Олимпизмын сайдын 114 тэрбум төгрөгийн төсөв нь ганц мөнгөн медаль болж байна уу
Ерэн онд нийгэм огт өөр нийгмээр солигдох он жилүүдэд Монгол Улс доройтсон. Тийм хэдүй ч Монгол Улс дэлхийн 200 гаруй орны нэг мөн учир олимпод чадах ядахаараа оролцож байлаа. Өрөвдмөөр хэдэн тамирчин, дасгалжуулагч явдаг, зарим үед ганц нэг шагналт байр төдийхөнтэй. Тэр үед Монгол даяарын баяр болсон 1996 оны Атлантагийн олимпоос жүдо бөхийн төрөлд Нармандах хүрэл медаль хүртэж монголчуудыг сэргээж билээ. Олимп байтугай дэлхийн аваргад ч манайх сураггүй. О.Пүрэвбаатар гэнэт цоорч дэлхийн аваргын мөнгөн медалийн төлөө Канадын бөх Сиссауритай барилдахыг монголчууд шөнөжингөө хүлээн байж үзэж билээ. Олимп, дэлхийн аварга гэдэг тийм л үнэ цэнэтэй ганц медальтай байлаа. Энэ бол шууд утгаараа ядуу орны олон улс дахь дүр зураг байсан юм. Хүн төрөлхтний тал хувь нь дурлан үздэгээрээ Олимп гэдэг бол гайхамшиг. Монгол Улсаа даян дэлхийд тунхаглан харуулж буй нэг боломж бол олимп. Болж өгвөл медалийн тоо, аварга төрүүлж чадвал тэр нь хөгжин дээшилж байгаа улс орон шүү гэдгээ дэлхийд зарлаж буй үйл явц юм.
Бээжингийн олимп бол монголчуудын хувьд гайхамшиг байлаа. Долдугаар сарын 1-ний үндэстний хэмжээний үймээн самууныг намжаасан зүйл бол олимпийн аваргууд төрөн гарсан үзэгдэл. Тэрнээс хойш Монголын тамирчид олимпод сэргэсэн. Олимпоос юун ганц медаль горьдох. “Манай тамирчид хэдэн медальтай, бүр хэдэн аваргатай ирэх вэ” гэсэн бат итгэлтэйгээр олимпоо шимтэн үздэг болсон билээ.
Гэвч энэ удаагийн Парисын олимп Монголыг ямар улс болон хувирч, доошоо орж, ерэн оны эхэн үеийн шилжилтийн үедээ эргэн ирж байгааг харуулсан үйл явц боллоо. 1996 оны олимпод Монгол Улс ганц медалиар 200 улсаас 71-д орж орж байсан бол энэ удаад бүр 74-т оров бололтой. Шулуухан хэлэхэд, Монгол Улс өнөөдөр уруудан доройтож байгаагаа хүн төрөлхтний их баяр Олимпийн наадмаар харууллаа. Ганц мөнгөн медальтай яг л ерэн оны эхэн үеийн гунигт түүх давтагдлаа.
Уг нь улс орон бүрт байдаггүй Олимпизмын сайдтай болж тэрбум тэрбумын төсөв батлан өгч онцгойлон харж үзлээ. Гэвч “Сахил хүртээд шал дордов” гээч боллоо. Олимпизмын сайдтай, яамтай Монгол Улс ичгэвтэр байдалд орлоо.
Парисын олимпод оролцсон бүх тамирчид маань байгалиас заяасан өгөгдөл, авьяас, унаган бяр, мэдрэмжээрээ өрсөлдлөө. Тэрнээс тэдний хэнд нь ч Шинжлэх ухаанч бэлтгэл сургуулилт, судалгаа тооцоолол, сэтгэл зүйн хийгээд биеийн хүчний бэлтгэл, хоол ундны дэглэм, эрдэс, нөхөн сэргээлтийн албан ёсны витамин, тэжээл, сэргэлт байсангүй. Зүгээр л хөдөө сумын адуучин залуу наадамд ногт ганзагалан ирж адуутай ноцолдсон эв дүй, бяр чадлаараа зодоглож байгаатай зүйрлэхээр олимпод оролцсоныг та ч харлаа, би ч харлаа, Монгол даяараа харлаа, харамслаа. Энэ нь монголчууд түүхэндээ анх удаа Олимпийн яамтай, сайдтай болсны “гайхамшигт” үр дүн юм. Монгол Улс олимпод оролцож ирсэн бүх цаг үеийн түүхэндээ ийм өндөр төсөвтэй яам, тусгайлсан Үндэсний хороотой оролцож байгаагүй. Бод доо, 114 тэрбум төгрөгийн төсөвтэй олимпод бэлдлээ. Тус Үндэсний хороо нь 180 ажилтантай байлаа шүү дээ.
Парисын олимпод 34 тамирчин оролцсон бол дагаж очсон дарга нарын тоо 120 байлаа. Тэд зүгээр үзэгчид, аялан зугаалагчид байлаа. Гэтэл бусад орны тамирчдын багт явсан олон хүн ямар үүрэгтэй хүмүүс байсан гээч. Манайтай ойролцоо хөгжиж буй гэхээр улс орнууд, тухайлбал станы орнууд гэхэд өөрийн тамирчдын өрсөлдөгчдийн судалгааг бие бялдрын хөгжил, булчингийн массын нарийвчлал, өндөр намын хэмжээ, мэхний хурдны тооцоолол, гаргах алдаа, амжилт олж мэдэх мэхний тэсрэлт, сэтгэл зүйн төлөв байдал зэргийг нэг бүрээр нь компьютер дээр тооцоолох үүрэгтэй том багтай очсон байх юм. Дэвжээнд гарах тамирчдадаа тултал ойлгуулаад, дасгалжуулж байсныг манай олимпийн багийн тэр олон хүн дотор мэдэж байсан нь бий болов уу.
Бүр тэгж ярьвал Монголоос ганц мөнгөн медаль хүртсэн Баасанхүүгийн бүх талын судалгаан дээр Японы талаас долоон мэргэжилтнээс бүрдсэн баг ажилласан байх жишээтэй. Аваргын төлөөх барилдаанд манай Баасанхүүтэй барилдах Японы тамирчин тэдгээр мэргэжилтнүүдийн байрласан тусгай өрөөнөөс дэвжээ рүү шууд гарсан. Бүх судалгааг япончууд хэдийнэ хийчихсэн, сэтгэл зүйн хувьд Японы тэр тамирчин Олимпийн аварга хэдийнээ болчихсон дэвжээнд гарч ирснийг сүүлд бид мэдлээ.
Бусад орны тамирчид ийм бэлтгэлтэй олимпод оролцож байхад манайх өрөвдөм байлаа. Хөлсний байр дамжин амьдарч, хөдөөнөөс ээжийнхээ явуулсан хонины махнаас өөр хоолгүй, бэртэл гэмтэл дунд шүд зуун бэлтгэл хийж, олимпод дэлхийн томчуудтай яс тас үзэлцэж, цусаа гартал тэмцэлдэн шагналт тавдугаар байранд шалгарч байгаа чөлөөт бөхийн тамирчин Отгонжаргал гэж тэр охиныг хүндлэхгүй байхын арга алга. Үүнээс илүү тэгээд яаж барилд гэж хэлэх юм бэ. Ийм амьдрал ахуйтай, орчин нөхцөлтэй, байгалиасаа заяасан бяр чадал, авьяас билгээрээ дэлхийн томчуудыг айлгаад дэвжээнээс буусан Отгонжаргал шиг олон сайхан охид, хөвгүүд минь олимпийн медалийн төлөө барилдаж мултарлаа. Тэд Монголоос өөр газар төрсөн бол бүгд олимпийн аваргууд.
Мэргэжлийн сэтгэл зүйчгүй олимпийн тамирчин гэж өнөөдөр хаана байгаа юм бэ. Монгол л байна шүү дээ. Ингэж бодохоор тэрхүү олимпийн яам, олимпод бэлдэх Үндэсний хорооны удирдлага, олон тэрбум төгрөгийн төсөв дээр шалгалт оруулах хэрэгтэй. Хуулийн хариуцлага тооцох цаг нэгэнт болж. Яагаад гэвэл ямар үр дүн гарсныг монголчууд бүгд харлаа.
Зөвхөн нэг л барьц, нэг л мэхний сонголттой дэвжээнд гарч ирж зуурч зогссоор торгуулиар ялагдаж байгаа жүдогийн дасгалжуулалт гэж байх ёсгүй. Авсан оноогоо ахиулж барилдах бус хамгаалж, халирч барилдах тактикаар бөхчүүдээ дэвжээнд гаргаж байгаа чөлөөт бөхийн дасгалжуулалт байх ёсгүй. Эцсийн мөч хүртэл ажиллах, тэсрэлт, хурд, мэдрэмж, орон зайн онцгой баримжаа… монголын бөхчүүдээс хаачив. Монгол хүн бүр үзэх дуртай бөхийн төрлүүд сэтгэлд огт хүрсэнгүй. Гэтэл бусад орны бөхчүүдийг хар. Тэдэнд техник, тэсрэлт, сэтгэл зүйн хат, тэвчээр байна. Манайханд өчүүхэн ч алга. Үүнийг мөнөөх л 114 тэрбумаар мэргэжилтнүүд хийх ёстой. Тамирчдаа бэлдэх ёстой. Монголын бөхчүүдээс барилдааны гайхамшигтай төгсгөл харагдсангүй. Газар дээрээсээ галзуу юм тасарч хөдлөөд хоёр км-ийн дараа нам суудаг морь шиг юмнууд байж болохгүй. Ингэж олимпод тамирчдаа бэлдэхгүй ээ. Яг энэ хэвээрээ 2028 онд Лос-Анжелесын олимпод оролцоно гэвэл онигоо. Үргүй зардал, үндэстнээ доромжилсон үйл явц болно. Хамгийн гол нь Монгол Улс хөгжлийн ямар түвшинд яваагаа харуулсан, муугаа мэдрүүлсэн хэрэг явдал болно.
Парисын олимпийг дахин давтахгүйн тулд одоо Монгол Улсын Засгийн газраас олимпийн баг тамирчдын алдаа, оноог онцгойлон дүгнэж цэгнэсэн нээлттэй хурал даруй хийх хэрэгтэй. 114 тэрбумын төсөвтэй Олимпийн сайд, Олимпод бэлдэх Үндэсний хорооны ажлыг шалгах ёстой. Хариуцлагын тооцоог хуулийн хүрээнд хийх ёстой. Ингэхийг монголчууд шаардаж байна. Бид ерэн оны эхэн үеийн шилжилтийн хүнд хэцүү үедээ эргэн очсоноо энэ удаагийн Парисын олимпоор харлаа. Олимпизмын сайдын 114 тэрбум төгрөгийн төсөв нь эцсийн дүндээ ганц мөнгөн медаль болж байгаа нь энэ үү!
Өдрийн сонин