Боловсролын сайд П.Наранбаяр Зүүн бүс хариуцсан орон тооны бус зөвлөхөөрөө Л.Лхагвасүрэнг томилов
Л.Лхагвасүрэн нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багт амьдардаг. Германд Мартин Лютерын Их сургууль, МУИС-ийн Байгалийн ухааны факультет экологич, агнуур зүйч, биологич мэргэжлээр бакалавр, мастерын зэрэг хамгаалсан.
Тэрбээр БОЯ-ны Ойн судлалын хүрээлэн, Дэлхийн байгаль хамгаалах сан, Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг, олон улсын байгууллага, хувийн бизнест ажиллаж байсан туршлагатай.
2011 оноос АНУ-д 13 жил амьдарч ирээд Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4-р багт суурьшин, нийслэлээс гэр бүлтэйгээ хөдөөг зорьж амьдарч байгаа “шинэ малчин, фермер”.
Өнгөрсөн 12 жилд “Монгол өрх үндэсний хөгжлийн загвар аж ахуй” хөтөлбөрийг боловсруулан, малчдын хүүхдүүдийн боловсролын асуудлыг өрх гэрийн бүрэн бүтэн байдалд тулгуурлан хэрхэн шийдвэрлэх талаар ажлуудыг санаачилж яваа аж. Дорнод аймгийн Матад сумын харьяа, Мэнэн багийн бага сургуулийн үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлжээ.