Бохир усаа худагт хийж, соруулдаг орон сууцыг улсын комисс хүлээн авчээ
“Смарт таун 1” хотхоны бохир байнга хальдаг. Үүнээс үүдэн орчин тойрон нь бохирдож, халдварт өвчин гарах эрсдэл үүсжээ. Энэ нь бохир усаа худагт хийдэг, тэрийгээ соруулдаг орон сууцыг ашиглалтад хүлээн авсан улсын комиссынхны алдаа хэмээн оршин суугчид нь үзэж байв. Үүнээс болж оршин суугчид бохир соруулахын тулд сард 6-7 сая төгрөг зарлагаддаг байна. Хан-Уул дүүргийн 7-р хороонд байрлах “Смарт таун 1” хотхон гэх 17 давхар барилгыг “Анд ноёд” компани барьжээ. Тус орон сууцанд 100 гаруй өрхийн 500 иргэн амьдардаг. Гэтэл Барилга ашиглалтад хүлээн авах улсын комиссын буруутай үйл ажиллагаанаас үүдэн, халдварт өвчний голомт болох эрсдэл энд бүрджээ.
Цаашлаад “Смарт таун 1” хотхонтой 20 хүрэхгүй метрийн зайтай оршдог 60-р сургууль, 73-р цэцэрлэгийн хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа юм. Цэцэрлэг, сургууль ороход 10 хоног үлдлээ. Тэгвэл үүнээс өмнө бохирын шугам холбох ажлыг эхлүүлэх шаардлага тулгарчээ. Учир нь сургууль, цэцэрлэг орсон тохиолдолд хүүхдүүд бохир хальсан газраар холхиж халдварт өвчин тусах нөхцөл бүрдэх юм.
“Смарт таун 1” хотхоныг соруулдаг худагтайгаар хүлээн авсан С.Төмөрдулам, О.Оджаргал нарыг АТГ шалгаж байна
Биднийг очиход 60-р сургууль, 73-р цэцэрлэгийн ойролцоо байрлах “Смарт таун 1” хотхоны бохирын худаг хальсан, ойр орчимд өмхий үнэр тархсан, ялаа шавсан байлаа. Эндхийн оршин суугчид хоёр жилийн турш хамар цоргим хүхрийн үнэрт амьдарч иржээ. Энэ асуудлыг шийдүүлэхээр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхланд Хан-Уул дүүргийн засаг дарга байхад нь хандсан ч үр дүн гараагүй. Одоо ч хотын дарга Х.Нямбаатар, БОАЖЯ, Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөллүүдэд хандаж байгаа аж. Тэд “Анд ноёд” компанийн удирдлагуудад удаа дараа шаардлага тавьсан ч оршин суугчдын асуудлыг шийдэж өгөөгүй юм байна. Уулзалт зохион байгуулахад ирдэггүй, оффис нь хаяг дээрх байршилдаа байдаггүй гэдгийг оршин суугчид хэллээ.
Тэд “Бид анх байр авахдаа бүх л асуудлаа шийдүүлсэн байх ёстой. Гэтэл одоо ч барилгынх нь ажил дутуу дулимаг. Ийм орон сууцыг Барилга ашиглалтад хүлээн авах улсын комиссын гишүүд яаж хүлээн авсан юм бэ. Одоо хариуцлагыг хэн хүлээх вэ. “Анд ноёд” компани улсад өртэй учир барьсан орон сууцыг нь бохирын шугам хоолойд холбохгүй байгаа юм байна лээ. Бид энэ орон сууцанд орох гэж нэлээд асуудал болсон. Барилгын ажил гацсан.
Бид дүүргийн удирдлагуудад удаа дараа гомдол гаргаж, цагдаад хандсаны эцэст орон сууцаа бариулж авсан. Гэтэл одоо оршин суугчид сард 6-7 сая төгрөг төлөн, бохироо соруулж байна. Санхүүгийн хувьд туйлын хүндрэлтэй байна” гэлээ.
Бохир усаа өдөрт хоёр удаа соруулахгүй бол хальчихдаг аж. Соруулахын тулд нэг айл өдөрт 120 орчим мянган төгрөг төлдөг. “Анд ноёд” компани энэ орон сууцаа бохирын төвлөрсөн шугамд холбохгүй бол ойр орчимд нь барьж байгаа барилгуудыг ч бохирын шугам сүлжээнд холбохгүй. Учир нь бохирын шугам хоолой холбох зөвшөөрөл зөвхөн “Анд ноёд” компанийн нэр дээр гарчээ. Өдөр бүр бохиртойгоо холилдож буй “Смарт таун 1” хотхоныг соруулдаг худагтайгаар улсын комисс хүлээн авсан нь өнөөдрийн энэ эрсдэл гарах гол шалгаан болжээ. Өөрөөр хэлбэл, барилга ашиглалтад оруулах хууль тогтоомжийг улсын комисс зөрчиж, ойр орчмын сургууль, хотхон, гэр хорооллын иргэдийг эрүүл мэндээрээ хохироход хүргээд буй.
“Смарт таун 1” хотхоныг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтийг Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам, Хотын стандарт, хяналтын газрын Барилга байгууламжийн ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга О.Оджаргал нар баталгаажуулан, гарын үсэг зуржээ. Иймд барилгын хууль, дүрэм зөрчсөн дүгнэлтийг баталгаажуулж, олон нийтийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг С.Төмөрдулам, О.Оджаргал нар зөрчсөн хэмээн оршин суугчид үзэж байна.
С.Төмөрдулам 2019 оноос Хотын стандарт, хяналтын газрын даргын алба хашихын сацуу Бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга, байгууламж ашиглалтад оруулах комиссын даргаар ажиллаж буй. Өөрөөр бол, 2019 оноос хойш нийслэлд ашиглалтад орсон бүх барилгыг С.Төмөрдуламын ахалсан улсын комисс ашиглалтад хүлээж авсан гэсэн үг юм. Гэтэл С.Төмөрдулам эл албан тушаал, эрх мэдлээ ашиглан, стандартын шаардлага хангаагүй, чанаргүй, хууль бусаар барьсан барилгуудыг ашиглалтад хүлээн авахдаа авлига авсан байж болзошгүй сэжүүрүүд илэрсэн учраас АТГ түүнийг шалгаж байгаа ажээ.
О.Оджаргал мөн адил барилга ашиглалтад оруулах явцдаа авлига авсан хэргээр шалгагдаж байна. Тэдний ажилдаа хариуцлагагүй хандсаны хор уршгийг иргэд амсаж байгаагийн нэгэн жишээг “Смарт таун 1 “хотхоноос харж болох юм. Тус хотхоны оршин суугчид Барилга ашиглалтад хүлээн авах улсын комиссын бүрэлдэхүүнд ч мөн хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурь илэрхийллээ.