Метроны төсөлд 600 мэргэжилтэн бэлтгэх гурван талт санамж бичиг байгууллаа

0

НЗДТГ, Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль /ШУТИС/ болон “Духуа инженеринг” ХК нар хүний нөөц бэлтгэх чиглэлд хамтран ажиллах гурван талт санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны санамж бичигт нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр, ШУТИС-ын Ректор, Доктор (Ph.D), профессор Т.Намнан болон “Духуа инженеринг” ХК-ийн Тээврийн салбарын Ерөнхий захирал Чон Су Дун нар гарын үсэг зурав.

Санамж бичиг байгуулснаар нийслэл Улаанбаатар хотод “Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро”-г барих төслийн шаардлагатай боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор Монгол Улс, БНСУ хооронд хамтарсан боловсролын тогтолцоог бий болгох, сургалтын системийг нэвтрүүлнэ. Тодруулбал, хамтарсан зэрэг олгох болон хамтарсан сургалтын хөтөлбөр боловсруулах, багшлах боловсон хүчин бэлтгэх, “Духуа инженеринг” ХК-д дадлага хийх зэрэг чухал ач холбогдолтой.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр “Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метроны төслийг хэрэгжүүлэхэд 600 гаруй инженер техникийн ажилчид нэн шаардлагатай. Энэ хүрээнд 2030 онд метроны төсөл ашиглалтад ороход уг төслийг авч явах боловсон хүчний багаа бүрдүүлэх зорилгоор ШУТИС-д хоёр жил, БНСУ-д хоёр жил суралцуулах 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэх чухал ач холбогдолтой санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. ШУТИС нь 2000 гаруй багш ажилтантай бөгөөд 1000 гаруй нь докторын зэрэгтэй эрдэмтэн, судлаачид байна. Цаашид томоохон мега төслүүдийг хэрэгжүүлэхэд Засгийн газар хооронд гэрээ хийх хэлэлцээрийн шатанд зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд зөвхөн гаднын баг гэхээсээ илүүтэй манай улсын инженерийн чиглэлийн их, дээд сургуулиудад ажиллаж буй дотоод боловсон хүчин болох эрдэмтэн, багш, судлаачдыг оруулах нь зүйтэй гэдэг нь эл төсөл дээр ч харагдаж байна” хэмээв. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *