БАРИМТ: Олимпын өмнө жүдо бөхийн тамирчид улсын төсвийн 166.3 сая төгрөгөөр холбооны ерөнхийлөгч Х.Баттулгын “Баянгол ресорт”-д нэг сар бэлтгэл хийжээ
“Парис-2024” зуны олимпын наадамд оролцсон манай улсын тамирчдаас жүдо бөхийн төрөлд оролцсон Б.Баасанхүү мөнгөн медаль хүртсэн. Харин бусад тамирчид тодорхой хэмжээний амжилт үзүүлж, шагналт байрт шалгарсан ч монголчуудын хүсэн хүлээсэн амжилтыг үзүүлж чадаагүй. Энэ нь тамирчдын бэлтгэл сургуулилт, сэтгэл зүйч, хоол зүйч зэрэгтэй холбоотой гэдгийг хэлэх хүн олон байгаа.
Тэгвэл жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид олимпын наадмыг зорихынхоо өмнө “Баянгол ресорт” төвд нэг сарын хугацаатай бэлтгэл сургуулилт хийсэн байна. Тодруулбал, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч, бэлтгэл хангагч зэрэг нийт 40 хүн энэ оны зургаадугаар сарын 26-ны өдрөөс долдугаар сарын 27-ны хооронд “Баянгол ресорт” төвд бэлтгэл цугларалт хийжээ.
Ингэхдээ улсын төсвийн 166.3 сая төгрөг зарцуулсан байх аж. Нарийвчилбал, тус төвд байрлах байр хоолны зардалд 163.2 сая төгрөг, дэвжээ хэрэгсэл зөөх тээврийн зардалд 600 мянга, нэмэлт хоол хүнсэнд 2.5 сая төгрөг зарцуулсан нь баримтаас харагдаж байна.
Энд анхаарал татаж буй нэг зүйл нь жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг яагаад “Баянгол ресорт”-д бэлтгэл хийлгэв гэдэг асуудал. Учир нь Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр Х.Баттулга ажилладаг. Харин дээрх “Баянгол ресорт” төв нь түүний эгч Х.Цэндбаярынх. Магадгүй энэ нь холбооны ерөнхийлөгчийнх нь хамаарал бүхий байгууллагад давуу байдал бий болгож, улсын төсвийн мөнгөөр тамирчдын бэлтгэл сургуулилтыг хангуулсан юм биш үү гэх хардлагыг төрүүлж байгаа юм.
Эх сурвалж: isee.mn