МАН-ынхан М.Энхболдоос уучлалт гуйж, хүүхдүүдийг нь албан тушаалтай байлгана гэжээ

0

Миеэгомбын Энхболд бол МАН-ын даргаар хоёр удаа сонгогдон ажилласан цөөхөн хүмүүсийн нэг. Тэрээр хоёр дахь удаагаа намын дарга болсныхоо дараа буюу УИХ-ын 2016 оны сонгуульд МАН-ыг удирдан, сонгуульд оролцож үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Гэвч энэ үнэмлэхүй ялалт түүний улс төрийн карьерын төгсгөлийн өмнөх гялбаа байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшин ялагдсан, түүний ойрын хүрээллийнхнээс бүрдсэн Засгийн Газар огцорсон, намын даргын үүрэгт ажлаа өгсөн гэх мэт ээлж дараалсан ялагдлын төгсгөлийн шат нь 2019 онд УИХ-ын даргаасаа огцрох үед нь тохиосон юм.

Түүнийг УИХ-ын даргаас огцруулах акцийг МАН-ын одоогийн удирдлагууд голлон зохион байгуулсан. Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар бол бүр биечлэн, оройлон оролцсон.

МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний хөдөлгөөн нэртэй уг жүжгийн гол зорилго нь нэгдүгээрт, МАН дахь удирдлагын бүх эрхийг М.Энхболдын бүлэглэлээс авах, түүний фракцийг үгүй хийх,

хоёрдугаарт, МАН-ын бүх алдаа, оноог М.Энхболдод тохоод, өөрсдийгөө нэр цэвэр болгон, УИХ-ын 2020 оны сонгуульд ялалт байгуулах явдал байв. Санасандаа ч хүрсэн.

Үнэн чанартаа, М.Энхболд, Ц.Сандуй нарыг л тоглоомноос гаргаснаас өөрөөр МАН-д ямар ч шинэчлэлт хийгдээгүй. М.Энхболдын бүлэглэлд байсан этгээдүүд ч “Хаан нас барлаа, хаан мандтугай” гэлцэн, улс төрөө үргэлжлүүлсээр байна.

Тэгвэл саяхан МАН-ын Нийслэлийн Хороо мөнөөх муу нэрт М.Энхболдын охин Э.Хуланг НИТХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшүүлсэн билээ.Эх сурвалжуудын өгүүлж буйгаар М.Энхболдыг золигт гаргах замаар МАН-ын ноёрхлыг хангах зорилгодоо нэгэнт хүрсэн, олон нийт ч “60 тэрбум”, газрын наймааг мартсан гэж тус намын удирдлагууд үзсэн байна.

Иймээс ч МАН-ынхан М.Энхболдоос уучлалт гуйн, өөртэй нь тэмцэж буй мэт дүр эсгэн, золих замаар л намынхаа ноёрхлыг хадгалж үлдэхээс өөр аргагүй байсан хэмээн учирлажээ.

Тэр бүү хэл МАН Засгийн эрхэнд байгаа цагтаа түүний хүүхдүүдийг төрийн албан тушаалтай байлгах болно гэдгээ амласан байна.

Энхболдын охин Э.Хулан СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч бол хүү Э.Анар нь Монголбанкинд Төлбөр тооцооны Газрын захирлаар ажилладаг юм.

Мөн охин Э.Хуланг нь НИТХ-ын 2024 оны сонгуульд ялалт байгуулж гэмээн, МАН-ын их улс төрд идэвхтэй оролцуулна гэжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *