Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав В.Путинд юу гэж хэлсэн бэ?

0

Оросын ерөнхийлөгч В.Путин Монголд ирлээ. Бүтэн өдрийн айлчлал хийгээд буцлаа. Энэ үйл явдлыг дагаад гадаад дотоодгүй шуугиж бужигналаа. “…В.Путин Монголд айлчилсан нь зөв, буруу” гэсэн байр суурь дэлхийн улс орнууд болоод Монголын нийгмийн бүхий л хүрээнд өрнөлөө. Ялангуяа гадаад ертөнцөөс Монгол Улсыг буруутгах хандлага мэр сэр гарав.

Үндсэндээ, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн 2022 оны намар Монголд ирээд хэлсэн “…Далайн давалгаа эргийн хаданд цохиход ус хад хоёр биш, тэнд хөвж явсан зүйлс сүйрдэг” гэж хэлсэн байдаг. Тиймэрхүү утгыг л нааш нь шидлээд байна.

Тэгвэл Оросын ерөнхийлөгч В.Путин манай Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монголд айлчилсан. Айлчлал хэд хэдэн шалтгаантай. Энэ 2024 онд Халх голын байлдаанд хамтын ялалт байгуулсны 85 жилийн ой, Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 75 жилийн ой, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож байна. Айлчлалын зорилго эдгээрт шингэсэн. Дээрээс нь 100 жил болж байгаа дипломат харилцаа, сүүлд нэмсээр хүрсэн стратегийн иж бүрэн түншлэлийн хүрээнд эдийн засаг, аж ахуйн чиглэлийн яриа хэлэлцээ өрнөсөн.

Өөрөөр хэлбэл, Оросын ерөнхийлөгч В.Путин ийм зорилгоор айлчилж, бид ч энэ хүрээнд хүлээж авсан. Тэгэхээр тал талаас зөвтгөж буруутгаад байгаа В.Путины айлчлалын тайлбар нь энэ болж байгаа юм. Тэгээд ч Орос улс нь Монгол Улсын мөнхийн хөрш бөгөөд тал бүрийн хамтын ажиллагаатай гэдгийг тодотгох шаардлагатай.

Тэгээд бас айлчлалын үеэр В.Путин юу хэлсэн, манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэлцээний үеэр, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар В.Путинд бараалхахдаа юу ярьсныг анзаарах хэрэгтэй юм.

Оросын ерөнхийлөгч В.Путины тухайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хэлэлцээ хийх үеэрээ “…Халх голын дайны ялалтын 85 жилийн ой тохиож байна. Ирэх 2025 онд эх орны дайнд ялалт байгуулсаны 80 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлнэ. 2025 оны тавдугаар сарын 9-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг урьж байна. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн албан хаагчид Оросын цэргийн албан хаагчидттай Улаан талбайд болох баярын жагсаалд мөр зэрэгцэн оролцох асуудал ч яригдаад байгаа. Хүнд сорилтыг давсан он жилүүдэд бэхэжсэн байлдааны нөхөрлөл, сайн хөрш харилцан туслалцааны эртний уламжлал Орос-Монголын найрсаг харилцааны бат бөх түшиг тулгуур болно гэдэгт итгэлтэй байна.

Улаанбаатар хотод яг таван жилийн өмнө байгуулсан стратегийн иж бүрэн түншлэл гэрээний зүйл заалтын дагуу хурдацтай хөгжиж бэхжиж байна. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны олон асуудлыг хөндөж ярьсан. Мөн олон улсын, бүс нутгийн нэн тулгамдаад байгаа асуудлаар санал солилцлоо. Харилцан ашигтай хөрөнгө оруулалт хийх харилцааг өргөжүүлэхэд онцгой анхаарал хандуулав. Орос улс Монгол улсын гадаад худалдааны томоохон түншүүдийн нэг. Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны түшиг тулгуур нь “Улаанбаатар төмөр зам” ХНН мөн. Тус төмөр зам Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулсаар 75 жил боллоо.

Манай орон Монгол улсын эдийн засагт нэн хэрэгцээтэй эрчим хүчний бүтээгдэхүүнээр найдвартай хангаж ирсэн. Түлш, шатах тослох материалын хэрэгцээг хангахад дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэхийг хүссэн Монголын найз нөхдийн хүсэлтийг бид үргэлж ханган ажиллана. Байгалийн хийн салбарт хамтран ажиллахыг ирээдүйтэй гэж үзэж байна.

