5Ш ажиллагааг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгээс эхэлье

0

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан одоогоос нэг жилийн өмнө УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг парламентаар хэлэлцүүлж байсан. Үүнээс өмнө их яриа хөөрөө болж гишүүд Ё.Баатарбилэгийг хамгаалж авч үлдсэн. “Хөгжлийн банкны” гэх хэргийн шүүх хурлыг удахгүй хийнэ. Өөр цаг хугацаанд болсон, олон тусдаа гэмт хэрэгт прокурор эрүүгийн нэг дугаар өгснөөр 80 гаруй шүүгчдэгчтэй Хөгжлийн банкны хэрэг яаж ч мэдэхээр болоод байна. Хэргүүдийг нь хооронд нь тусгаарлах зүйтэй байж мэдэх юм. Өдгөө хилийн хоригтой байгаа Ё.Баатарбилэг нарын яллагдагч гишүүдийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг Улсын Ерөнхий прокурор УИХ-д дахин танилцуулах нь цаг үеэ олохоор байна. Учир нь, Засгийн газар авлигатай тэмцэх 5Ш бодлогоо зарласан бөгөөд энэ дунд нийтийн албан тушаалтнуудын үндэслэлгүй хөрөнгөжих асуудалтай онцгойлон тэмцэхээ зарласан.

Ёндонпэрэнлэйн Баатарбилэг гэж хэн юм бэ?

1975 онд Архангайн Эрдэнэбулган суманд төрсөн, түүхч, археологич мэргэжилтэй УИХ-ын гишүүн. Н.Энхбаярын Ерөнхийлөгч байхад нь шадар туслах, дараа нь Архангай аймгийн Засаг дарга, сүүлд УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд хийж байсан, ардын дуунд дуртай нэгэн. Аймгийн Засаг дарга байхдаа АТГ-ын хаалгыг онголзуулж нэг, хоригдож нэг явсан Ё.Баатарбилэг УИХ-д хоёр ч сонгогдож ажиллахдаа гавьяа байгуулсангүй ээ. Төрийн албаны шатлан дэвших мерит тогтолцоог самрах Төрийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачлан төрийн албыг цүнх баригчдаар дүүргэх үүдийг нээсэн явдалд халаглах хүмүүс цөөнгүй.

Харин Хөгжлийн банкны зээлийн шалгуур хангахгүй “НВЦ” компанийн төслийг бүтээж өгсний шан харамж болгон захирлаас нь 100 мянган ам.доллар буюу 247 сая төгрөг авсан, Сэлбэ хотхоны F байрны 38 тоот байрыг зогсоолтой нь, Lexus 570 маркийн автомашиныг ямар мөнгөөр авснаа нотолж чаддаггүй болсон хэргээрээ шүүхийн хаалга татаад байгаа. Таван Ш ажиллагааны хүрээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн төрийн дарга нарын хууль бусаар олсон орлогыг улсын орлого болгох юм гэсэн. Тийм шударга ёсыг тогтооё гэвэл Ё.Баатарбилэгээс эхлүүлэх хэрэгтэй, Л.Оюун-Эрдэнэ сайд аа.

Capture2.PNG
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболдыг өрсөлдөхөд Ё.Баатарбилэг Х.Баттулгын дүрд тоглон бэлдсэн асуултад хариулж буй нь. МҮОНТВ иргэдийг хуурч, МАН-ын нэр дэвшигчид асуултыг урьдчилан өгч бэлдүүлж буй уг бичлэг нийтэд ил болсон билээ.

НВЦ Ц.Баатарбилэг ба УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг

Шувуун фабрикт өссөн Ц.Баатарбилэг өндөг импортын НВЦ компанийн эзэн. Түүний JCI-д танилцсан найз нь УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг. Ё.Баатарбилэгээр дамжуулсан уу, мэдэхгүй ч сүүлийн жилүүдэд Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нарын Архангайн гишүүдтэй танилцсанаас гадна ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Даажамба, Хөгжлийн банкны газрын захирал Ч.Мөнхбаяр, мэргэжилтэн Л.Аззаяа нартай “нөхөрлөжээ”. Ц.Баатарбилэг 2017 оны 9 сард Хөгжлийн банкны зээлээ бүтээсэн. Ингэж бүтээхээс нь өмнө Ц.Баатарбилэг хүнээр НВЦ компанийн төслийн материалаа Ё.Баатарбилэг гишүүнд өгүүлсэн, гишүүн хэд хоног “уншсан”. Дараа нь зээл нь бүтсэн гэдэг юм билээ.

Үүний дараа Ё.Баатарбилэгийн машиныг Хангарьд ордны зогсоолд байхад нь Ц.Баатарбилэгийн жолооч Гангаа мөнгө хар ууттай 100.000 ам.доллар өгсөн гэдэг. НВЦ-ийн захирал Ц.Баатарбилэг Хөгжлийн банкны Аззаяаг үнэртэй ус, брэндийн хэтэвч, оргилуур дарсаар шагнасан тухай, Даажамбад тэрхүү брэндийн хэтэвч очсон тухай яриа ч бий. Хэтэвч хоосон байсан уу, үгүй юу гэдгийг харин шүүх хурлын үеэр ярих болов уу. Хөгжлийн банкны Ч.Мөнхбаярыг шоудуулсан тухай ч яриа чих дэлсдэг.

Ц.Баатарбилэг ч тэр, Ё.Баатарбилэг ч тэр найз нөхөд гэдгээ олноос нуудаггүй. Гэхдээ “Хөдөө аж ахуй, шувууны гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн цогц төсөл”-д Хөгжлийн банкнаас 21 сая ам.доллар авах шалгуурыг хангахааргүй байхад нь зээл олгогдсон. 2022 оны 12 сарын 31-ний байдлаар үндсэн зээлийн өрийн үлдэгдэл 59.84 тэрбум, үндсэн хүүгийн үлдэгдэл 11.50 тэрбум, нэмэгдүүлсэн хүү 71.31 тэрбум төгрөг төгрөг байгаа бөгөөд “чанаргүй зээл”-ийн ангилалд шилжсэн болох нь Хөгжлийн банкны сонсголын үеэр нийтэд ил болсон юм. Тус компани 21 сая ам.доллар аваад 9.7 сая ам.долларыг зориулалтын бусаар зарцуулсан гэж үзжээ.

892739_521252937924958_386513227_o.jpg
Ц.Баатарбилэг, Ё.Баатарбилэг нар JCI байгууллагад “Ерөнхийлөгч” байж үзсэн
Capture1.PNG
Зээлийн зөрчил
Capture.PNG
Түр хорооны шинжээчийн дүгнэлт

Хөгжлийн банкны сонсгол улстөрч-зээлдэгч хамаарлыг олон нийтэд илчилснээрээ, Хөгжлийн банкны зээл ямархан нөхдөд очиж байсныг мэдээлснээрээ онцлог болсон. Харин шүүх хурлаар түүний цаана ямар үйл явдал өрнөснийг ил болгох учиртай юм. Тэгэхээр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг гэдэг нөхөр Сэлбэ хотхоны байр, жийп машин, 100.000 ам.долларынхаа учрыг нийтэд хэлэхгүй байгаа хойно буруутай эсэх нь тогтоогдсоны хойно Засгийн газрын 5Ш ажиллагаа төрийн түшээдээс эхэлж үйлчлэх үү, үгүй юу гэдгийг харах л үлдлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *