Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ

0

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2024.08.21/ хуралдаж, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хороо тогтоолын төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ирэх дөрвөн жилд Засгийн газрын хөтөлбөрт гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хэрхэн төсөөлж тусгасан бэ. Гадаадын хөрөнгө оруулагчид буурсан нь засаглал, санхүү, эдийн засгийн орчинтой холбоотой. Засгийн газрын  үйл ажиллагааны дөрвөн жилийн хөтөлбөрийн бодит хэрэгжилтийг хангахын тулд гадны хөрөнгө оруулалт, хүн хүч, чадварлаг нөөц, техник технологи, санхүүгийн хувьд ч эрсдэлээ хуваалцах гадны хөрөнгө оруулалт, гадаад бодлого зайлшгүй шаардлагатай. Эдийн засгийн аюулгүй байдал хэдэн хувь хангагдсан гэж үзэж байгаа вэ. Хангагдахгүй байгаа шалтгаан юу вэ. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр хангагдахгүй байгаа хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдөх бол хэмээн асуусан.  

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт банк, санхүүгийн даатгалын салбарт хөрөнгө оруулалтыг дэмжих асуудлыг тусгасан. Тухайлбал гадаадын банкны салбар нэгжийг дотоодын зах зээлд нэвтрүүлэх, гадаадын хөрөнгө оруулалттай банк, санхүүгийн байгууллага байгуулах асуудлууд бий. Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчдыг нэмэгдүүлэх, татварын таатай орчинд бүрдүүлэх, даатгалын салбарыг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлнэ. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татвар болон нийгмийн даатгалын бодлогоор дэмжих асуудлыг мөн тусгасан. Цахим татварын тогтолцоог олон улсын стандартад нийцүүлж, ажил олгогч, даатгуулагч харилцан өгөөжтэй байхаар татварын орчныг зохицуулна. Боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн импортыг татварын бодлогоор дэмжинэ. Хувийн өмчийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулан, Хөрөнгө оруулалтын тухай хууль болон бусад багц хуулийг шинэчилнэ. Шинэ аж ахуйн нэгжид тулгардаг саад хоригийг арилгаж, старт ап болон зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжих монополын эсрэг арга хэмжээг авна. Зөвшөөрөл олголтыг бүрэн цахимжуулна гэсэн хариултыг өгсөн.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Манай улсын ОХУ-тай хамтарсан хил шалгалтын ажил ямар түвшинд явж байгаа вэ. Үүнийг эрчимжүүлж, хилийн асуудлыг НҮБ-д албан ёсоор бүртгүүлэх бололцоо ирэх дөрвөн жилд гарах уу хэмээн тодруулсан.

Мөн тэрбээр гадаад орон дахь дипломат төлөөлөгчийн газар, ялангуяа Швейцар, Тайланд дахь ЭСЯ, төлөөлөгчийн газрын орон тоог нэмэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг,  Монгол Оросын хилийн хамтарсан шалгах комисс өнгөрсөн оноос эхлэн ажиллаж байна. Ирэх жил хойд хилээ хянан шалгаж, тэмдэгжүүлэх ажил дуусна. Энэ ажлын явц өнөөдрийн байдлаар 70 гаруй хувьтай байна. Ирэх онд ажил дуусахаар хоёр тал баталгаажуулж, тэмдэг, тэмдэглэгээгээ хийгээд олон улсад бүртгүүлэх ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж байна. ГХЯ хүний нөөцийнхөө бодлогод онцгой анхаарч байгаа. Орон тоогоо нэмэгдүүлэх шаардлага бий. Гэхдээ дипломат албанд ажиллаж байгаа хүн бүр цаг үеэ оновчтой мэдэрч, хандлагаа өөрчлөх цаг болсон. Энэ хүрээнд шинэчлэл хийж байгаа. Тайланд, Швейцарт НҮБ, бусад олон улсын байгууллагуудын бүсийн төвүүд байдаг. Энэ орнуудад байгаа хязгаарлагдмал хүний нөөц, орон тоогоо хэрхэн оновчтой хуваарилах тал дээр эхний ээлжинд анхаарч ажиллана. Алсдаа хүний нөөц, цалинг нэмэгдүүлэх боломжийг Засгийн газрын хүрээндээ ярьж шийдэхээр төлөвлөж байгаа гэсэн хариулт өгөв.  

Гишүүд асуулт асууж, хариулт авсаны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Дараа нь Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан, аудитын дүгнэлтийг Монгол Улсын ерөнхий аудитор Д.Загджав танилцуулав.

Сангийн сайд Б.Жавхлан, “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт үндэслэн 2024 оны төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэв. Энэхүү тодотголоор улс орны өмнө тулгарч буй сорилд тулгамдаж буй асуудлуудыг шийдэх, эдийн засгийн өсөлтийг 5-6 ба түүнээс дээш хувьд, инфляцыг 1 оронтой тоонд, зээлжих зэрэглэлийг тогтвортой түвшинд хадгалах нөхцөлийг бүрдүүлэх хурдтай, зоригтой, эрс шийдвэрүүдийг гаргаж, шинэ 30 жилийн хөгжлийн гарааг эхлүүлэх хөгжлийн нөхцөлүүдийг бодитой хэрэгжүүлж эхлэх үндсэн суурийг тавьж байгааг тэрбээр танилцуулгынхаа эхэнд онцолсон. “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” Монгол Улсын урт хугацаанд урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлж, хөгжлийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй хурдтай шийдвэрлэхэд чиглэсэн багц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ гэлээ.

Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Нийслэлийн их, бага тойруу дахь төрийн эрх мэдлийн хэт төвлөрлийг задалж, “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” ган татлагат гүүр, Хөшигийн хөндийн туннел, Хөшигийн хөндийд төр, захиргааны нэгдсэн байр, аймгийн төв, сумд болон хилийн боомтуудыг холбох “Шинэ сэргэлтийн таван тойрог” автозамын төсөл, Шинэ Хархорум төсөл, Шинэ Зуунмод хот, Туулын хурдны зам зэрэг төслүүдийг Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөн, бэлтгэл ажлыг хангах ТЭЗҮ, зураг төсвийн санхүүжилтийг төсвийн тодотголд тусгасан байна.

Гадаад зээлийн эх үүсвэрээр санхүүжиж буй Бүсчилсэн хөгжил, Шинэ сэргэлтийн бодлогын дэд бүтэц, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний ашиглалтыг 984 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж төсвийн тодотголд тусгасан байна.

Мөн эрчим хүчний салбарын үнэ тарифын реформыг цаг алдалгүй эхлүүлж, зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлж либералчлах, хувийн хэвшил тус салбарт хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлж, салбарын санхүү, эдийн засгийн тогтвортой суурийг тавихад дэмжлэг үзүүлэх шилжилтийн үеийн зардлыг төсвийн тодотголын төсөлд тусгасан хэмээн Б.Жавхлан сайд танилцуулсан.

Түүнчлэн Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон холбогдох бусад хууль, тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд зарим төсвийн ерөнхийлөн захирагч хооронд зарим чиг үүрэг шилжсэн, шинээр төсвийн ерөнхийлөн захирагч бий болсон, мөн зарим яам, агентлагийн нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-т заасны дагуу Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд төсвийн зохицуулалт хийнэ гэлээ.

Монгол Улсын ерөнхий аудитор Д.Загджав, Засгийн газрын  бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон нь Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх нөхцөлийг бүрдүүлж, улс төрийн гурван намаас “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” гэрээ байгуулж, эдийн засгийн суурийг тэлэх эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэржилтийн хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн нь Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 34.1.4-т заасан төсөвт тодотгол хийх шаардлагыг бий болгосон байна.

Төрийн аудитын байгууллага нь Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэж байна хэмээн танилцуулсан.

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний салбарын төсвийн тодотголтой холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Хосбаяр,  Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний салбарын бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын төслүүдийн ТЭЗҮ-г хийхэд 60 тэрбум төгрөг төсөвлөжээ. Гэтэл он дуусахад дөрвөн сар дутуу байна. Энэ хугацаанд тендер шалгаруулан гэрээ байгуулж, төсөвлөсөн мөнгө эзэндээ хүрч амжих үү хэмээн лавласан.

Сангийн сайд Б.Жавхлан, Энэ жил төсвийн боломж гарч байгаа дээр бид төлөвлөсөн ажлаа гүйцэтгэхээр ийнхүү тодотголд тусгаж байгаа юм. Мэдээж ажлаа түргэн шуурхай гүйцэтгэхээр чармайн ажиллана. Бүсчилсэн хөгжлийн хувьд бидэнд шинэ асуудлууд бий. Тогтсон хугацаанд төлөвлөсөн ажлаа хийж амжихгүй зохицуулалт хийж, дараагийн жил үргэлжлүүлэн төлөвлөсөн ажилд зарцуулах эрхийг нь Засгийн газар шийдээд явна хэмээн хариулсан юм.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлснээр хуралдаан өндөрлөж, хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *