БАРИМТ: Соёлын сайд Ч.Номин төсвийн мөнгөөр хувийн бизнесээ санхүүжүүлж, 187 сая төгрөг шилжүүлжээ

0

 Соёлын сайд Ч.Номин төсвийн мөнгөөр  бизнес хамтрагчийнхаа компанийг санхүүжүүлсэн нэгэн баримтыг Шилэн дансны мэдээллээс харж болох нь. 

Тодруулбал, Соёл урлагийн газар 2022 оны долдугаар сард Ж.Энхжаргалангийн “Би ар би пикчерс” ХХК-тай гэрээ байгуулж “дрон үзүүлбэрийн санхүүжилт” гэх нэрээр долдугаар сарын 08-ны өдөр нийт 187 сая төгрөгийг хоёр удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн болох нь Шилэн дансны сайтад бичигджээ.

 Тус компани нь Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын үеэр цэнгэлдэх орчимд дрон нисгэсэн бөгөөд төлбөр мөнгийг нь Соёлын сайд Ч.Номин сайд шийдэж өгчээ.  

Ж.Энхжаргалан, Ч.Номин нар нь  “Би ар би пикчерс” ХХК-ийг хамтран үүсгэн байгуулснаас гадна “BRB sound” гэх өөр нэг компанийг өдгөө ч хамтран эзэмшдэг юм байна. Соёлын сайд Ч.Номин Ж.Энхжаргалангийн 2017 онд үүсгэн байгуулсан BRB sound компанийн өмчлөгчөөр 2020 онд бүртгүүлж байжээ. 

Соёлын сайд Ч.Номин 2022 онд мэдүүлсэн ХОМ-дээ  нийт орлогын хэмжээгээ 235 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь гурван тэрбум 785 сая төгрөг. Түүнчлэн нийт 11 тэрбум 458 сая төгрөгийн үнэлгээ бүхий найман нийтийн орон сууц, гурван авто зогсоол, хоёр өвөлжөө, хаваржаатай. Дотоодын банканд дөрвөн тэрбум 196 сая төгрөгийн хадгаламжтай бол гадаадын банканд нэг тэрбум 124 сая төгрөгийн хадгаламжтай. 22 тэрбум 300 сая төгрөгийн авлага, 9 тэрбум 300 сая төгрөгийн зээлтэй. Харин 750 сая төгрөгийн үнэт эдлэлтэй хэмээн мэдүүлж байжээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *