34 жилийн түүхтэй Ардчилсан намд боловсон хүчин алга уу?

0

Ардчилсан намыг энэ удаагийн сонгуулиар “сөрөг хүчин” байх хүчтэй болгож иргэд сонгосон. Гэтэл төрд гарангуутаа МАН-тай хамтарсан Засгийн газар байгуулж, нөлөө бүхий хэд нь сайдын сэнтийд заларсан. Сонгуулийн өмнө МАН-аас муу зүйл байхгүй мэт л цахим хуудсаар өдөр шөнөгүй лекц уншиж билээ. Дараа нь юу болов? гар, хөлнөөс нь бариад эрх мэдлийг хувааж хүртсэн. Одоо бас л Шинэ намтай эвсчихэв. 

УИХ-ын сонгуулиар аргаа барж, алингаа алдаж явсан тэдэнд хэн итгэл хүлээлгэв? Ардчилал, хүний эрх, эрх тэгш нийгмийг хүссэн ард түмэн л байсан.

Гэтэл “сөрөг хүчин” байтугай улс төрийн нам гэхэд ч хэцүүхэн нөхцөл байдалтай байна. Аравдугаар сард болох НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийнх нь дотор “лайвчид, орилогчид, цахим ертөнцийн хэрүүлчид” чихэлдчихсэн. Нэр цохъё л доо, Т.Батцогт гэхэд л НИТХ-рүү сонгуулийн өмнө хэлж байсан өнөөх л үгээ хэлсээр зүтгэж байна. Найман жилээс өөр ярьж байгаа юм түүнд алга. Бодлого ярих ухаан алга.

Гарц гаргалгаа хайх бодол бүр ч алга. Ахиад дөрвөн жил идэх хоолоо л тэд бодож байгаа гэвэл дэгсдүүлсэн болохгүй биз. УИХ-ын сонгуульд дэвшээд бараагүй болохоор хүрээг нь багасгаад л… “жижиг улстөрч”, попын хунтайж болох нь холгүй л яваа хүн дээ. 

Баянзүрх дүүрэгт О.Отгонтөгс гэгчийг дэвшүүлсэн байгаа юм. “Ганцаараа хэрэлдэж” олонд танигдсан хүн гэх үү дээ. Үнэндээ манай улсын “төр” гэж цахимаар ажил явуулдаг, төр барих хүнээ дагагчдыг нь харж сонгодог “сошиал солиорол”-д нэрвэгдэхэд тун ойрхон болж. Ардчилсан нам лайвчдыг дэвшүүлтлээ доошоо орж, аргаа барсныг цөмөөр үзэж байна. 

Бас болоогүй, Б.Батхишиг буюу “Бажи”-г нэр дэвшүүлчихсэн байгааг та бүхэн харж байгаа биз.  Улс төр хийх гээд байгаа юм уу? уралдаж хоол идэх гээд байгаа юм уу.Энэ мэт нэр дэвшигчид мэр сэр биш, хэд хэд байна.

 Эрх чөлөөгөө эдэлж болно. Хэнийг дэвшүүлэхээ мэдэж болно. Боловсрол, мэдлэг нь мананд төөрч, хамгийн тоосонд булагдаж боломгүй л санагдана. 

Энэ бүхнээс харахад 34 жилийн түүхтэй Ардчилсан нам боловсролын гачигдалд орсон, боловсон хүчингүй тун бэрх байгаа нь мэдэгдэнэ. Яриад, орилоод, үсчээд байгаа шинэчлэлээ намаасаа эхэл. Намаа цэвэрлэ.

Намынхаа залгамжийг бэлд. Улс төрийн намуудын дотроос “улны нам” болж буйгаа энд мэдэж буй хүн ч алга. Ганц сөрөг хүчин гэгддэг нам нь энд тэнд эвсээд яваад байвал сонгууль өгсний хэрэг ч үгүй болох нь. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *