Х.БУЛГАНТУЯА: Хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс сэргийлж, шүгэл биедээ авч явдаг байх төсөл хэрэгжүүлж байна
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Б.Баярсайхан нарын гишүүд хүүхдийн хүчирхийллийн эсрэг шүгэл үлээх санаачлага эхлүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “НҮБ-ын Хүүхдийн сан Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн агентлаг хамтран Шүгэл төслийг хэрэгжүүлж байна. Баянзүрх дүүргээс эхлүүлж байгаа уг төсөлд ТББ-ууд хамтран ажиллаж байна. Хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, төсөв санхүүжилт гаргасан ч хүчирхийлэлийн тоо буурахгүй байна.
Хүүхдийг хамгаалах байгууллагууд хүүхдийг хүчирхийлэлд өртсөн болон осолд орсон хойно нь мэддэг биш гарахаас нь өмнө мэддэг баймаар байна гэсэн санал илэрхийлсэн. Хүүхэд 108 утас руу залгаж хамгаалуулах боломжгүй үе ч байна. Тиймээс энгийн болон бусад төрлийн шүгэл биедээ авч явдаг байхаар санаачилж байгаа юм. Шүгэлийг дэлхий нийтэд ашигладаг олон жишээ бий. Эмэгтэйчүүд гэхэд л гартаа гоёл чимэгдэд болгон шүгэл зүүдэг. Осол гэмтлээс өөрийгөө хамгийн түрүүнд хамгаалах нь чухал. Хүүхдүүд айсан үедээ тусламж дуудаж чаддагүй. Тиймээс хамгийн эхэнд тусламж дуудах нь чухал. УИх дээр хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх нь чухал. Хүүхэд хамгааллын байгууллагын 100 жилийн ой болох гэж байна. Бид хүүхэд хөгжлийн талаар ярьдаг болохоос хүүхэд хамгааллын асуудлыг орхигдуулсан байна” гэлээ.