Д.Амарбаясгалан, Л.Гантөмөр нар мартсан ч ард түмэн мартахгүй!

0

Жилийн есдүгээр сарын 10-нд Монголын төр, засгийн тэргүүнүүд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэн амь нас, эрүүл мэндээрээ хохирсон олон мянган иргэддээ хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.  Энэ жилийн хувьд ҮАБЗ-ийн гишүүдээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ганцаараа цэцэг өргөсөн. Монголд өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлт 1922 оноос эхэлсэн билээ. Ардын Засгийн газрын анхны Ерөнхий сайд Д.Бодоог хувьсгалын үйл хэргийн эсрэг бодлого явуулсан, эх орноосоо урвасан гэх хилс хэрэг тохож, 1922 оны наймдугаар сарын 31-нд цаазаар авсан байдаг. Тэгвэл МАН-ын анхны дарга С.Данзанд мөн улс төрийн хилс хэрэг тулгаж, 1924 онд цаазалжээ. Монголын улс төр, шашин, нийгмийн шилдэг зүтгэлтнүүд, сор болсон сэхээтнүүд гээд 37 мянга гаруй хүнийг улс төрийн хилс хэрэгт ялласнаас 27700 гаруй хүнийг хөнөөсөн байдаг. Энэ бол монголчуудын эсрэг оросуудын зохион байгуулсан “их хядлага” гэж зарим судлаачид үздэг.

Монголд ардчилсан хувьсгал ялсны дараа улс төрийн хилс хэрэгт яллагдсан хүмүүсийг дурсах, тэдний нэр төрийг цагаатгах ажлыг эхлүүлсэн. Тодруулбал, УИХ-аас 1996 онд жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгох шийдвэр гаргасан байдаг.

УИХ-ын ес дэх удаагийн сонгуулиар Монголын парламент таван намаас бүрдсэн. Сонгуулийн тогтолцоо болон гишүүдийн тоог нэмснээр УИХ-д 126 хүн сонгогдсон. Үүний 68 нь МАН, 42 нь АН, найм нь ХҮН нам бол Үндэсний эвсэл, ИЗНН тус бүр дөрвөн суудалтай болсон. Шинэ парламентын спикерээр Д.Амарбаясгаланг сонгосон бол АН-ын дарга Л.Гантөмөр хамтарсан Засгийн газарт Тэргүүн шадар сайд болсон юм.

Д.Амарбаясгалан нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар олон жил ажилласан. Ардчилсан парламентын спикерээр анх удаа сонгогдсон. УИХ нь төрийн эрх барих дээд байгууллага гэвэл уг нь Д.Амарбаясгалан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд хамгийн түрүүнд хүндэтгэл үзүүлэх ёстой хүн юм.  Харамсалтай нь, тэрбээр хэн нэгнээс айсан байж мэднэ. Эсвэл хэлмэгдэгсдийг “хэлмэгдээгүй” гэж үздэг байхыг ч үгүйсгэхгүй.

Ардчилсан нам засгийн эрх барьж байхдаа энэ өдрийг бий болгосон байдаг. Гэтэл ардчиллаар овоглодог намын дарга Л.Гантөмөрийн улс төрийн мэдрэмж, “мэлмий” нь албан тушаал, эрх мэдэлд сохорсон бололтой. Ардчилал, АН хоёр түүний хувьд ердөө албан тушаалд хүрэх гишгүүр байжээ.

Хамгийн егөөтэй нь, ОХУ-ын ерөнхийлөгч Путины өмнө бөхөлзөх нь холгүй байсан Д.Амарбаясгалан, Л.Гантөмөр хоёр монголчуудыг хоморголон устгасан хэлмэгдүүлэлтийг мартаж  болох ч ард түмэн тэдний өнөөдрийн энэ үйлдлийг болон, тэдгээр он жилүүдэд хилс хэрэгт яллагдсан монголчуудынхаа гашуун түүхийг мартахгүй юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *