүүлж буй уг ажлыг нийслэлийн иргэд эсэргүүцэж, цахим сүлжээнд олон талын эх сурвалжит баримт мэдээллийг нийтэлж байгаа ч нийслэлээс эл асуудлаар иргэдэд ямар нэг хариу өгөлгүй бургас тайрах ажлаа үргэлжлүүлсээр байгаа юм. Харин зарим мэргэжилтнүүд голын бургас, лаг шаврыг зайлуулах ажлыг шүүмжилж, шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар, мэдээллийг хүргэх болсон.
Тухайлбал, Голын дагуу байрлах бургас, голын ёроолын шаврыг тооцоо судалгаагүй ухах нь усны идэш тэжээлийн хэлхээний суурийг эвдэж, загасны үржилд нөлөөлнө. Мөн голын эргийн мод байхгүй болсноор тоосжилтыг үүсэж, дуу чимээний бохирдол нэмэгдэнэ. Голын ёроолын лаг шаврыг механик аргаар зайлуулснаар түүнд хуримтлагдсан нүүрстөрөгчийн хийг үгүй хийж гол дагуух экосистемд сөргөөр нөлөөлж, хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлдэг. Улмаар эвдэрсэн голын экосистем нь үерийн эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж, усны чанарыг бууруулж байдаг байна. Хамгийн ноцтой нь голын ёроолын шавар байхгүй болбол жилийн 4 улиралтай манайх шиг орны хувьд шар усны үерийг урьдчилан таамаглах боломжгүй болж, голын голдирол солигдох эрсдэлийг бий болгоно гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.
Эх сурвалж: isee.mn