МОНГОЛ ХЭЛЭНД НЭВТЭРСЭН ЗЭЭЛДМЭЛ ҮГС (2)

0

Бусад аль ч хэлний нэгэн адил монгол хэлний өргөн хэрэглэгддэг мөнөөх 12-15 мянган үгийн сангийн лавтай 20-30 хувь нь гарал үүслээр нь хөөвөл гадаад гаралтай. Дээр авсан бүх жишээнд өргөн хэрэглэгддэг нэршлийн заримыг авсан болно. Үүнээс цаашлан лавшруулбал маш олон бий. Дээр нь уул ус, газар зүйн гадаад угшилтай нэрсийг тоочвол бүр ч аймаар юм болно. Хүний нэр нэмбэл…? Гаднаас орж ирж буй хараал, этгээд хэллэг? Энэ бүхэн ичээд байх зүйл биш, ерөөсөө хэл бол амьд учраас хоорондоо үгсээ солилцон зээлдэлцэн баяжиж хөгжиж буй хэрэг. Сүүлийн үед орж ирсэн зээлдмэл үгсийг харилхан гадуурхаж, орноос нь хэн нэгний зохиосон монгол гэгдэх үгээр орлуулахыг шаардах тулгах нь нийтэд ойлгомжгүй.


МОНГОЛ ХЭЛЭНД НЭВТЭРСЭН ЗЭЭЛДМЭЛ ҮГС (2)

(үргэлжлэл)

XVII зуунаас хойд талаараа Оростой хиллэх болсон монголчууд тэндээс нэлээд үг зээлжээ. Орос хэлнээс: запаас, мохоор, овёс, оочир, бэрээтэг, ниваал, бинтоов, өшөө, чүд чүд, адяал халтуур, балиашиг, таавчиг, соосог, ээс, балмад, хуйснаа, истоор, гүрүүшиг, бараашиг, гачаалдах, горшоонк, пийв, гагарин, эрзваа, бартаар, ёолк, парампаашиг, больнийц, башийх, савхи, ходоок, настрийн, ничээ, окоов, палааж, поошиг гэх мэт. Таваар гэх үг маш эрт орж ирсэн боловч монгол бичгээр “в”-г нь гадаад үгийн “в” тавьснаас болоод үргэлж гадаад үг харагддаг. Молко бол монголоор “сүү” гэсэн үг биш, лаазалж өтгөрүүлсэн сүү. Төмөр замын хөндлөн гарцыг пэрээзэр гэдэг нь “переезд” гэсэн орос үг, тэгсэн мөртөө төмөр замын гарц гэсэн тусгай үг орос хэлэнд байхгүй. Монголчууд пилээтгийг (плитка) лавтай 60-70 жил хэрэглэж байгаа ч хүлээн зөвшөөрдөггүй учир ямар ч толинд байдаггүй. 

Гэтэл орос хэлээр дамжиж орж ирсэн үй олон үг өөрөө латин, герман, англи, франц, герег зэрэг хэлээс орос хэлд нэвтэрсэн зээлдмэл үгс ажээ. Тийм учраас латин сурвалжтай мянга гаруй үг оросоор дамжин монгол хэлд нэвтэрсэн байхад жинхэнэ орос гаралтай 200 орчим үг тоологдож байна. Тиймээс ч англи, франц, герег тус бүр 500 үг байна.

ХХ зуунд техник технологи, шинжлэх ухааны хүчээр гол төлөв орос хэлээр дамжин маш олон үг монгол хэлний санд орж ирсэн юм. Герег хэлний: антологи, арифметик, барометр, геологи, геометр, диаметр, театр, техник, физик, ион, математик, механик, олимп, симфони; Испани хэлний: парад, карго, сигар, гитар, хунт; Итали хэлний: банк, паспорт, фашизм; Араб хэлний: алгоритм, алгебр, адмирал, альманах, зенит, кофе, карат, тариф, цифр, юбка; алс Америк тивийн Азтэк хэлний: какао, тэкила, томат, шокалад гэх мэт.

Цаашилбао Латин хэлний: автобус эффект, экватор, цикл, автомобиль, ассистент, бюллетень, индукци, максимум, вакум, вектор, оптимум, локомотив, реферат, радиус, инфляци, интервал, конспект, сегмент, постулат, субстанц, корпус, декан, дедукци, проект; Герман хэлний: ландшафт, абзац, маршрут, маштаб, лозунг, кноп, лагерь, коструль, канистр, айсбэрг, фартук, шницель, шайб, цайтнот, туфль, рюмк, слесерь, пункт, процент, офицер, официант, шпорот, штанг, шрифт; Холанд хэлний: домкрат, бирж, брезент, пиджак, яармаг, манекин; Франц хэлний: билет, кондуктор, ресторан, авангард, шедевр, сорт, лимузин, биде, пинцет, аванс, котлет, барак, азарт, билярд, балет, банкет, пипетк, ампул, атташе бельтаж, трусик, бандаж, гарнир, крем, гуашь, жанр, бокал, жижүүр, тунель, жест, кафе, купе, коньяк, журнал, мансард, пальто, мэр, экипаж, шифр, теннис, тужурк, шанс, шантаж, парашют, соус, портфель, розетк, руль, сюжет, сеанс, рагу; Польш хэлний: водка, куртк, фортчик, шпаргалк; Чех хэлний: пистолет, робот, колгот гээд явж өгнө. Энд зөв бичгийн дүрмийг орос бичлэгээс одоо баримталж байгаа монголчилсон хувилбараар бичив.

1990 оноос нийгэм нээлттэй болсон, гар утас, компютэр, сансар гэх мэт техник технологийн асар хурдацтай дэвшил гарсан зэргээс болж гол төлөв англи гаралтай нэр томъёо шууд орж ирэх боллоо. Бизнис, хуулийн: аутсорсинг, бизнис, брокэр, дилер, дифольт, дистэрбүтэр, лизинг, копирайт, маркэтинг, мэнэжэр, пиар, франчайзэр, холдинг, офшор, продакшн, офис, промоушн, рэгистрэшн; Спортын: бадмингтон, бокс, гоол, нагдаав, кикбокс, накаут, гандбоол, пэйнтбоол, пэнальт, рэкорд, таймаут, рэгби, ринг, плэй-оф; Мэдээлэл, компютэрийн чиглэлийн: апгрэйд, байт, баннэр, бит, блог, вэб, дисктоп, интэрнэт, лэптоп, линк, микропроцэссор, онлайн, сэрвис, спам, транзистор, файл, софтбэр, хардвэр, хакэр; Физикийн: кварк, лазэр, мазэр, радаар, спин; Өөр бусад: аутсайдар, бакс, бойкот, бүмэранг, жийнс, кастинг, сэкс, лобби, лийдэр, мэйкап, постэр, нау-хау, рэйтинг, скрининг, спикэр, ток-шоу, шоу, шопинг, хот-дог, мак, хит, форвард, фастфүүд гэх мэт. Мөн Япон хэлний: сумо, каратэ, караоки, нинжа, сакэ, судоку, татами, харакири; Солонгос хэлний: панчан, сожу, кимчи. Эдгээр шинэ үгсийг цаад хэлнийх нь дуудлагаар бичив.

Аль ч хэл гадаад үг зээлдэн авахдаа өөрийн аялага, онцлог, дүрэмдээ тохируулан авч бичигтээ буулгадаг. Мөн өөрийн хэлний төстэй үг рүү ч ойртуулан өөриймшүүлэх нь бий. Сигнал гэдэг үгийг чагнах гэдэгтэй ойртуулан “чагнаал”, амартизатор гэдгийг амрах гэдэгтэй ойртуулан “амаржий” гэх маягтай. Япон хэл заавал эгшиг гийгүүлэгч холилдож явдаг учир ink (бэх -англи)-инку,  badge(тэмдэг-англи)-бажу гэх маягтай. Окэй гэсэн англи үгийг япончууд “окэй машта”, хятадууд “окэй ла” гэдэг нь өөрийн болгож буй хэрэг.

Монголчууд эрт үед ч, өнөө үед ч гадаад үгийг өөриймшүүлэхдээ аялага хэллэгтээ тохируулан хэлэлцдэг: Ажил мэргэжлийн: гачигаар, сэлээсэр, мончоор, гүрүүшиг, сэстраа, саньтаар, жижүүр, хаминдаа; Ахуй амьдралын: лоом, лапаатаг, дүрүүжба, канон[дах], остоол, шкаав, түмбүүшиг, гүүпэр, ботроон, болкоон, чардаак, поорчиг, соосог, поошиг, нийвий, хороом, лээвчиг, бандааш, түрүүсэг, госчоом, жэлээтэг, түжүүрэк, пэрчаатаг, польтоо, хүүрчиг, бажийнк, хээт, пүүз, таавчиг, шэлээп, кээпэг, дараап, пилээтэг, холоотог, зовууд, таваар, арзээтаг, ишнүүр, араажав, таанц, тэлвийз, эсмэтаан, барээнь, хомпоод, бараашиг, галавсай, яавлаг, гулиаш, поончог, пэрэшкий, пяраанаг, күлүүб, пүүшиг, мэрзээвтэр, пийвар, гостроол, горшоонк, битаан, эсэглаад; Цэргийн салбар: эрмээнь, таагчиг, нагаан, халиавар, бянтаав, пульмаат, ниваал, застаав, пийшэг, шинээль; Техниктэй холбоотой: шимээсэг, гачаалк, борной, пэрээс, гүүзүү, ноцоосог, сонсмоол, бүлтүүзэр, рүүль, хааз, хардаан, хорооп, хярлаа, халаапан, зозоор, аржаатар, поржоотор, авьтийрак, моост, гачаалдах, нармаалдах, ганжинсаатар, поомп, хоонс, данхраад, чагнаал, мийл, маниул, хумляатор, шалаанк, ханийстар, бахрийшиг, хаймар, эрзээн, таранбүлүүр, каасчир, тооромсог, шаариг, шалаанз, бикаав, автууз, мийкр; Бусад: соовэст, сэроозны, балтаалах, заяд[ах], микроов гэх мэт эдгээр үгсийг хэллэгээр нь бичихэд ойлгохгүй монгол хүн бараг үгүй болов уу.

Галавсайг хиам, яавлагийг алим, сэстрааг сувилагч гэх мэтээр заримыг нь монгол үгээр орлуулан хэлж тогтсон боловч дээрх ихэнх үг энэ байгаагаараа хэрэглэгддэг. Эдгээр нь яаж ч харсан бүрэн өөриймшсөн монгол үг болсон боловч бид ингэж бичдэггүй. Үүнд юун түрүүн бичиг үсэгт илүү ойр байдаг сэхээтнүүд цаад орос бичлэгийг нь мэддэг учраас ийн бичих нь соёлгүй санагддаг юм уу, ингэж хэрэглэдэг. Гэтэл нэгдүгээрт, орчин цагийн кирил монгол бичиг нь Дамдинсүрэнгийн үсгийн дүрмээр халх аялгад тулгууралдаг юм бол, хоёрдугаарт, манж, санскрит, хятад хэлнээс орж ирсэн үгсийг аялага хэллэгтээ тааруулан бүрэн монголчлон бичиж болж байхад голдуу европ зүгээс зээлдсэн үгийг хэллэгнээсээ өөрөөр бичих нь логик муутай мэт. Тэгээд ч цаад угшил болон хэллэг нь өөр хэлний гаралтай үгийг заавал орос бичлэг хэллэгээр бичдэгийг баримтлах нь утга муутай санагдана. Хайнрих Хайнэ гэсэн герман хүний нэрийг Гейнрих Гейне гэж оросууд шал өөрөөр дуудаж бичдэг нь орос хэлний өөрийнх нь дүрэм билээ. Еэвэн гэхэд ордог “е” бол монгол дуудлага нь “е” болохоос ”э” биш шүү дээ. Орос хэлний дүрмээр “п” авиаг зөөлөн дуудвал “пх” гэж тэмдэглэдэг учир Пхеньян гэж бичдэг. Үүнийг шууд орос бичлэгээр тавьснаас болоод бид П-хх-еэ-нянь хэмээн тун ч төвөгтэй хэлэх болжээ. Уул нь Пёньян л даа. Орос дүрмээр Завхан-ыг “Дзабхан” гэж бичдэг нь өөрсдийн аялага хэллэгт ойртуулж буй хэрэг. Улан-Батор, Урга гээд ийм жишээ ховор бус.

Бусад аль ч хэлний нэгэн адил монгол хэлний өргөн хэрэглэгддэг мөнөөх 12-15 мянган үгийн сангийн лавтай 20-30 хувь нь гарал үүслээр нь хөөвөл гадаад гаралтай. Дээр авсан бүх жишээнд өргөн хэрэглэгддэг нэршлийн заримыг авсан болно. Үүнээс цаашлан лавшруулбал маш олон бий. Дээр нь уул ус, газар зүйн гадаад угшилтай нэрсийг тоочвол бүр ч аймаар юм болно. Хүний нэр нэмбэл…? Гаднаас орж ирж буй хараал, этгээд хэллэг? Энэ бүхэн ичээд байх зүйл биш, ерөөсөө хэл бол амьд учраас хоорондоо үгсээ солилцон зээлдэлцэн баяжиж хөгжиж буй хэрэг. Сүүлийн үед орж ирсэн зээлдмэл үгсийг харилхан гадуурхаж, орноос нь хэн нэгний зохиосон монгол гэгдэх үгээр орлуулахыг шаардах тулгах нь нийтэд ойлгомжгүй. Тухайн үедээ “Геометрийн сурах бичиг”, “Органик химийн сурах бичиг”-ийг бүрэн “монголчилж” катед, тригнометр, паралель, ион, валент гэх мэтийн тогтсон нэршлийг ориг монгол үгээр орлуулан хэвлэж байсан нь хэнд ч ойлгогдохгүй бөөн будилаан тарьж байв. Тухайн хэлэнд юуг яаж хүмүүс өөрснөө тогтон ойлголцдог болохоос хэл шинжээчид, эрдэмтэд, нэрт хүмүүс үүнийг тогтоон буй болгодоггүй нь хэл амьдын баталгаа юм. Хүмүүс яаж ярьж байгааг судлан тогтоогчдыг л хэл шинжээч гэдэг шүү дээ. “Тоортыг монголоор юу гэх вэ” гэхээр нь “Идэхээр бялуурдаг юм бол бялуу гэе” гэж Ренчин гуай хариулснаас өдгөө бялуу болсон гэх. Жижиг юмыг дөрвөдөөр “бицэл” гэдгийг академич Цэрэн “бичил” гэж тэмдэглээд микро- гэсэн үгийг орлуулсан гэх. Иймэрхүү нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн монголчлол байдаг боловч тун ховор. Дээр дурдсан пилээтэг гэсэн үгэнд олон жилийн турш олон мэргэд янз бүрийн нэр санал болгосон боловч пилээтэг пилээтгээрээ л үлдсэн. Нэршил юун түрүүн ярилцагч олноор аяндаа хүлээн зөвшөөрөгдөх ёстой юм. СПИД гэж ярьж бичдэг байснаа ДОХ болон хувирахад яггүй олон жил шаардсан. Яахаараа ч орос гаралтай палааж харь үг учир “платье” гэж бичих ёстой мөртөө хятад гаралтай “даашинз”, “бошинз” ориг монголд тооцогддогийг ойлгоход бэрх.

Эрдэмтэдийн тооцоолсноор өнөөдөр дэлхийн хүн ам 6 мянга орчим хэлээр ярьдаг ч жилд 50 орчим нь мөхдөг гэнэ. Шинэ Гвинэйн арлын нэг үзүүрт орших 7 сая папуачууд шал өөр 500 орчим хэлээр ярина. Тэд гадаад үг зээлж ярьдагаас хэл нь мөхөөд байгаа юм биш, дэндүү цөөхүүлээ, өөрийн бичиг үсэг үгүй, хорвоогоос тасархай бөглүү нөхцөлд амьдардаг, хоорондоо ойлголцдоггүй учир аль нэг хэлийг дундын болгохоос өөр гарцгүй зэргээс болж нэг л мэдэхэд уг хэлээр ярьж ойлгодог хүнгүй болдог аж. Бразилийн шугуй, Индонез, Филиппиний уулс, Австралийн цөл, Умарт туйлын мөс, Африкийн ширэнгэд ийм байдлаар мөхөж буй хэл олон бий. Зүүн хойд Азид өдгөө 70 орчим хэлээр хэлэлцдэг гэх авч тун удахгүй хятад, орос, япон, монгол, солонгос гэсэн тавхан хэл үлдэнэ гэж судлаачид хэлж байна.

Алив хэл гадагшаа амьд холбоотой байж, тэндээсээ нэршил төдийгүй хэлц, зүйрлэл, санаа зээлдэн авч байж улам баяжин хөгждөг болохоос гадаад үгнээс болж мөхдөггүй. Өнөөдөр хамгийн олон үгийн нөөцтэй баян нь гэгдэн олон улсын харилцааны голлох гүүр болж чадсан англи хэл үүний жишээ юм. Кэльт, вали зэрэг үндэстнүүд амьдардаг Британий арлыг VIII зууны үед герман овгийн саксон, ют, англикан нар эзлэн суурьшжээ. Түүхийн явцад тэд арлын уугуул иргэдээс асар их үг хэллэг зээлснээс гадна хөрш дани, холанд, исланд, франц, испани хэлнээс олон үг өөриймшүүлжээ. Шашины шалтгаанаар маш олон латин үг орж ирэв. Дундад зууны үед хэдийгээр хаад дээдэс нь германаар ярьдаг байсан ч ард түмний дунд англи хэл бүрэн төлөвшин буй болжээ. Британичууд дэлхийд ноёлон газар газрыг эзэлж аялж, жуулчилж, судалж явахдаа энэ хорвоод хүн төрлөхтөн ярьдаг үй олон хэллэг, нэршлийг зоригтойгоор өөриймшүүлжээ. Дараа нь шинжлэх ухаан техник, технологи, урлаг соёлд англи хэлт америкчууд ноёлох болсноор үнэн хэрэгтээ англи хэл нь олон улсынх болж хувирав. Одоо хамгийн том толь бичиг болох Википэдиа-д испани, япон, хятад, итали хэлээр нэг сая орчим, франц, герман хэлээр хоёр сая гаруй толгой үг байгаа бол англиар 6 сая 861 мянга гэж бичсэн байна.

2024.7-28

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *