“Гоожингийн өндөр”-ийг засварлаж эхэллээ гэж Д.Сумъяабазарыг сүр дуулиантай мэдэгдсэнээс хойш 3 жил өнгөрсөн ч тус барилга балгас хэвээр үлджээ

0

Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулан баригдсан, Д.Сүхбаатар жанжны амьдарч, ажиллаж байсан. Мөн Богд хаан 50 гаруй хоног хоригдож байсан гэх Монголын түүхийн эгзэгтэй цаг үеийг илэрхийлдэг олноо “Гоожингийн өндөр” хэмээн нэрлэгдсэн 100 гаруй жилийн түүхт соёлын үнэт өв Улаанбаатар хотод бий.

Тус байшинг одоогоос гурван жилийн өмнө хамгаалалтдаа авч, анхны хийц загвараар нь сэргээн засварлахаар болсон талаар Нийслэлийнхэн сүр дуулиантай мэдэгдэж байв. Иймд бид тус соёлын үнэт өвийн өнөөдрийн нөхцөл байдал ямар байгаа талаар нэхэн сурвалжиллаа.

Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан, түүхийн дурсгалт өв “Гоожингийн өндөр”-ийг холбогдох яам, албаныхан тоохгүй орхисноос болж газрыг нь өөр зориулалтаар ашиглахаар болоод буй талаар бид өнгөрсөн 2021 онд анх мэдээлж байсан билээ. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

Бидний бэлтгэсэн сурвалжилгын дараа буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр /2021.12.28/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар А/1032 тоот захирамж гаргаж, Улаанбаатар хотын түүх соёлын үл хөдлөх дурсгал 1914 онд барьсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хоёр давхар Гоожингийн өндөр гэх барилгыг эвдэх, гэмтээх, устгахаас хамгаалах зорилгоор цагдаагийн хамгаалалтад шуурхай авахыг НЦУГ-ын дарга н.Отгонжаргалд үүрэг болгосугай. Мөн түүх соёлын үл хөдлөх дурсгалыг анхны хэлбэр, хийц, бүтээцийг алдагдуулахгүйгээр сэргээн засварлах үүргийг өгсөн байдаг. Захирамжийг ЭНД ДАРЖ харна уу.

Гэвч эл шийдвэрийн дараа буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 7-нд бид дахин “Гоожингийн өндөр” гэх түүхийн дурсгалт өвийг хамгаалалтад авсан эсэхийг лавлаж, нөхцөл байдлыг сурвалжлах үед тус байшинд нэг ч зүйл нэмж хийгээгүйн дээр, хамгаалалтад аваагүй, навсайсан хэвээр байсан юм. Өмнөх мэдээллийн ЭНД ДАРЖ харна уу.

Түүнчлэн дээрх үйл явдлын дараа нийслэлийн удирдлагууд Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хууль зөрчин бусдын өмчид шилжүүлсэн нь хууль зөрчиж байна хэмээн үзэж, шүүхэд хандсан бөгөөд 2022 оны арванхоёрдугаар сарын 15-нд Захиргааны хэргийн давж заалдах шүүхээс шийдвэр гарч “Гоожингийн өндөр”-ийг нийслэл мэдэлдээ авч чадсан юм. Улмаар 100 жилийн түүхт соёлын өвийг сэргээн засварлаж, музей болгох ажил 2022 оны арванхоёрдугаар сард албан ёсоор эхлүүллээ хэмээн нийслэлээс сүр дуулиантай мэдээлж байв.

Гэтэл “Гоожингийн өндөр” гэх түүхэн өв, соёлын томоохон дурсгалын өмнө зогсож байгаад өнөөдрөөс сэргээн засварлалтын ажлыг эхлүүллээ гэж Нийслэлийнхний хэлсэн гоё үг бас л худлаа байжээ.

Учир нь тус байшин өнөөдрийн байдлаар /2024.06.25/ хогонд дарагдсан балгас хэвээр үлджээ. Мөн нийслэлээс хамгаалалтад авсан гэх хэдий ч гурван жилийн өмнө тойруулсан төмөр хашааных нь хэд хэдэн газар цөмөрч нүх гарсан байдалтай. Хүмүүс орж хоноглож, архи уудаг бололтой хог, архины шилээр дүүрчээ.

Монгол Улс сүүлийн жилүүдэд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, жуулчдыг татах олон талт арга хэмжээг авч, хэрэгжүүлж буй. Харин жуулчдын тухайн улс оронд очоод хамгийн түрүүнд үзэхээр зорьдог зүйлсийн нэг түүхэн дурсгалт барилга, соёлын үнэт өвүүд нь байдаг билээ. Гэтэл зуу зуун мянгаар нь жуулчин хүлээн авах болоод буй Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв хэсэгт Монголын түүхийн эгзэгтэй цаг үеийг өгүүлэх 100 гаруй жилийн түүхтэй “Гоожингийн өндөр” гэх соёлын үнэт өв, хогонд дарагдаж балгас болсон хэвээр байна.  

Эх сурвалж: isee.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *