Д.Кекүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарын хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэж эхэллээ
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Д.Кекүшюзанбатбаяр, гэргий, Гавьяат жүжигчин Т.Баясгалан, бизнесийн хамтрагч Н.Болормаа, Д.Цэрэндорж нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хоёр дахь удаагаа хэлэлцэж эхэллээ.
Шүүхийн хэлэлцүүлэг шүүгдэгч нарын яллах дүгнэлтийг уншиж сонсгосноор өчигдөр 18.00 цагийн үед завсарлаж, өнөөдөр үргэлжлэхээр болсон бoгooд шийдвэрээ хараахан гаргаж амжихгүй бололтой. Д.Кекүшюзанбатбаяр гэргийнхээ хамтаар Богд хан уулын дархан цаазат, тусгай хамгаалалттай хэд хэдэн бүсэд газар авч, түүнийгээ зориулалт бусаар ашиглаж төрийн яамныхныг мэхэлсэн, “Уран ган” компанийн захирал Б.Лхагвасүрэн гэх зэрэг хүнд тухайн газраасаа oгч, оронд нь автомашинууд авч мoнгo угаасан хэрэгт холбогдсон юм. Бас Б.Цэрэндоржтой хамтран “Гашуунсухайтаас БНХАУ-ын Ганцмод хилийн боомт хүртэл газар доогуур нүүрс тээвэрлэх битүү, туузан дамжуурга байгуулах ажилд хамтарна, хөрөнгө оруулалт хийнэ” гэж өмнөд хөршийн иргэнээс 14 тэрбум шахам төгрөг залилсан, Монгол Улсын Засгийн газар, УИХ, Тэргүүн шадар сайд, Шадар сайд болон яамдын албан бичгүүдийг хуурамчаар үйлдэж, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Евроази интернэйшнл инвестмент групп” ХХК-ийн захирал Вү Сэнчианг гэх хүнд итгэл төрүүлэн 16 тэрбум шахам тoгрoгтэй тэнцэх валютыг Н.Болормаатай хамтран мэхэлсэн хэрэгт холбогдсон билээ. НПГ-аас Д.Кекүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Д.Цэрэндорж нарт Эрүүгийн хуулийн 17.3-2.2 дахь хэсэгт заасан бусдыг залилан мэхэлсэн, 18.6-1-ийн мөнгө угаасан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм.
Уг нь эл хэргийг 2023 оны өнгөрсөн дөрөвдүгээр сард дээрх шүүхийн шүүгч Б.Батболор хянан хэлэлцээд цагаатгах тогтоол гаргасан. Анхан шатны шүүхийн эл тогтоолыг НПГ-ын хяналтын прокурор, хохирогч “Евроази интернэйшнл инвестмент групп” ХХК-ийнхан, иргэний нэхэмжлэгч Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан, иргэний нэхэмжлэгч “Уран ган” компанийн захирал Б.Лхагвасүрэн нар эсэргүүцэн давж заалдсанаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон билээ. Гэвч шүүх хурлыг шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нар үл ялих шалтгаанаар хойшлуулсаар oнooг хүрсэн юм.