“Тяньжинаас чингэлэг гарах хүлээлгийн хугацаа багасаагүй, 95-120 хонож байна”
Тяньжин боомтод 2024 оны 6-7 дугаар сард 5300-5600 гаруй чингэлэг гацсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Тяньжин боомт дээр ирсэн чингэлгүүд Монгол руу гарч чадахгүй гацаа үүсгэсэн. БНХАУ-ын Тяньжин боомт-Замын Үүд чиглэлд хэвийн үед 1.5-2 галт тэрэг ачигддаг байсан бол 2024 оны гуравдугаар сарын сүүлээс Монгол Улс руу орж ирэх импортын галт тэрэгний тоо тодорхойгүй шалтгааны улмаас цөөрсөн хүнд нөхцөл байдал үүссэн билээ. Тэгвэл эдийн засгийн эргэлт сайжирсан энэ үед гацаа арилсан эсэхийг тодрууллаа.
Монголын тээвэр зуучлалын нэгдсэн холбооноос тодруулахад, өнөөдрийн байдлаар Тяньжинд гацсан чингэлгүүдийн хүлээлгийн хугацаа буураагүй. Хүлээлгийн хугацаа дунджаар 95-120 хонож байна.
Өнгөрсөн наймдугаар сард Тяньжинаас Монгол руу нийт 40 галт тэрэг гарсан.
Тус боомтын төмөр замын өртөөнд Монгол руу гарахаар хүлээгдэж байгаа 4050 чингэлэг байна. Харин Улаанбаатарын гаалийн хяналтын талбайд нийт 1039 чингэлэг байгаагаас ачаатай 687, хоосон 352 чингэлэг байна гэлээ.
Тяньжин боомтод өнгөрсөн 6-7 дугаар сард гацаа үүсч нэг ч чингэлэг гаргахгүй байсан. Тухайн үед Боомтын сайд, Тяньжин боомт дээр Монгол Улсын импортын чингэлгийн дийлэнх хэсэг бууж Монгол руу тээвэрлэгддэг. Сардаа Тяньжинбоомт дээр 3000-4000 чингэлгийн буулгалт хийгддэг. Монгол-Хятадын төмөр замын хэлэлцээр, боомтын хэлэлцээрийн дагуу өдөрт хоёр галт тэрэг чингэлгийг Монгол Улс руу авдаг. Харамсалтай нь, энэ тоо он гарснаар өдөр бүр буурсан үзүүлэлттэй байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд холбогдох байгууллагууд ажлын хэсэг гарган ажиллаж байна. Монгол Улсын худалдаа, эдийн засагтай холбоотой асуудал учраас ноцтой анхаарах шаардлагатай байна. Гэвч одоог хүртэл БНХАУ-ын талаас тодорхой хариу ирүүлээгүй байна хэмээн мэдээлж байв.
Харин одоо хүлээлгийн хугацаа урт, хилээр гарахаар хүлээгдэж байгаа чингэлгийн тоо их ч гацаа арилсан байна.