Б.Мөнгөнзул дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Шатрын түргэн болон түргэвчилсэн тоглолтын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Астана хотод боллоо.
Энэ сарын 1-нд эхэлж, таван өдөр үргэлжилсэн тус тэмцээнд манай улсаас их мастер С.Билгүүнээр ахлуулсан олон улсын мастер М.Амилал, Ү.Агьбилэг, дэлхийн шатрын холбооны мастер С.Чингүүн, кандитат мастер Б.Мөнгөнзул, дэд мастер А.Эрхэмбаяр нарын бүрэлдэхүүнтэй “Хүннү Эйр” баг амжилттай оролцов.
Тус тэмцээнд тавдугаар ширээнд тоглосон кандитат мастер Б.Мөнгөнзул хувийн дүнгээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, Монголын шатрын спортод нэгэн шинэ түүх бичлээ.
Манай баг шатарчид энэ удаагийн ДАШТ-ий түргэвчилсэн төрөлд 12 тоглосноос зургаа хожиж, нэг тэнцэн, тав хожигдсоноор 12 дугаарт байр эзэлсэн байна. Харин түргэн тоглолтод хэсэгтээ долоон багтай тоглохдоо дөрөв хожиж, гурав хожигдсоноор хэсгээсээ дөрөвдүгээр байраар шалгарч, шилдэг 16 багийн нэг болжээ.