Орос-Монгол-Хятадыг холбох 1000 орчим км урт “Союз-Восток” байгалийн хийн хоолойн зураг төслийн ажлыг бүрэн дуусгана. Одоо тус төслийн хяналтын дунд шинжилгээ хийж, байгаль орчинд үзүүлэх нөлөөг үнэлэх ажил үргэлжилж байгаа. Энд Оросын хийг Монгол улсын нутгаар зөвхөн дамжуулан өнгөрүүлэх, Монголын хэрэглэгчдийг ахуйн хийгээр хангах боломжтой. Энэ талаар ярьсан.

“Газпром” компани Монгол Улсыг байгалийн хийгээр хангахтай холбоотой практикийн асуудлыг шийдвэрлэхэд бүхий л дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Оросын “Трева” компани танай “ДЦС-3” цахилгаан станцыг шинэчлэхб ажилд оролцоно. Шинэ тоног төхөөрөмж суурилуулж, станцын хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлнэ. Ингэснээр Монгол улсын нийслэл хотын оршин суугчдыг цахилгаан, дулааны эрчим хүчний улам найдвартай эх үүсвэртэй болгоно. Мөн цөмийн эрчим хүчийг энхтайвны зорилгоор ашиглах хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжтой” гэсэн юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: ОХУ нь даян дэлхийн энх тайвны төлөөх их үйлсэд манлайлал үзүүлнэ гэдэгт итгэл төгс байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “…Бид Халх голын байлдааны энэхүү түүхэн ялалтын баярыг манай хоёр улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж халуун амь, бүлээн цусаа үл хайрлан баатарлагаар тулалдсан цэрэг эрсийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэх, тэдний эх оронч гавьяа зүтгэлийг хойч үедээ мөнхлөн үлдээх, Монгол-Оросын ард түмний энхийн болон хөгжлийн төлөөх их үйлсээр гагнагдсан найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлэх зорилгоор онцгойлон тэмдэглэж ирсэн түүхэн уламжлалтай билээ.

Таны Монгол Улсад хийж буй энэ удаагийн айлчлал нь манай хоёр орны найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан, ялангуяа түлш, эрчим хүч, зам тээвэр, байгаль орчин, соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой үйл явдал болж байна.

Монгол Улс энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд хөрш ОХУ-тай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Бид аливаа улс орны түүх, соёл, соёл иргэншил, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэн үзэж, олон улсын харилцааг олон тулгуурт зарчмаар цогцлоохыг эрмэлздэг.

Бид дэлхийн үйл хэрэг дэх НҮБ-ын голлох үүрэг, зохицуулалтыг улам бүр бэхжүүлэхийг тууштай дэмжиж байна. Тиймээс манай улс олон улсын аливаа хүндрэл бэрхшээл, үл ойлголцлыг харилцан ойлголцол, харилцан итгэлцэл, харилцан хүндлэл, яриа хэлэлцээний замаар даван туулж, олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд шийдвэрлэх ёстой гэж үздэг.

Иймд манай мөнхийн хөрш ОХУ нь даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх их үйлсэд манлайлал үзүүлэн, дэлхийн улс орнуудын итгэлцэл, харилцан хүндэтгэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна” гэв.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: ОХУ-тай өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өргөжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “…Таныг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Халхын голын байлдааны түүхт 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсад айлчлал хийж байгаад баяртай байгаагаа илэрхийлье. Сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаатай ОХУ-тай өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өргөжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд Монгол-Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааны уламжлалт эрч хүчийг хадгалахад тус айлчлал ач холбогдолтой” гэсэн юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эгийн голын усан цахилгаан станцын төсөл бодитой урагшилж буйд баяртай байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “…Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байна. Иж бүрэн стратегийн түншлэлийг улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцаанд тулгуурлан тодорхой төсөл, хөтөлбөрүүдээр баяжуулахын төлөө байна.

Мөн Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтын үеэр ярилцсан Эгийн голын усан цахилгаан станцын төсөл бодитой урагшилж буйд баяртай байна. Хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахын төлөө байна.

Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулснаар Евразийн эдийн засгийн холбоо, тэр дундаа ОХУ-ын Сибирийн бүс нутгийн зах зээл рүү манай улсаас мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуур, хивс, цемент зэрэг бүтээгдэхүүний экспорт, худалдааг нэмэгдүүлэхэд бодит түлхэц үзүүлнэ.

Таны энэ удаагийн айлчлалын үеэр Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүнийг нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан нь чухал ач холбогдолтой. 

Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридорын төслүүд, тухайлбал, төв тэнхлэгийн төмөр замыг хөгжүүлэх, төмөр замын зүүн коридор, олон улсын аялал жуулчлалын бүс байгуулах зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тал дээр Оросын тал анхаарна гэдэгт найдаж байна” гэжээ.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 172 (7416)

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *