“Гэмтэл гарсан 43 станцыг засварлаж байна”

0

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газар /ГЗБГЗЗЕГ/-ын хариуцан ажиллуулдаг 43 станцын үйл ажиллагаанд гэмтэл гарчээ. Тодруулбал, нийслэлийн дөрвөн дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт суурилуулсан байнгын ажиллагаатай станцуудын серверт 2024 оны наймдугаар сарын 10-ны өдөр цахилгааны хэлбэлзлээс үүдэлтэй гэмтэл гарч, улмаар систем хандалтын доголдол үүссэн байна. Тус газраас “43 станцын үйл ажиллагаа тодорхойгүй хугацаагаар тасалдаад байна. Бид үүссэн нөхцөл байдлыг судлан холбогдох арга хэмжээг авч станцын хэвийн үйл ажиллагааг хангахаар ажиллаж байна” гэв.

Иймд иргэд төлөвлөсөн хээрийн хэмжилтийн ажлуудаа тухайн нөхцөл байдлыг харгалзан үзэж зохион байгуулахыг анхаарууллаа.

“Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем” нь газрын харилцааны цогц үйл ажиллагааг хангах зорилготой нэгдсэн цахим систем юм.

Уг нэгдсэн цахим систем нь:

  • Төлөвлөлтийн;
  • Газрын биржийн;
  • Үнэлгээ, татвар, төлбөрийн;
  • Кадастрын;
  • Мониторингийн;
  • Хот байгуулалтын гэсэн өгөгдөл цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх, мэдээлэл түгээх зэрэг боломжуудыг багтаасан үндсэн цогц 6 цахим систем болон эдгээрт дэмжлэг үзүүлэх Геодезийн, хаягийн, суурь судалгааны гэсэн гурван мэдээллийн сангаас бүрдэнэ.

    Мөн дээрх бүх мэдээллийг иргэд, олон нийт болоод аж ахуйн нэгж байгууллагуудад хүргэх Геопорталыг үйл ажиллагаанд оруулсан юм.

ГЗБГЗЗГ-ын геопорталаар нийт найман ангилалын 26 дэд төрлийн орон зайн мэдээллийг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад орон зайн веб үйлчилгээгээр гаргасан. Хамгийн сүүлд хийсэн тооцооллоор уг системд нийт 138491 хэрэглэгч хандан ашигласан байна. ГЗБГЗЗГ 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих – Хариуцлагатай газрын харилцааны жил” болгон зарлаад буй. Түүнчлэн Засгийн газраас удахгүй Газрын багц хуулийн төслийг боловсруулж УИХ-ын хаврын чуулганд өргөн барьж, батлуулахаар төлөвлөөд байгаа билээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *