2023.03.23 12:29

Шүүхийн цахимжуулалтыг бусад хуулийн байгууллагатай уялдуулах, Европын холбооны гишүүн болон бусад улсуудын туршлагатай танилцах зорилготой   “Монгол Улсын шүүхийн цахимжуулалт” зөвлөгөөн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр эхэллээ.

Европын комиссын техникийн туслалцаа, мэдээлэл солилцох хөтөлбөр (TAIEX)-ийн хүрээнд зохион байгуулж буй уг зөвлөгөөнд Монгол Улсын дээд шүүх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, анхан болон давж заалдах шатны шүүхийн төлөөлөл, хуульч, судлаачид болон Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар, Европын холбооны гишүүн улсуудын шүүгч, мэргэжилтнүүд оролцож байна.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг, Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар, Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз нар зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ шүүхийг бүрэн цахимжуулах, программ хангамжийг сайжруулж иргэдийн шүүхэд итгэх итгэлийг бэхжүүлэхийн ач холбогдлыг онцоллоо.

Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллага болон бусад холбогдох байгууллагуудын цахимжуулалтын одоогийн байдал, хууль эрх зүйн талаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар илтгэлдээ дурдаад цаашдын бодлого, зорилтыг танилцуулсан юм. Шүүх байгуулах тухай хуулийн төсөлтэй хамт цахимжуулах асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл батлуулахаар төлөвлөж байгааг тэрбээр танилцуулаад шүүхийг хүүхдүүд очиж үздэг, бүрэн нээлттэй шударга ёсны ордон болгохоор зорьж байгаа гэлээ. Хуулийн төслөөр шүүхийг тойргийн зарчмаар байгуулахаас гадна цахимжилттай холбоотой асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөснөө зөвлөгөөнд оролцогчдод танилцуулсан юм.

Итали улсын шүүгч асан, Шүүхийн үр нөлөөт байдлын төлөөх Европын комиссын зөвлөлийн Кибер шүүх ажлын хэсгийн ерөнхийлөгч Мария Жулиана Сивинини илтгэлдээ 2025 он хүртэл гишүүн орнуудын шүүхийг шударга ёсны зарчимтай уялдуулан цахимжуулах, хиймэл оюун ухааныг ашиглахад дэмжлэг үзүүлэх зорилготой байгааг онцлов. Мөн цахим шилжилт хийхдээ Европын комиссоос гаргасан удирдамж, зөвлөмж, туршлагуудыг үйл ажиллагаандаа тусгах, шүүгчид өөрсдөө манлайлахыг зөвлөлөө.

Австри улсын Вена хот дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Гернот Пош илтгэлдээ хэргийн хөдөлгөөний удирдлагыг цахимжуулах нь шүүхийн цахимжилтын гол үндэс гэдгийг тэмдэглээд цаасан суурьтай баримтаас цахим баримтыг баталгаажуулахаас эхлэх нь зүйтэй гэв. Мөн Европ дахь шүүхийн цахимжуулалтын талаар холбогдох судалгааны дүнг танилцуулж, хууль эрх зүйн орчин, хэрэгжилтийн туршлагаас танилцууллаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав шүүхийг цахимжуулах, шүүхийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг танилцуулж, тулгарч буй хууль эрх зүй болон төсвийн асуудлыг онцлов.

Европын улсуудад шүүхийг цахимжуулахад тулгарсан сорилт, туршлагаа дээрх илтгэгчид хуваалцаж, зөвлөгөөнд оролцогчдын асуултад хариуллаа.

“Шүүх эрх мэдлийн байгууллагын цахимжуулалтад тулгарч буй сорилт ба боломж”, “Хууль зүйн тогтолцооны цахимжуулалтад тулгарч буй сорилт ба боломж” сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж, Европын холбооны гишүүн орнуудын шүүгч, мэргэжилтнүүд болон Хууль зүй, дотоод хэргийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам,  Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголын хуульчдын холбооны төлөөлөл хэлэлцүүлгийг удирдан, оролцогчидтой санал солилцож байгаа юм.

 Зөвлөгөөн хиймэл оюун ухааныг ашиглах туршлага болон Монгол Улсын шүүхийг цахимжуулах асуудлаар маргааш үргэлжилнэ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *