ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ ИРЦ: 7 удаа хуралдсан чуулганыг Д.Батлут 4 удаа тасалж, Х.Баттулга, Ж.Ганбаатар хоёрт нь л суусан бол Д.Ганмаа нэг ч хуралдаанд оролцоогүй байна
УИХ ээлжит бусаар хуралдаж, Засгийн газрын ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр, 2024 оны төсвийн тодотголыг хэлэлцэн баталсан билээ. Тэгвэл УИХ-ын Тамгын газраас гишүүдийн ирцийн мэдээллийг нийтэд ил болголоо. Ээлжит бус чуулган нь наймдугаар сарын 12-30-ны хооронд хуралдсан юм.
Бид энэ удаагийн ээлжит бус чуулганд хамгийн идэвх, оролцоо муутай буюу хамгийн их хоцорсон, тасалсан гишүүдийг нэрлэж байна.
-УИХ-ын гишүүн Д.Батлут 7 хуралдааны 4-ийг нь ТАСАЛЖЭЭ-
Нэгдүгээрт, ээлжит бус чуулганыг хамгийн их тасалсан гишүүнээр 4-р тойрог буюу Хөвсгөл, Орхон, Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Дамбын Батлут нэрлэгдэж байна. Тэрбээр нийт 7 хуралдаанд оролцох ёстойгоос хүндэтгэх шалтгаангүйгээр 4 удаа тасалсан байна. Түүний хувьд Орхон аймгийн МАН-ын дарга, Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд УИХ-д 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж буй нь энэ юм.
-УИХ-д 16 жил суусан Ц.Даваасүрэн 7 хуралдаанаас 4 удаа ХОЦРОВ-
Хоёрдугаарт, чуулганы хуралдаанаас хамгийн их ХОЦОРСОН гишүүнээр УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн нэрлэгдлээ. Тэрбээр 7 удаагийн хуралдаанд бүрэн оролцсон ч 5 удаагийн хоцролтоор тэргүүлж байна. Ц.Даваасүрэн нь 2008 оноос хойш УИХ-д тасралтгүй сонгогдож, сайд, байнгын хороодын даргаар багагүй ажилласан нэгэн. Туршлагатай улстөрч байж болох ч шинэ гишүүдэдээ үлгэр дуурайлал үзүүлэхийн эсрэг үйлдэл гаргаж буйг түүний хоцролт харуулж байна.
-Шинэхэн гишүүн Ж.Баярмаа 5 удаа ХОЦОРЧЭЭ-
Гуравдугаарт, мөн адил 5 удаагийн хоцролттойгоор УИХ-ын гишүүн Жудагийн Баярмаа тэргүүн эгнээнд бичигдэж байна. Түүний тухайд, АН-ын жагсаалтын зургаадугаарт бичигдсэнээр УИХ-д суудал авсан юм. Гэвч шинэхэн гишүүн тэрбээр ээлжит бус чуулганы 7 хуралдаанаас 1-ийг нь тасалж, 5 удаа хоцроод байна.
-Х.Баттулга ээлжит бус чуулганы 7 хуралдааны ердөө хоёрт нь ОРОЛЦЖЭЭ-
Дөрөвдүгээрт, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаагийн УИХ-ын сонгуульд 4-р тойрог буюу Хөвсгөл, Булган, Орхон аймагт АН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон билээ. Тэгвэл түүнийг олон нийт Анхдугаар чуулганаас хойш хуралдаануудад харагдсангүй. Улсын төсөв, Засгийн газартай холбогдох чухал асуудлуудыг хэлэлцэж байхад дуугарсангүй гэж шүүмжилж байсан юм. Тэгвэл тэрбээр ээлжит бус чуулганы 7 удаагийн хуралдаанаас гадаадад ажилтай гэх шалтгаанаар 3 хуралдаанд оролцоогүй бол 1 удаа чөлөөтэй, 1 удаа тасалсан гэж УИХ-ын Тамгын газрын ирцийн мэдээлэлд дурджээ.
-БГД-ийн иргэдийг 3 дахь удаагаа төлөөлж буй Ж.Ганбаатар 7 хуралдааны хоёрт нь л суув-
Тавдугаарт, УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд асан Ж.Ганбаатар энэ удаагийн ээлжит бус чуулганы 7 хуралдаанаас хоёр удаа л оролцжээ. Тэрбээр 3 удаа гадаадад ажилтай байсан бол хүндэтгэх шалтгаангүйгээр 2 удаа тасалжээ. Ж.Ганбаатар 2016 оноос эхлэн гурван удаа БГД-ийн иргэдийг УИХ-д төлөөлж буй бөгөөд энэ хугацаандаа Эдийн засгийн байнгын хорооны дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар багагүй хугацаанд ажиллаж байсан нэгэн.
-Ээлжит бус чуулганд нэг ч удаа СУУГААГҮЙ гишүүн Д.Ганмаа-
Зургаадугаарт, УИХ-ын ээлжит бус чуулганы 7 удаагийн хуралдаанд нэг ч оролцоогүй гишүүн байна. Тодруулбал, МАН-ын жагсаалтын зургаадугаарт бичигдэж УИХ-ын гишүүн болсон Д.Ганмаа нь гадаадад ажилтай гэх шалтгаанаар нэг ч удаа хуралдаанд оролцоогүй аж. Тэрбээр эмч мэргэжилтэй нэгэн ажээ.
Ийнхүү бид УИХ-ын ээлжит бус чуулганы явцад хуралдааныг хамгийн их тасалсан болон хамгийн их хоцорсон таван гишүүнийг нэрлэлээ. Ташрамд дурдахад, чуулганы явцад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Гишүүдийн ирцийн мэдээллийг олон нийтэд ил болгох ёстой. Хуралдаанд идэвх, оролцоо муутай хандаж байгаа хүмүүсээс болж, цагтаа ирээд ажлаа хийж буй гишүүд, УИХ-ын нэр хүнд унах ёсгүй. Ялангуяа, улсын төсөв, ЗГ-ын үйл ажиллагаа, төсвийн гүйцэтгэлтэй холбоотой чухал асуудлууд хэлэлцэж байхад ингэж хойрго хандаж болохгүй” гэж мэдэгдэж байсан юм.
Эх сурвалж: Ubn.mn