УИХ-аас хүний эрхийн зөрчилтэй хуулийг шинэчилнэ

0

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн захирамжаар байгуулагдсан хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд байгуулагдсан ажлын хэсгүүдийн талаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баасандорж, УИХТГ-ын дэд дарга нар мэдээлэл өглөө.

УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг хаахдаа “хууль эрх зүйн орчны ГУРВАН ТӨГӨЛДӨРЖИЛТИЙГ бодит болгох” үйл явц эхэлсэн талаар мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санааг хууль тогтоомжид суулгах, хуулийн зохицуулалт иж бүрэн, тодорхой, ойлгомжтой байхад анхаарах талаар онцолсон. Тухайлбал яам, агентлагаас баталсан олон дүрэм, журмыг цэгцэлж, хууль цаг үеийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн байх учиртай тул 1991 оны Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Дампуурлын тухай зэрэг хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах шаардлагатай болсон талаар УИХ-ын ЕНБД Д.Баасандорж мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар шинэ парламентын гишүүд хүний эрх, хууль зүйн хүрээнд-16, төрийн байгуулалт, төрийн албаны чиглэлээр-5, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр-9, эдийн засаг, ахуйн аж ахуйн үйл ажиллагааны чиглэлээр-16, байгаль, орчин, хүрээлэн буй орчны асуудлаар-3,  хот байгуулалт, дэд бүтцийн салбарын-5 хууль, эрх зүйн орчинг сайжруулах, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгүүдийг тус тус байгуулжээ.

Түүнчлэн 9 дэх удаагийн УИХ бүрэн эрхийн хугацаандаа хэрэгжүүлэх 2024-2028 стратеги төлөвлөгөөг боловсруулж эхэлжээ. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагаар ахлуулан парламентад суудалтай улс төрийн намуудын төлөөлөлтэй ажлын хэсгийг байгуулсан байна.

Манай улсад 880 гаруй хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Үүнээс хүний эрхийн зөрчилтэй шийдвэр буюу дүрэм, журмууд, ойлгомжтой бус, ноцтой зөрчил бүхий эрх зүйн актуудыг цэгцлэх цаг нь болсон тул дээрх ажлын хэсгүүд чуулганы завсарлагааны үеэр ажиллаж эхэлжээ. Ирэх 2025 оны төсвийн төслийг D-Parliament цахим талбарт байршуулж, иргэдээс санал авч эхлээд байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *