МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И НАР УУЛЗАВ
Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо 2024 оны 7 дугаар сарын 3-4-ны өдрүүдэд зохиогдож буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хятадын коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нар 2024 оны 7 дугаар сарын 3-ны өдөр уулзав.
Монгол, Хятадын Гадаад хэргийн сайд нар хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийг харилцааг гүнгийрүүлж, улс төрийн харилцан итгэлцлийг улам бэхжүүлж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ард иргэд найрамдлыг бататгах, Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэн, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.
Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг амжилттай зохион байгуулсныг Ван И сайд онцлон тэмдэглэж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг шинэ парламентын гишүүнээр сонгогдсонд баяр хүргэв.