“No war” хөдөлгөөний гишүүн Б.Цацрал: Дайны гэмт хэрэгтэн В.Путины айлчлалыг эсэргүүцсэний төлөө нэг өдөр хоёр удаа саатуулагдлаа
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин манай улсад айлчлал хийсэнтэй холбогдуулан “No war” хөдөлгөөнийхөн өчигдөр эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулсан юм. Энэ үеэр тус хөдөлгөөний зургаан хүнийг саатуулан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст аваачжээ. Энэ үеэр “No war” хөдөлгөөний гишүүн Б.Цацралтай холбогдож дараах тодрууллаа.
-Цагдаа нар та бүхнийг саатуулан хэлтэс дээр аваачсан гэх мэдээлэл байна. Тодруулахгүй юу?
-Яг одоо Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дөрөвдүгээр давхарт хүйтэн шалан дээр зургуулаа сууж байна. Биднийг өнөөдөр /өчигдөр/ 12:00 цагт төв талбай дээрээс баривчилж энд авчирсан. Эрх чөлөөний хөдөлгөөний залуус бид 116 дахь удаагийн жагсаалаа зохион байгуулж байсан нь энэ. Энэ удаа бид “В.Путиныг баривчил” гэж шаардсан. В.Путин бол Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрээр дайны гэмт хэрэгтэн. Түүнийг Монгол Улсад урьж байгаа үйл явдлыг дэлхий нийтээрээ харж байна. Дайны гэмт хэрэгтнийг Монгол Улсад төрийн айлчлал хийлгэж байгаа нь эх орноосоо урвасан хэрэг гэж үзэж байгаа. Бид дэлхийн хөгжил, хүний эрх, эрх чөлөө, тусгаар тогтнолын талаар ярьдаг хэрнээ дайны гэмт хэрэгтнийг эх орондоо урьсан нь дэлхий нийтэд дайны гэмт хэрэгтний нэг холбоотон гэдгээ харуулж, зарлаж байгаагаас өөрцгүй явдал. Эрх чөлөөний хөдөлгөөн гурав дахь жилдээ Монгол Улс дайны талаарх байр сууриа тодорхой илэрхийлэх ёстой. Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ёстой байтал төвийг сахих бодлого нэрийн дор иргэдээ хагалган бутаргаж байгаад харамсч байгааг ярьж, шүүмжилж ирсэн. Энэ удаа ч үүнийг бид хэлж шаардаж жагссан.
-Цагдаагийн байгууллагаас мэдээлж буйгаар хамгаалалтын нэг, хоёрдугаар бүс гэж тогтоосон байсан. Иргэд хоёрдугаар бүсэд үзэл бодлоо илэрхийлж болно гэж зөвшөөрсөн ч та бүхнийг хамгаалалтын нэгдүгээр бүсэд нэвтрэхийг оролдсон. Үүнээс үүдэж шалгаж эхэлсэн гэж мэдээлж байна. Энэ үнэн үү?
-Цагдаа нар бидэнд үзэл бодлоо илэрхийлэхийг завдах битгий хэл ямар ч нөхцөл боломж олгоогүй. Биднийг төв талбай руу ирэх үеэс эхэлж хүмүүс дагасан. Бид төв талбайн хажууд ирээд зогссон. Дотогш ороогүй. Хашаа хаалтыг давах гээгүй. Зөвхөн гарцаар гарах үйлдэл хийхэд биднийг хууль бусаар баривчлаад аваад явсан. Гэтэл тэнд энгийн иргэд нэрийн дор ОХУ-ын туг далбааг барьсан хүмүүс бидэн рүү дайрсан. Цагдаа нар ямар нэгэн эмх замбараагүй үйлдэл гаргахад, иргэдээ хамгаалахаар хамгаалалтанд гардаг. Гэвч бидэнд ямар нэгэн тусламж ч үзүүлээгүй. Зүгээр хараад л зогсдог юм.
Энд нэг том зөрчилтэй зүйл байна. Монгол Улсад нэг, хоёрдугаар үзэл бодол гэж байхгүй. Хүн үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх эрх нь Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх чөлөө. Монголд нэг, хоёрдугаар зэргийн үзэл бодол, амь нас гэж байх ёсгүй. Гэтэл ийм зүйл байдгийг Цагдаагийн байгууллага өнөөдөр (өчигдөр) мэдэгдлээ. Цаашид ч энэ дарангуйлал үргэлжлэх юм байна. Дайны гэмт хэрэгтэн В.Путинд сайхан харагдахын тулд үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг төв талбайд оруулахгүй байх ямар ч хууль эрхзүйн үндэсгүй.
-Цагдаагийн албан хаагчид та бүхнийг юунд буруутгаж байгаа талаар тодорхой мэдээлэл өгсөн үү?
-Тодорхой мэдээлэл өгөөгүй. Нэг зүйлийг хэлэхэд биднийг баригдах үед ОХУ-ын туг далбаа барьсан иргэд төв талбайн хажуугаар чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлж жагсаж байсан. Гэтэл бид энд эрүүдэн шүүгдэж хууль бусаар баривчлагдаад дөрвөн цагийн турш цагдаагийн хэлтэс дээр сууж байна. Яг энэ цаг үед ч Жуковын хөшөөний дэргэд ОХУ-ыг дэмжигчдийн жагсаал болж байгаа мэдээлэл байна. Энэ үйл явдал Монгол Улсыг олон улсын хоригт орох үндэслэл болно. Бид нэг зүйлийг хатуу ойлгох ёстой. Өнгөрсөн хугацаанд манай улс ОХУ-аас эрчим хүч, түлш шатахуун авдаг ч үргэлж дутуу, гэрээ хэлэлцээгээ зөвшөөрдөггүй, давуу эрх эдэлдэг нөхцөлд явж ирсэн нь үнэн. Бид тусгаар тогтносон, эрх чөлөөтэй улс юм бол өөрийн газар нутаг дээрээ ямар төсөл хэрэгжүүлэх, эрчим хүч, шатахууны хязгаарлалтыг багасгах талаар аль улстай хамтрах нь манай дотоодын асуудал. Үүнд гадны аль нэг улс нөлөөлж болохгүй гэв.
Дугаар шилжих мөчид: No war хөдөлгөөний зургаан гишүүнийг сулласны дараа тэд төв талбай руу гарчээ. Гэвч тэр даруй дахин саатуулж цагдаагийн хэлтэст авчирсан болохыг мэдээллээ.
Эх сурвалж: “Өдрийн сонин”