Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Филиппин улстай хамтран ажиллана

0

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр (2024.08.05) манай улсад ажлын айлчлал хийж буй Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд  Энрике А.Маналогийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улс, Бүгд Найрамдах Филиппин Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойг өнгөрөгч 2023 онд тэмдэглэсэн бөгөөд хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан уулзалтын эхэнд онцлоод, цаашид сайн засаглал, Бүсчилсэн хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, арга туршлагаа харилцан хуваалцах асуудлаар санал солилцлоо.

Филиппин улс нь 1950-иад оноос Бүсчилсэн хөгжлийн загвараа тодорхойлж, амжилттай хэрэгжүүлсэн арга туршлагаараа бүс нутагтаа үнэлэгддэг учраас Монгол Улсын Засгийн газрын баримталж буй Бүсчилсэн хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд мэдлэг туршлагаа хуваалцаж, хамтарч ажиллах боломжтой гэдгээ талууд илэрхийлсэн юм.  

Филиппин улс нь байгалийн гамшигт үзэгдлийн тоо, давтамжаараа дэлхийд дээгүүр ордог учраас гамшгийн эрсдэлийн менежментийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан болзошгүй гамшиг, осол, эрсдэл, хохирлыг бууруулах, эрт зарлан мэдээлэх системийг боловсронгуй болгох чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тогтлоо.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *