Байр суурь: Гэм буруутай нь тогтоогдоогүй хүнийг хорьсон нь эрүүдэн шүүлт
Цагдаагийн алба хаагчдад зодуулж, нас барсан гэх 21 настай залуугийн хэрэг олны анхаарлын төвд байна. Энэ хэргийг Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл хэргийн талаар олон нийтэд мэдээлээгүй байгаа юм. Хэргийг тодруулах гэсэн боловч прокурорын байгууллагаас зөвшөөрөл ирүүлээгүй байна гэдэг хариултыг албаныхан өглөө. Энэ хэргийн талаар мэдээлэл хийсэн талийгаачийн ар гэрийнхэн, Цагдаагийн ерөнхий газар, өмгөөлөгчийн байр суурийг хүргэе.
“ТАЛИЙГААЧ 10 ХЭРЭГТ ШАЛГАГДАЖ БАЙСНААС 9 НЬ ХУЛГАЙН ХЭРЭГ БАЙСАН”
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Дэд, дүн шинжилгээ үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батдэлгэр:
-Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс хуульд заасан үндэслэл журмын дагуу хүний эрх зөрчигдсөн, эрүүл мэндэд хохирол учруулсан эсэх асуудлаар мөрдөн шалгаж байна. Цагдаагийн байгууллагаас нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчидтай холбоотой асуудалд албаны шалгалтыг явуулж байна. Эндээс алба хаагчид сахилга, ёс зүйн зөрчил дутагдал гаргасан эсэх асуудлыг шалгаж байна. Алба хаагчид өнөөдөр албан үүргээ гүйцэтгэж байгаа.
Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гомдол мэдээлэлд талийгаач О нь 2023 оны арваннэгдүгээр сараас эрэн сурвалжлагдаж байсан. Талийгаач өмнө нь хоёр удаа ял шийтгэж, нэг удаа зөрчлийн арга хэмжээ авхуулж байсан.
Цагдаагийн байгууллагын хэмжээнд нийт долоон холбогдогчтой 53 хэргийг нэгтгэн, мөрдөн шалгаж байгаа хэргүүд дээр шалгагдаж байсан. Өнөөдрийн байдлаар 10 хэрэгт яллагдагчаар татагдан байцаагдаж байсан нь тогтоогдсон.
Нэг хэрэг нь Эрүүгийн хуульд заасан бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг байсан бол бусад есөн хэрэг нь хулгайлах гэмт хэрэг байсан. Цаашид мөрдөн шалгах ажиллагаагаар бусад асуудал тодорхой болно. Бид Авлигатай тэмцэх газрын өмнөөс мэдээлэл өгөх боломжгүй.
“ШҮҮХЭЭР ГЭМ БУРУУТАЙ НЬ ТОГТООГДООГҮЙ ИРГЭНИЙГ ХААЛТТАЙ АНГИД ХОРЬСОН НЬ ЭРҮҮДЭН ШҮҮХ ХЭЛБЭР”
Хохирогчийн өмгөөлөгч Г.Анхбаяр:
-Талийгаач цагдан хоригдохоос нэг сарын өмнө Авлигатай тэмцэх газарт өөрийг нь эрүүдэн шүүсэн гэх асуудлаар гомдол гаргасан. Тэрээр Авлигатай тэмцэх газарт өмнө нь нэг мэдүүлэг өгсөн байсан. Дараагаар нь таниулах ажиллагааны хүрээнд мөрдөгч нь хэд хэдэн удаа дуудахад нь үйлчлүүлэгч маань очиж чадаагүй. Цагдаа нар нь дарамталж байсан юм шиг байна лээ. Авлигатай тэмцэх газарт гомдол гаргахдаа зодуулж, гэмтсэн зургаа хавсаргаж, үзлэг хийн зодуулсан нь тогтоогдсон. Нийт найман албан хаагчид зодуулсан байдаг. Хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгч болохгүй байна.
Цагдаагийн байгууллагаас цагдаагаа хамгаалсан тайлбар мэдээлэл өгч байна. Өөрсдийн буруугаа хүлээхгүй байгаад олон нийт бухимдаж байна. Талийгаачийн нэр хүндэд халдаж мэдээлэл хийж байгаа нь ёс зүйгүй асуудал.
Талийгаачийг хорих ангиас эмнэлэг рүү ухаангүй авч ирэхдээ эмнэлгийн орон дээр гав зүүлгээд, хоёр харгалзагч харж, камераар хянаж байсан. Энэ асуудалд хууль гэхээсээ илүү хүн ёсны асуудал яригдана. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй иргэнийг хорих 461 дүгээр хаалттай ангид хорьсон нь эрүүдэн шүүх нэг хэлбэр.
“ДҮҮ МИНЬ ӨӨРИЙГӨӨ ӨМӨӨРЧ ҮГ ХЭЛЭХ ЯМАР Ч ЭРХГҮЙ БОЛСОН”
Хохирогчийн эгч:
-Миний дүү зүгээр нэг гэмт хэрэгтэн 461 дүгээр ангид хоригдож байгаад нас барсан мэтээр ярьж байна. Гэтэл гэмт хэрэгт холбогдуулж шалгаж байсан буюу шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байсан. Үүнийг онцолж хэлмээр байна. Тухайн холбогдсон байсан хэрэг нь гадуур шалгах боломжтой хөнгөн гэмт хэрэг байсан. Үүний дагуу хэрэг нь шалгагдаад өчигдөр /2024.07.23/ хариу нь гарсан. Гэтэл дүү минь шүүхийн хариу гарахаас нэг цагийн өмнө нас барсан. Тухайн хэрэгт дүү маань гэм буруугүй байсан. Хамт явж байсан хүн нь утас хулгайлснаас болж сэжигтнээр шалгагдсан. Нийслэлийн Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтсийн нэр бүхий цагдаагийн алба хаагчид хэлтэс дээрээ авчирч мэдүүлэг авах журмаар эрүүдэн тамласан. Нийтдээ найман хүн байсан. Цагдаагийн алба хаагчдад зодуулж, тамлуулсан гэдгээ ар гэрийнхнээсээ нуусан. Үүнийг нь бид 3-4 хоногийн дараа мэдсэн.
Улмаар Авлигатай тэмцэх газарт өргөдөл өгсөн. Нийт өргөдөл гаргасан найман алба хаагчдын зургаа нь тогтоогдсон.
Авлигатай тэмцэх газарт өргөдөл өгснөөс болж сэжигтэн байсан миний дүүг нэг сараар саатуулсан. Саатуулж байх хугацаанд нь Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтсийн цагдаа залгаж утсаар дарамталсан. Нэг сарын хугацаа нь дуусаад гараад ирсний дараа нь мөн л хянагчаар нь дамжуулж дарамталсан. Үүнийг мөн шалгах хэрэгтэй. Энэ мэт дарамт шахалтаас болж айсандаа Авлигатай тэмцэх газар очиж чадаагүй. Байцаалт өгч чадахгүй явсаар байх үед нь Авлигатай тэмцэх газраас тодруулсан зургаан албан хаагчийг таниулахаар дуудсан. Ийнхүү Авлигатай тэмцэх газар луу очиж явахад нь хашааных нь үүднээс Баянгол дүүргийн хоёр цагдаа барьж авсан. Авч явсныхаа дараа хэргийг нь Чингэлтэй дүүрэг рүү шилжүүлээд 461 дүгээр хорих ангид гурван сарын баривчилгаанд явуулсан. Долдугаар сарын 11-нээс дүүгийн минь биеийн байдал муудаж эмнэлэгт мэдэгдсэн гэж хэлсэн. Гэтэл одоо 461 дүгээр хорих анги, прокурорын байгууллага аль аль нь мэдэхгүй байгаа. Бид шат шатны бүх байгууллагуудад гомдолтой байна. Дүү минь одоо өөрийгөө өмөөрч үг хэлэх ямар ч эрхгүй болсон.