ЭХЭМҮТ-д зүрхээ үзүүлэхээр очсон зургаан сартай жирэмсэн эмэгтэйд үр зулбуулах эм андуурч уулгажээ

0

Шүүгдэгч Б.У- *** сувилагчаар ажиллаж байхдаа 24-25 долоо хоногтой жирэмсэн эх Д.Н-т төрөлт сэдээх /үр зулбуулах/ Мизопростол нэртэй дөрвөн ширхэг эм уулгаж, үр зулбуулах эмийн нөлөөгөөр эх дутуу төрж, ураг зулбаж, нярай энджээ. Ташрамд сануулахад сувилагч У нь зургаан сартай жирэмсэн эмэгтэйд үр зулбуулах эмийг андуурч өгчээ. Хохирогч  Н нь эход үзүүлэхээр очсон байсан гэнэ.

МЭДҮҮЛЭГ

Хохирогч Н мэдүүлэхдээ “…2021 оны арванхоёрдугаар сарын 28-нд сарын тэмдэг ирэхгүй болохоор нь эмнэлэгт очиж эход харуулахад хоёр сартай жирэмсэн гэдгээ мэдсэн. 2022 оны гуравдугаар сард өөрийн амьдарч буй Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны өрхийн эмнэлгийн эмчийн хяналтанд орж үзлэг, шинжилгээ хийлгэхэд бойжиж буй ургийг маань ямар нэгэн асуудалгүй, хэвийн гэсэн. Би 1997 онд найман настай байхдаа зүрхний цоорхой өвчний улмаас хагалгаанд орж байсан. Ийм учир манай өрхийн эмнэлгийн эмч намайг Э эмнэлэгт очиж зүрхээ үзүүл гэж хэлсний дагуу 2022 оны дөрөвдүгээр сарын 15-нд нөхөр С-аар Э гэх эмнэлэг рүү хүргүүлж, шинжилгээ өгсөн. Уушгины эход харуулах гэсэн боловч өрөө нь тодорхойгүй байсан учир тус эмнэлэгийн угтах үйлчилгээний ажилтнаас асуухад “Хоёр давхарт 212 тоот өрөөнд байгаа” гэж хэлсэн. Хоёр давхрын 212 тоот өрөөний үүдэнд очиход хаалга нь хаалттай байсан. Намайг өрөөний үүдэнд зогсож байтал өрөөн дотроос Н ороорой гэж хэлэхээр нь би хаалгыг нь онгойлгоод дотогш орсон. Сувилагч эмэгтэй ганцаараа байж байсан. Намайг Н мөн үү гэхээр нь би мөн гэж хариулахад “Яасан удаж ирдэг юм, хувцасаа тайлаад тавчик өмс” гэж загнаад наад эмээ залгиад, уугаарай гээд дөрвөн ширхэг цагаан өнгийн дөрвөлжин дүрстэй, шахмал эм өгөхөөр нь би ямар нэгэн зүйл асуулгүйгээр өгсөн дөрвөн ширхэг эмийг нь шингэн зүйлээр даруулалгүйгээр уусан. Надад эм өгсөн сувилагч намайг амралтын өрөө рүү ороод, шингэн зүйл уугаарай гэж хэлэхээр нь би шингэн зүйл уугаад байж байтал эм ууснаас хойш 30 орчим минутын дараа бие маань даараад, чичрээд эхэлсэн. Гэдсээр базлаад бие засмаар болоод байхаар нь би ариун цэврийн өрөө орж хүндэрсэн. Би буцаад амралтын өрөөнд ороод байж байтал надад эм өгсөн сувилагч “Чи хэний Н юм бэ” гэхээр нь би өөрийгөө Д-н Н гэдэг гэж хэлтэл тухайн сувилагч ямар шалтгаантай гэдгийг нь хэлээгүй ч “Нэр андуурчихсан байна” гэж хэлснээ намайг амралтын өрөөнөөс гаргаад жирэмсний хяналтын картаа өгдөө гэхээр нь би өөрийнхөө жирэмсний хяналтын ягаан өнгийн картаа өгөхөд сувилагч миний хяналтын дэвтэрийг харснаа “Чи чинь жирэмсэн байсан юм уу, яана аа би хүн андуурчихлаа” гээд байсан. Тэгээд байж байтал өрөөнд нэг эрэгтэй эмч орж иртэл надад эм уулгасан сувилагч тухайн эмчид хандаж “Би хүнээ андуураад дөрвөн ширхэг эм уулгачихлаа” гэж хэлэхэд нөгөө эрэгтэй эмч намайг тайвшруулаад хэсэг хэвтчих гээд орон дээр хэвтүүлсэн. Гаднаас дахиад нэг эмэгтэй эмч орж ирээд намайг үзээд “Энэ эмэгтэйг эмчлэх шаардлагатай” гэж хэлээд намайг тэргэнцэрт суулгаад эм уулгасан өрөөнөөс гаргаад өөр өрөөнд оруулж хэвтүүлээд хэд хоног хэвтэн эмчлэх болно гэж хэлсэн. Тухайн өдрөө болон 16-ны өдрүүдэд надад нилээн хэдэн дуслыг үргэжлүүлэн хийгээд байсан. Тэгээд дөрөвдүгээр сарын 17-ны өглөө миний гэдэс гэнэт маш хүчтэй базлаж өвдөөд байхаар нь би хэд хэдэн удаа ариун цэврийн өрөө орж бие засахад цусархаг зүйл гарахаар нь би сувилагчид миний гэдэс базлаад, бие засахаар доошоо цус гараад байна гэж хэлтэл миний хэвлий дээр гараараа дарж үзээд чи төрөх болсон байна гэж хэлээд намайг түрдэг орон дээр хэвтүүлээд төрөх өрөө рүү авч орсон. Төрөх өрөөнд ороод хэвтэж байтал миний гэдэс маш хүчтэй базлаж өвдөж эхэлсэн. Хоёр сувилагч, нэг эх баригч эмч намайг төрүүлсэн бөгөөд 700 грамм жинтэй, 33 см урттай охин хүүхэд дутуу төрөөд хэсэг хугацаанд гэдсэн дээр маань тавиад байлгаж байгаад эмч авч яваад дутуу төрсөн хүүхэд хийдэг энкубатор гэх зүйлд хийсэн. Охин маань төрөхдөө ямар нэгэн дуу чимээ огт гаргаагүй бөгөөд би төрхийн орон дээр цаг гаруй хэвтэж байхад өөр өрөөнд оруулж хэвтүүлсэн. 18-ны орой би охиноо харахад энкубатор төхөөрөмжийн дотор унтаа байдалтай байсан бөгөөд 19-ний өглөө намайг унтаж байтал сувилагч дуудаж сэрээгээд “Хүүхэд чинь болохоо байлаа, уушгинд нь цус алдчихлаа, амьдрах боломжгүй боллоо” гэж хэлэхээр нь би охин дээрээ очиход хоёр эмч охины маань зүрхэнд нь массаж хийж байсан. Хэсэг хугацааны дараа охин маань нас барчихлаа гэж хэлсэн. Тухайн эмч надад ямар үйлчилгээтэй эм өгч байгаа талаар ямар нэгэн зүйл огт хэлээгүй. Надад эм өгсөн сувилагч намайг оронгуут загнаад байсан учир би сандарсандаа өгсөн эмийг ямар нэгэн зүйл асуулгүйгээр шууд уучихсан… Би гомдолтой байна, эмчилгээ хийлгэмээр байна… Б.У хохирлын мөнгө гэж надад хоёр сая төгрөг шилжүүлсэн. Би нийт 10.000.000 төгрөг нэхэмжилж байна…” гэх мэдүүлэг өгчээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Я.С-н гэрчээр өгсөн:  “…Манай эхнэр Н нь зургаан сартай жирэмсэн байсан. 2022 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Эх нялхасын эмнэлэгт хяналтад орох гэж ирсэн ба цус, шээс, мазок, зүрхний эход харуулж шинжилгээ өгсөн. Тэгээд “Уушгиа эход харуулаад ир” гэж хэлсний дагуу хаана үзүүлэхээ мэдэхгүй байж байгаад үүдний хөтөчөөс асуухад 212 тоот өрөөнд оч гэж хэлсэн байсан. Тус өрөө рүү очиж явтал нэг сувилагч чи Н мөн үү гэж манай эхнэрээс асуусан гэсэн. Мөн гэхэд нь нөгөө эмч маш ууртайгаар “Чи яасан удаж ирдэг юм, гадуур хавцасаа тайлаад ширээн дээр байгаа эмийг авч уу гэсний дагуу жирэмсний картаа өгөхөд үзэлгүй, ширээн дээр тавьсан, тэгээд ширээн дээр дөрвөн ширхэг эм байхаар нь бүгдийг нь уусан гэж хэлсэн. Тэгээд эхнэрийн маань бие муудаж, дутуу төрсөн. Охиныг шилэн хоргонд хийж, эмчилгээ хийсэн байх, ямар ч байсан хоёр хоног байсан. Тэгээд нас барчихсан. Эмч хэлэхдээ нярай дотуур цус алдалттай, бид чадах бүхнээ хийсэн гэж хэлсэн. Манай хүн 10 жилийн дараа хоёр дахь хүүхдээ төрүүлсэн ба зургаан сартай, эрүүл саруул бойжиж байсан. Хяналтанд орох гэж ирээд хариуцлагагүй эмчээс болж зулбуулах гэж байсан хүнийг андуурч манай хүнд буруу эм уулгаж, миний охины аминд хүрсэнд маш их гомдолтой байна…” хэмээн мэдүүлэг өгсөн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У-гийн өгсөн: “…Миний ажлын байр “***”-ийн талаар зөвлөгөө мэдээллийг иргэдэд харьяалал харгалзахгүйгээр, цаг авахгүйгээр үйлчилгээ үзүүлдэг кабинет. 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр манай кабинетад Д.Н орж ирсэн. Тухайн үед би компьютер дээр цалингаа бодоод сууж байхдаа Н-ийг орж ирснийг мэдээгүй, 5-10 минут орчим дуудуулсан юм. Тэр өдөр хоёр дахь тунгаа уух Н- гэх хүн ирэх байсан боловч ирээгүй. Би тэр Н-ийг хүлээгээд сууж байсан. Үүдэнд нэг эмэгтэй зогсоод байхаар нь эм уух гэж байгаа Н мөн үү гэхэд мөн гэж хэлэхээр нь би ямар орой ирж байгаа юм бэ, хоёр дахь тун эмийг ийм орой уувал мөд зулбалт явагдахгүй шүү дээ гэж хэлсэн. Эмийн талаар зөвлөгөө өгөх гэж байгаа учир Н-ийг сандал дээр суулгасан. Тэгээд эмийн талаар мөн хэрхэн уудаг талаар зөвлөгөө өгсөн. Тухайн эмийг хэлнийхээ доор шүлсээрээ уусгаж завжны салстаар шимэгдүүлж уудаг эм учир түүнд энэ талаар зөвлөж хэлсэн. Мөн тухайн эм ямар үйлчилгээ үзүүлдэг талаар, зулбалт явагдаж цус гарна, цусархаг ялгадас гарвал хэлээрэй гэж би хэлсэн. Эхний тун эмээ уугаад гэртээ хариад хоёр дахь тун эмээ уухаар ирэхдээ зарим эмэгтэйчүүд хоёр дахь тун эмээ уухаас татгалзаад хэвийн төрдөг тохиолдол байдаг учир Д.Н-ийг эргэлзэж байж магадгүй учир өөрөө шийдвэр гаргах ёстой гэсэн үндсэн дээрээс хоёр  дахь тун эмээ ширээн дээр тавьсан. Яагаад вэ гэхээр тухайн хүн эм уухаасаа татгалзаж болдог учир тэгж тавьсан. Тэгээд үндсэн ажлаа хийж байхад ширээн дээр байсан эмийг Д.Н- өөрөө авч уусан. Ингээд эм уусан учир амрах өрөө буюу хяналтын өрөөнд оруулсан. Хяналтын өрөөнд өглөө цагтаа ирээд эмээ уусан дөрвөн эмэгтэй байсан. Энэ дөрвөн эмэгтэйн зарим нь зулбах ажиллагаа эхлээд ариун цэврийн хэрэглэлээ сольж ойр ойрхон ариун цэврийн өрөө орсон байдалтай дөрвөн эмэгтэйн хамт оруулсан. Энэ дөрвөн эмэгтэйтэй Д.Н хоёр цаг хамт байсан. Тэр хугацаанд зулбалтын үйл ажиллагаа явагдсан. Эмийн үр хөндөлтийн гол хүндрэл нь цус алдах эрсдэлтэй байдаг учир доош гарч байгаа цусны хэмжээ болон гарч байгаа эдийн хэмжээг заавал шалгах ёстой байдаг. Ид дутуу гарах буюу ихсийн эндэгдэлтэй гарвал цус алдах эрсдэлтэй байдаг. Мөн их хэмжээгээр цус алдвал тухайн эмэгтэйг яаралтай эмчид үзүүлэх ёстой үйлчилгээг үзүүлдэг. 12:23 цагт миний утас дуугарч утсаа авахад эм уух ёстой байсан Н байна, ар гэрт маань гачигдал гарсан тул одоо очиж болох уу гэхэд нь хурдан хүрээд ир гэж хэлээд би Н гэдэг эмэгтэй дээр очоод мэдээллийг нь тодруулахад манай жирэмсний хяналтад байсан Н гэх эмэгтэй байсан учир жирэмсний хяналтын Камара эмчид мэдэгдэж тухайн өдрийн эх барих эмчид үзүүлсэн. Яаралтай хүлээн авах тасагт аваачиж Батхишигт хүлээлгэн өгсөн…” гэжээ.

1. Шүүгдэгч Б.У-г Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар эрх хасаж, 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.У-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

4. Шүүгдэгч Б.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Э  өөс 3.300.000 төгрөг /гурван сая гурван зуун мянган/ төгрөг гаргуулж хохирогч Д.Н-т олгосугай.

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-т зааснаар  иргэний хариуцагч Э-өөс 250.000 /хоёр зуун тавин мянган/ төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Д.Н гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч, иргэний хариуцагч нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *