Татварын маргаантай байсан “Kincora Copper” Монгол дахь зэс-алтны төслөө худалдахаар тохиролцжээ

0

“Kincora Copper” компани Монгол дахь зэс-алтны “Хүрэл үнэг” төслөө Австралийн компанид худалдахаар болов.

Удаан хугацаанд үргэлжилсэн татварын маргаанд ороод байсан “Kincora Copper” компани Монгол дахь зэс-алтны “Хүрэл үнэг” төслөө худалдах хэлцэл хийжээ.

Хэрхэн тохиролцов?

“Kincora Copper” компани Дорноговь аймагт эзэмшдэг зэс-алтны хайгуулын “Хүрэл үнэг” төслөө нутаг нэгт “Woomera Mining”-д худалдахаар тохиролцсоноо мэдээлээд байна. Хоёр компанийн байгуулсан хөрөнгө оруулалтын нөхцөлтэй гэрээний дагуу “Woomera Mining” таван жилийн хугацаанд дөрвөн сая ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр төслийн 80 хувийг эзэмших аж.

Харин эзэмшлийн хувь нь 80 хувьд хүрсний дараа төслийн үлдсэн 20 хувийг 10 сая ам.доллароор худалдаж авах, эсвэл үйлдвэрлэсэн металлын борлуулалт тутмаас нэг хувийн рояалти төлбөрийг “Kincora Copper”-т төлөх гэсэн сонголтууд “Woomera Mining”-д нээгдэх аж.

Гэрээний нөхцөлийг биелүүлэхийн тулд “Woomera Mining”-ийн зүгээс нэмэлт хувьцаа гаргах, хувьцаа буцаан худалдан авах замаар хоёр сая ам.долларын хөрөнгө босгохоор төлөвлөжээ. Мөн хэлцлийн хүрээнд “Kincora Copper” компани “Woomera Mining”-ийн 450 мянган ам.доллартой тэнцэх хэмжээний хувьцааг хүлээн авах тул тус компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч нь болох аж.

Дээрх хэлцлийн мэдээлэл гарсны дараа Австралийн бирж дэх “Woomera Mining”-ийн хувьцааны ханш 33 хувиар, “Kincora Copper”-ийн хувьцааны ханш есөн хувиар өссөн байна.

“Woomera Mining” болон “Хүрэл үнэг”-ийн тухайд

Австралийн Аделаид хотод төвтэй “Woomera Mining” нь үнэт металл, цэнэг хураагуурын металлын төслүүдэд төвлөрдөг хайгуулын компани юм. Тус компани одоогоор Баруун Австрали муж дахь литийн “Ravensthorpe”, алт болон никель-зэсийн “Mount Venn”, алтны “Wyloo Dome” зэрэг хайгуулын төслүүдийг эзэмшдэг. Сүүлийн байдлаар зах зээлийн үнэлгээ нь 2.44 сая ам.доллароор хэмжигдэж байна.

Өмнийн говийн зэс порфирын бүсэд орших “Хүрэл үнэг” хайгуулын лиценз нь 175 км.кв талбайг хамардаг. “Kincora Copper” тус талбайд гурван цооногт 46 мянга гаруй метрийн өрөмдлөг хийсэн бөгөөд анхан шатны тооцооллоор 426 мянган тонн зэс, 437 мянган унц алтны нөөцтэй гэж үнэлэгджээ.

“Kincora Copper” яахаар болов?

Өнгөрсөн оноос эхлэн Монгол дахь төслөө худалдахаар шийдвэрлэж, хөрөнгүүддээ хөндлөнгийн стратегийн үнэлгээ хийлгэж эхэлсэн “Kincora Copper”-ийн хувьд дээрх хэлцлийг хийснээр Австрали дахь төслүүддээ бүрэн анхаарлаа хандуулах боломжтой болж байгаа гэхэд болохоор байна. 2023 оны эцсээр тус компани Австрали дахь бүх төслүүдээ 100 хувь эзэмших болсны зэрэгцээ хоёр сая австрали долларын санхүүжилт амжилттай татан төвлөрүүлжээ.

Үүнээс өмнө тус компани 2.7 тэрбум төгрөгийн татварын асуудлаар Монгол Улсын Дээд шүүхэд хандаж, сунжирсан хуулийн маргаантай нүүр тулаад байв. Хууль буцаан үйлчилсэн шинжтэй татварын үндэслэлгүй ногдуулалт, мөн Татварын Ерөнхий газрын аргачлал, маргаан шийдвэрлэх процесс нь Монгол Улсад цаашид хийгдэх их хэмжээний хөрөнгө оруулалтыг хязгаарлаж байна хэмээн “Kincora Copper”-ийн Гүйцэтгэх захирал Сэм Спринг тухайн үед онцолж байлаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *