Б.Баасанхүүг “Макс групп”-ийн ерөнхийлөгч Д.Ганбаатар 50.000 ам.доллароор урамшуулав
Хөдөлмөрийн баатар, Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, “Макс групп”-ийн ерөнхийлөгч Д.Ганбаатар, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, “Макс групп”-ийн ерөнхий захирал Д.Цэрэнжигмэд нар “Парис 2024” олимпод амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэн Б.Баасанхүүг 50.000 ам.доллар, түүний дасгалжуулагч нарыг 30 сая төгрөгөөр урамшууллаа. Тэдэнд урамшууллын мөнгийг бэлнээр олгожээ.
Б.Баасанхүү “Миний өнөөдрийн гаргасан амжилт “Макс групп”-тэй салшгүй холбоотой. Миний спортын гараа “Макс групп”-ийн нэрэмжит “Макс цом” 2013 оны жүдо бөхийн өсвөрийн тэмцээнд оролцож, анхны хүрэл медалиа хүртсэнээр эхэлсэн. 11 жилийн дараа “Парис 2024” олимпоос мөнгөн медаль хүртэж, өнөөдөр ийнхүү хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн, 50.000 ам.долларын шагналыг “Макс групп”-ийн удирдлагуудаасаа хүртэж байгаадаа маш их баяртай байна. Миний амжилт бүрийн ард хамтдаа зүтгэж буй дасгалжуулагч нарт 30 сая төгрөгийн мөнгөн урамшуулал өгсөнд маш их талархаж байна. 2028 оны олимпын наадамд амжилтаа ахиулна гэдэгтээ итгэлтэй байна” гэлээ.
Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, “Макс групп”-ийн ерөнхийлөгч Д.Ганбаатар “Парис 2024” олимп үзэн, Б.Баасанхүүтэй уулзаж, хувийнхаа зүгээс автомашинаар, дасгалжуулагч нарыг нь мөнгөн шагналаар урамшуулахаа амласан юм. Уг амлалтаа ийн биелүүллээ.