Л.Энх-Амгалан: Би хэн нэгний мууг үзэх гээд байгаа юм биш. НДС-г хэн дампуурах хэмжээнд хүргэснийг тогтоолгоно

0

Гэр бүл , хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалантай ярилцлаа.

НДС-ИЙН ХӨРӨНГИЙН АЛДАГДАЛД ХОЛБОГДОХ БАРИМТУУДЫГ ПРОКУРОРТ ХҮРГҮҮЛСЭН

-УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн хууль хэлэлцэж байх явцад НДС-ийн авлага, алдагдлын асуудлыг зарим гишүүд нэлээд сонирхож, асуулт асууж байсан. Саяхан та уг сангийн алдагдалтай холбоотой асуудлыг прокурорт өгч шалгуулах болсон талаараа мэдэгдсэн. Энэ тухайгаа тодруулвал?

-Нийгмийн даатгалын сан өнөөдрийн байдлаар 160 гаруй тэрбум төгрөгийн алдагдалд орох бодит эрсдэл нүүрлээд байна. Капитал банканд 68.2 тэрбум төгрөг, Чингис хаан банканд 100 орчим тэрбум төгрөг байгаа юм билээ. Хэдийгээр авлага барагдуулна гэж олон жил ярьсан боловч бодитоор авлагаа барагдуулсан зүйл энэ санд алга.

Хоёрдугаарт, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл сая шинээр зохион байгуулагдсан. Бүрэлдэхүүнд Сангийн сайд, Хууль зүйн сайдаас авхуулаад шинэ гишүүд бүрдсэн. Шинэ бүрэлдэхүүнээс санал гаргаад НДС-ийн хөрөнгийн өнөөдрийн эрсдэл хэзээнээс үүссэн, хэдэн онд хэний тушаалаар гэрээнүүд зурагдсан, ямар банкуудад хэчнээн төгрөг байршуулснаас хэдийг нь буцаан төвлөрүүлж чадсан эсэх асуудлыг олон нийтэд ил тодоор мэдээлэх хэрэгтэй юм байна гэж дүгнэсэн. Шаардлагатай гэвэл бид УИХ-ын түвшинд нээлттэй сонсгол хийх хэрэгтэй гэж үзэж байгаа.

Нийгмийн даатгалын Үндэсний хорооны даргын хувьд миний бие шийдвэрээ гаргаж, эхлээд ойрын хугацаанд Капитал банк, Чингис хаан банканд байршсан хөрөнгө алдагдалд орох болсон шийдвэрүүдийг гаргасан өмнөх зөвлөлийн хурлуудын шийдвэрийг олон нийтэд танилцуулах ёстой гэж үзэж байгаа.

Тиймээс Үндэсний зөвлөлийн хурлыг нээлттэй хийнэ. Хэвлэл мэдээллийн байгууллага, ШШГГ, ЦЕГ, АТГ зэрэг хууль хяналтын байгууллагын бүрэн оролцоог хангасан нээлттэй хуралдаан явуулах шийдвэр гаргаад байна.

Капитал банк, Чингисхаан банканд мөнгө байршуулахад эхлээд Монголбанкнаас тодорхойлолт авсан байх шаарлагатай байсан юм билээ. Тодруулж хэлбэл, тухайн банкны өр, төлбөр барагдуулах харьцаа ямар түвшинд байгаа, тухайн сангийн хөрөнгө тус хоёр банканд байршсанаар ямар нэгэн эрсдэлд орохгүй байх баталгаа бий юу гэдэгт Монголбанк тодорхойлолт гаргах ёстой байсан. Судлаад үзэхээр зарим тохиолдолд Төвбанкнаас тодорхойлолт авалгүйгээр мөнгө байршуулсан асуудал харагдаж байсан.

Нэгдүгээрт, НДС-ийн хөрөнгө бол төрийн мөнгө биш. Даатгуулагчдын мөнгө учраас тэдний эрх ашгийг тэргүүн зэрэгт тавих ёстой. Тиймээс бид яг хэдэн онд Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүний ямар шийдвэрүүд гарч байсныг эргэж хараад, шийдвэр гаргахдаа тухайн үед хэрэгжиж байсан холбогдох хууль журмуудыг мөрдөж чадаж байсан уу, үгүй юу гэдгийг ил тод нээлттэй болгох ёстой. Энэ утгаараа анх удаа прокурорт хүсэлт гаргаж байна.

Өнгөрсөн хугацаанд хуралдсан Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүх хурлын шийдвэрийг хүргүүлсэн. Мөн тухайн хоёр банканд байршуулсан хөрөнгийн гэрээнүүдийг давхар шалгуулахаар өгсөн байгаа.

Асуудлын гол нь хэн нэгний мууг үзэх гээд байгаадаа биш. Ерөөсөө л өнгөрсөн хугацаанд НДС-ийн үйл ажиллагаанд болсон процесс яагаад өнөөдөр санг дампууруулах хэмжээнд хүргэсэн бэ гэдгийг тогтоолгоход оршиж байгаа юм.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛД ЭХЛЭЭД ИРГЭНИЙ, ДАРАА НЬ ТӨРИЙН ӨР ТӨЛБӨРИЙГ БАРАГДУУЛНА ГЭДЭГ ОЙЛГОМЖГҮЙ ЖУРАМ ҮЙЛЧИЛЖ БАЙНА

-Тухайн хоёр банк дээр өр барагдуулах талаар шүүхийн шийдвэр гарсан байдаг шүү дээ. Гэтэл өнөөдрийг хүртэл яагаад бодитой үр дүнд хүрч чадахгүй байгаа нь сонирхол татаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд ямар нэг асуудал бий юу?

-Энэ бас нэг асуудал. Шүүхийн шийдвэр гүйцэтгэл рүү шүүхээс гаргасан шийдвэрүүд очихдоо эхлээд иргэний буюу хувийн ААН-ийн өр төлбөрийг барагдуулах асуудал очиж хэрэгждэг. Дараа нь төрийн байгууллагуудын өр төлбөрийн асуудлыг барагдуулах процесс өрнөдөг гэсэн ойлгомжгүй журам үйлчилдэг юм билээ.

Гэтэл НДС-ийн хөрөнгийн алдагдал төрийн байгууллагынх биш шүү дээ. Даатгуулагчдын буюу иргэдийн мөнгө учраас хамгийн түрүүнд өр төлбөр нь барагдах ёстой.

Гэтэл капитал банканд үүссэн нэхэмжлэлтэй өр төлбөр барагдуулах шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэл дээр зургаа дугаарт эрэмблэгдсэн буюу эхэнд бичигдсэн таван иргэний өр төлбөрийг барагдуулсны дараа энэ асуудал яригдаж байгаа юм. Иймэрхүү ойлгомжгүй журмын зохицуулалт үйлчилж байгаа нь хүндрэл дагуулж байгаа нэг шалтгаан мөн.

-Та нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн даргын хувьд санд үүссэн асуудлыг баримтуудаас судалж харсан байж таарна. Тийм ч учраас прокурорт шалгуулах хүсэлт гаргасан байх. Хамгийн ноцтой асуудал нь хаана үүсчихээд байгаа юм бэ?

-Эрх мэдлээ хэтрүүлсэн тохиолдлууд ч энд гарч байсан юм байна гэж харсан. Үүнийг мэдээж хуулийн байгууллага тогтооно. Үндэсний зөвлөл ганц даргын шийдвэрээр явдаггүй. Гэхдээ хуралдааны явцад ганц нэг журам даргын шийдвэрээр хийгдсэн байсан.

2009, 2012-2016, 2017 онуудад л хамгийн их мөнгө ойрхон хугацаанд банкуудад байршиж гарсан байдаг юм билээ. Тэгэхээр тэр үеийн Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнүүдийн хуралдаанаас гарсан тогтоол шийдвэрүүд яг тухайн үедээ мөрдөгдөж байсан хууль, журмуудынхаа дагуу гарч чадаж уу, аль эсвэл шийдвэр гаргалтад ямар нэгэн нөлөөлөл орсон уу гэдгийг хууль хяналтын байгууллагаар тогтоолгох шаардлага үүссэн гэж ойлгож болно.

-2019 онд Монголбанкны тухайн үеийн ерөнхийлөгчийн тушаалаар Капитал банкыг албадан татан буулгасан байдаг. Гэтэл нөгөө талд Монголбанк тус банкны актив чанарын үнэлгээг тогтмол хянаж, дампуурах эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах ёстой атал зориуд татан буулгалаа гэх шүүмжлэл хүртэл тухайн үед дэлгэрч байсан цаг. Төв банкны зүгээс ямар нэгэн асуудал байсан уу?

– Одоо ч журмаараа мөнгө банкуудад байршуулахад тухайн банкны төлбөр барагдуулах чадамж, эрсдэлийн сан байгуулсан эсэх тодорхойлолтыг Монголбанк журмаараа банкуудад гаргаж өгдөг. Тэр үед мөнгө байршуулахад журмаараа заавал Монголбанкнаас тодорхойлолт авч байж байрших ёстой байсан юм билээ. Тиймээс тэр үед Монголбанкнаас яг тодорхойлолт авсан уу, хоёрдугаарт Монголбанкнаас өгсөн тэр тодорхойлолтууд нь тухайн үеийнхээ банкуудын өр зээлийн харицаануудыг нь үнэн зөвөөр тодорхойлж өгч чадсан уу гэдгийг баримттайгаар нь иргэдэд тайлбарлаж өгөх цаг нь болсон гэж хэлмээр байна.

КАПИТАЛ БАНКНААС АВСАН 25 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН 13 ТЭРБУМ ТӨГРӨГТ ТООЦОГДОХ ХӨРӨНГӨ НЬ БОРЛУУЛАГДААГҮЙ БАЙНА

-Үндэсний аудитын газраас гаргасан 2023 оны төсвийн гүйцэтгэлийн тайланд хийсэн судалгаанаас харахад Капитал банкны эрх хүлээн авагчаас нийтдээ 102.4 тэрбум төгрөгийн авлага үүссэн байдаг юм билээ. Үүнээс 25 орчим тэрбум төгрөгийн авлагад дүйцүүлж үл хөдлөх хөрөнгийг суутгуулсан байна. Мөнгөн бус хөрөнгөөр төлж байгаа өр төлбөрийн үнэлгээ, даатгалын сангийн бодит алдагдлын үнэлгээг нөхөж чадаж байгаа юу? Тухайн үл хөдлөх хөрөнгүүдээс хэд нь худалдан борлуулагдаагүй байгаа вэ?

-Сая хуралдсан нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн хуралдаанаар яг энэ авлага барагдуулах талаарх хоёр банкны тайлан мэдээллийг сонсож танилцсан. Капитал банкнаас гэхэд нийт 25 тэрбум орчим төгрөгийн үл хөдлөхүүд авсан талаар та сая дурдсан. Үүнээс одоогийн байдлаар 12 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан байдалтай, 13 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө борлуулагдаагүй байна.

Ер нь авлага үүсгэчхээд тухайн авлагыг барагдуулах нэрээр нэг талдаа үнэлгээтэй хөрөнгө авч бас болохгүй шүү дээ. Даатгуулагчдыг хохироож болохгүй. Тиймээс энэ бүх шийдвэрүүд, зохицуулалтуудыг шинжлэх шаарлагатай гэж хараад байгаа юм.

-Чингисхаан банканд НДС-ийн 98 орчим тэрбум төгрөг байршиж байна. Банкны өр барагдуулах процесс хэрхэн өрнөж байгаа вэ?

-Чингисхаан банкны нэг давуу тал нь дампуураагүй. Хөрөнгө оруулагч нь солигдож байгаа гэж ойлгосон. Шинэ гадны хөрөнгө оруулагч нар орж ирж байгаа гэсэн мэдээлэл бий. Манай зөвлөлөөс тухайн хөрөнгө оруулагчидтай болон Монголбанкны холбогдох төлөөллүүдтэй уулзаж, Чингисхаан банкийг та бүхэн авахаар бол хамгийн түрүүнд сангийн өр төлбөрийг барагдуулах ёстой гэдэг асуудлыг ярьж байгаа юм билээ.

-Хоёр банк дээр төвлөрсөн НДС-ийн мөнгө анх хадгалуулсан хөрөнгийн хэмжээгээрээ байгаа юу, эсвэл хүү нэмж тооцогдсон дүнгээр авлага үүсэн байгаа юу?

-Капитал банканд анх байршуулсан хадагалмжийн хувьд 120 орчим тэрбум төгрөг хувааж байршуулсан юм билээ. Түүн дээр 30 орчим тэрбум төгрөгийн хүү тооцож авсан юм билээ.Хүү тооцсон дүнгээр 150 орчим тэрбум төгрөг болж байгаа юм. Түүнээс 100 орчим тэрбум төгөргийн авлагыг барагуулж, одоогийн байдлаар 68 тэрбум төгөргийн авлага байгаа гэсэн үг.

Чингисхаан банканд байршуулсан 98 тэрбум төгрөгт мөн хүү тооцож авлага талдаа бүртгэлжүүлээд явж байгаа.

НДС, ТЭТГЭВРИЙН САНГИЙН БОДИТ АЛДАГЛЫГ АРИЛГАЖ, ШИНЭЧЛЭЛ ХИЙХИЙГ ЗОРЬЖ АЖИЛЛАНА

-Ер нь өнгөрсөн хугацаанд НДС тогтмол алдагдалтай, сангийн хөрөнгө эрсдэлд орсон гэх зэрэг асуудал яригдаж байсан хэдий ч төдийлөн шийдэлд хүрч чадаагүй. Анх удаа энэ асуудал прокурорт очиж байна. Та эхлүүлсэн ажлаа дуусгаж, эцсийн үр дүнд хүрч чадах уу. Улс төрийн ямар нэг саад, бэрхшээл тулгарна гэж бодож байв уу?

-Миний үүрэг шүү дээ. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хувьд нийгмийн даатгалын Үндэсний хороог даргалж байгаа хүний хувьд энэ санг яаж эрсдэлгүй болгох талаас ажиллах нь хуулиар надад олгогдсон үүрэг гэж харж байгаа. Тиймдээ ч энэ асуудлыг нэг талд нь гаргах ёстой.

Хоёрдугаарт, дунд болон урт хугацаандаа энэ тэтгэврийн сангаа бид яаж тогтвортой авч явах вэ гэдэг асуудалд мөн төвлөрч ажиллах ёстой. Ирэх онд л гэхэд энэ сан бараг 2.1 их наяд төгрөгийн бодит алдагдалд хүрэхээр байна.

Өнөөдөр НДШ төлж байгаа залуучууд ирээдүйд тэтгэвэртэй байх эсэх асуудал яригдаж байгаа учраас энийг орхигдуулж болохгүй. Дан ганц банканд хөрөнгө байршуулж алдсанаар сангийн алдагдал тооцогдохгүй юм л даа. Үүний цаана улс төрийн үр дагавартэй шийдвэрүүд гарсан учраас өнөөдөр тэтгэврийн сангууд маш их алдагдалтай ажиллаж байна.

Хамгийн наад захын жишээ гэхэд, 10 жилийг нөхөн тооцох тухай хулийг гаргаснаас болж жил тутам тэтгэврийн санд 80-100 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгаа шүү дээ. Дараа нь малчдын тэтгэврийн насыг наашлуулснаас болсон алдагдлууд байна. Хамгийн сүүлд тэтгэвэр тогтоохдоо сүүлийн 7 жилийн дунджаар тооцдог байсныг 5 жилээр болгож богиносгосон. Эдгээрийн цаана шударга бус нөхцөл байдал үүссэн гэсэн үг. Өнөөдөр боломжтой хүмүүс нь 5 жил өндөр цалин авч өндөр шимтгэл төлснөөрөө өндөр тэтгэвэр авъя гэсэн хар амиа бодсон л зохицуулалт шүү дээ. Гэтэл хувийн секторт ажиллаж байгаа хүмүүст л энэ боломжийг олгочихсон байгаа юм. Үүний цаана төрийн байгууллагад 20-30 жил тогтвортой ажиллаж НДШ-ээ төлчихсөн хүмүүс бага дүнтэй тэтгэвэр тогтоолгож хохирч болохгүй биз дээ.

Тэтгэврийн тогтолцоо өөрөө маш эмзэг учраас улс төрөөс хамааралтай шийдвэрүүдээс болж урьдчилсан тооцооллоор 4.2 их наяд төгрөгийн алдагдал энэ сан дээр үүссэн байна. Энэ асуудлыг УИХ-ын намрын ээлжит чуулган эхлэхээр тэтгэврийн санд үүссэн бодит алдагдлын асуудлыг ярьж, бодлогын хүрээдн ямар шийдлүүд байж болох талаар асуудал оруулна гэж төлөвлөж байна.

Ярилцсанд баярлалаа

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *