“500 сая долларын бондыг Сэлбэ дэд төвд зарцуулна”

0

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Мандуултай ярилцлаа.


-Та Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор томилогдоод хоёр сар болж байна. Ажилтайгаа танилцаж амжив уу, цаашид хэрхэн ажиллах ерөнхий зураглалаа гаргасан болов уу. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье?

-Миний хувьд энэ албан тушаалд томилогдохоос өмнө Хотын даргын Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөхөөр мөн хоёр сар орчим хугацаанд ажилласан. Тухайн үед нийслэлд бонд босгох ажлыг хариуцаад хөрөнгө санхүүгийн тухайд зөвлөж байсан л даа. Мөн эрчим хүчний хураагуурын станцын ажлуудыг эхлүүлээд явсан. Ажилтайгаа танилцах гэхээсээ илүү шууд л ханцуй шамлаад орчихсон доо. Ер нь хотын ажил бол олон талтай, бүгд рүү нь орж ажиллах шаардлага гардаг. Маш олон салбар хамардаг учраас олон хүнтэй ч харилцана. Эхнээс нь эрэмбэлж байгаад л ажиллаж байна даа. Хариуцсан ажлын маань хүрээ өргөн учраас ерөнхийдөө томоохон төслүүд дээр илүү төвлөрч байна. Ингэхдээ тухайн төслийн санхүүжилт, үр ашиг зэрэгт голлон анхааран ажиллаж байна.

-Таны эрхэлсэн ажлын хүрээнд ойрын жилүүдэд нийслэл хотод дэд бүтэц, бүтээн байгуулалтын ямар томоохон ажил өрнөж байна вэ?

-Хотын дарга Д.Сумъяабазараас эхлүүлээд Х.Нямбаатар даргын үргэлжлүүлж дуусгасан нэг том ажил бол нийслэл Улаанбаатар хотод хууль эрх зүйн хүрээнд маш том шинэчлэл өөрчлөлтийг хийснийг юуны өмнө онцолмоор байна. Ингэснээр Улаанбаатар хот санхүүгийн хувьд бие дааж эдийн засгийн харилцаанд орох, хөрөнгө мөнгө босгох, томоохон төслүүдийг бие даан хэрэгжүүлэх боломж хуулийн хүрээнд нээгдсэн. Энэ тухайд Хотын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан, УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн хичээл зүтгэл маш их байсныг мартаж болохгүй. Түүний хувьд хуульч хүн учраас дээрх олон хуулийг гардан ажиллаж ирсэн байдаг. Харин миний хувьд хөрс суурийг нь бэлдчихсэн ажлыг амьдрал дээр хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтыг гардан гүйцэтгэхэд анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байна. Хамгийн эхэнд онцлох ажил бол Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажил өнөө маргаашгүй эхлэх гэж байна. Туулын хурдны болон тойрог замаас гадна нийслэл хотын хэмжээнд дөрвөн аж үйлдвэрийн парк барьж байгуулах ажил бий. Эрчим хүчний хураагуурын станц барих зэрэг томоохон, бүтээн байгуулалтын ажил эхнээсээ өрнөж байна.

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаар хот олон талаар бие даасан, олон боломж нээгдсэн гэж хэлж болох байх. Үүний нэг илрэл нь Нийслэл 500 тэрбумын бонд босгож, өнгөрсөн зургадугаар сард амжилттай арилжааллаа. Бондын зарцуулалтын талаар та мэдээлэл өгнө үү?

-Өмнөх жилүүдэд нийслэл хот санхүүгийн хувьд ганцхан эх үүсвэртэй явж ирсэн нь төсөв байлаа шүү дээ. Бүртгэлтэй 1.7 сая оршин суугчтай, бүртгэлгүй буюу албан бусаар хоёр сая орчим иргэн оршин суудаг ийм том хэмжээний метрополис хот болчихсон. Гэсэн атлаа энэ хотын санхүүг зөвхөн төсвийн хүрээнд шийдэж явах нь учир дутагдалтай байсан л даа. Үүнийгээ дагаад Улаанбаатар хотын бүх талын ачаалал чинээндээ тулсан гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, энэ олон хүн амьдарч байгаа хотын тохижилт, ахуйн цэвэрлэгээ үйлчилгээ, зам засвар арчлалтаас авахуулаад цэвэр бохирын шугам сүлжээний ачаалал гээд даац хэтрэх нь хэтрээд таазандаа тулчихаад байсан. Тиймээс эрх зүйн хувьд томоохон шинэчлэл хэрэгтэй байсныг хотын удирдлагууд амжилттай хэрэгжүүлж чадсан. Ингэснээр нийслэл хот маань төсвөөс гадна санхүүгийн хувьд хоёр эх үүсвэртэй байх боломж бүрдсэн. Нэгдүгээрт, тодорхой секторуудад нийслэл хотын зүгээс төр, хувийн хэвшлийн түншлэлээр ажил хэрэгжүүлэх боломжтой болсон. Хоёрдугаарт, нийслэл хот өөрөө үнэт цаас гаргаад гадаад болон дотоодын зах зээлд хөрөнгө босгох бололцоо нь нээгдсэн. Энэ хүрээнд миний бие гардан ажилласнаар өнгөрөгч зургадугаар сард дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн үнэт цаасыг амжилттай арилжаалсан. Үүнийхээ 300 тэрбумыг бид хувийн хэвшлийн хэрэгжүүлж байгаа Бөөрөлжүүтийн цахилгаан станцад дутагдаад байсан хөрөнгийг дамжуулан зээл хэлбэрээр бүрэн шийдвэрлэсэн.  Тухайн станц ирэх аравдугаар сард ашиглалтад орно. Ингэснээр Монгол Улсын эрчим хүчний эх үүсвэр 150 мега ваттаар шууд нэмэгдэх юм. Энэ бол бидний хувьд ус агаар шиг хэрэгтэй байгаа маш чухал бөгөөд том ажил учраас бид нийслэлийн гаргасан бондыг энэ ажил руу оруулсан. Үлдсэн 200 тэрбумын 150-ыг зам засварт зарцуулж байна. Та бүхэн анзаарсан бол өнгөрч буй зун бид зам засварын ажлыг нэлээд эрчимтэй хийлээ, өнөөдөр ч ажил үргэлжилж байна. Үлдсэн 50 тэрбумын хөрөнгөөр шинэ Цэвэрлэх байгууламжийг энэ намар ашиглалтад оруулахаар ажил өрнөж байна. Гэтэл Цэвэрлэх байгууламжийн зайлшгүй нэг хэсэг болох Туул коллектор нь улсын төсвөөс хэрэгжих байсан ч олон жил дамнаснаас тендер нь бүтэлгүйтэж явсаар гацсан байсныг бид үлдэгдэл 50 тэрбум төгрөгөөс шийдвэрлэн, ажлыг нь гүйцэтгэж байна.

Нийслэл дахин 500 сая ам.долларын бонд босгоно. Нийслэл хот санхүүгийн хувьд бие даан хөгжих боломж нээгдсэнээр анх удаа 500 тэрбумын бондыг амжилттай гаргалаа. Цаашид магадгүй Хотын зүгээс дахин бонд гаргах уу?

-Дараагийн бондын ажил аль хэдийн эхэлсэн. Тодруулбал, бид энэ удаад 500 хүртэлх сая ам.долларын бондыг гадаад зах зээлд гаргах ажлыг эхлүүлсэн, энэ ажлыг миний бие мөн хариуцаж байна. Энэ жилдээ 500 сая ам.долларыг босгох төлөвлөгөөтэй байна. Үүнийг Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөсөн. Гэр хорооллыг орон сууцжуулах тухайд урд хожид хийж байгаагүй томоохон ажил болно. Манай улсад 10 гаруй жилийн өмнөөс гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлсэн ч бүтэлгүйтсэн, үр дүн муутай, маш их асуудал дагуулсан. Хэчнээн жилийн өмнө газраа чөлөөлчихөөд өнөө хэр байрандаа ороогүй, түрээсийн байр хэсэж амьдарч байгаа талаарх гомдол санал маш олон айлаас ирдэг. Тэгвэл бодлогын хувьд энэ алдааг бид засна. Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажил Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн дөрвөн хорооны нийт 158 га газарт өрнөнө.

-Газар чөлөөлөлт бүрэн дууссан уу, барилгын ажил хэзээ эхлэх вэ?

-158 га газрын газар чөлөөлөлт 80 орчим хувьтай явж байна. Ирэх есдүгээр сараас барилгын ажлыг эхлүүлнэ. Бид эхний ээлжид Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 23 га, хоёр блокийг сонгож аваад ажлыг нь эхлүүлэхээр зэхэж байна. Ирэх сард суурийг нь цутгаад барилга угсралтыг нь хийж гүйцэтгэснээр ирэх жилдээ бүрэн ашиглалтад оруулж, айлуудаа оруулахаар зэхэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, эхний хоёр блок нь жишиг ажил болох юм. Санхүүжилтийн хувьд улс, нийслэлийн төсөв харахгүй, дээр дурдсанчлан гадаад зах зээлээс бонд босгох учраас хөрөнгө мөнгөний тухайд аливаа саад гарахгүй. Тиймээс тендерээ шалгаруулаад, олон улсын стандартын дагуу эмнэлэг, сургууль, төрийн үйлчилгээ, ногоон байгууламж бүхий цогц байдлаар барьж байгуулна. Энэ бол “20 минутын хот” концепцод бүрэн нийцэхүйц хэмжээний жишиг хотхон болох юм.

-Сэлбэ дэд төвийн ажил маш эрчимтэй өрнөж байгаа юм байна. Түүнээс гадна Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэх Баянхошуу, Шархад  дэд төвийн ажил бий. Ажил нь хэр урагшилж байна вэ?

-Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг хийж дуусгаснаар нийтдээ 12 мянган айл өрхийг орон сууцжуулна. Эдгээр орон сууцыг зах зээлд худалдан борлуулахгүй, зөвхөн газраа чөлөөлсөн айл өрхөд тухайн газартай нь дүйцүүлэн олгох юм. Тэгэхээр Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 12 мянган айл орон сууцтай болно гэсэн үг. Үр дүнд нь 2000 гаруй яндан, 1800 гаруй нүхэн жорлонгоос сална. Жилдээ гэхэд 7000 тонн нүүрс хэмнэх буюу энэ хэмжээний нүүрсний угаар байхгүй болох юм. Бусад дэд төвийн тухайд хэлэхэд, бидний баримталж буй ганц зарчим бол олон ажил руу зэрэг орж, хүчээ тарамдуулахгүй, нэг ажлаа бүрэн гүйцэд хийж дуусгаж харуулахыг зорьж байна. Өөрөөр хэлбэл, эхний ээлжид Сэлбэ дэд төвд гол анхаарлаа хандуулаад цогц ажил хийчихье гэж байгаа юм. Ингэснээр жишээлбэл, Чингэлтэй дүүргийн 13 га газар дээрх бүтээн байгуулалтад баригдах орон сууцны хоолойг зэсээр хийхээр зорьж байна. Ингэснээр зэвтэй ус гарлаа гэдэг асуудал үүсэхгүй. Энэ том бүтээн байгуулалтын ажилд ойр орчмынх нь жижиг дунд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулж, ажлын байраар хангах зэргээр хамрах хүрээ өргөнтэй, үр дүн, ач холбогдол өндөртэй, сэтгэл ханамжтай ажил болгохоор бүх хүч, сэтгэлээ зориулан ажиллаж байгааг хуваалцахад таатай байна. Бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөн, шинэлэг сайхан ажил хийхээр зорьж байгаа учраас бид бүхэн ч хүлээлт өндөртэй байгаа. Баянхошуу, Шар хад дэд төвийн ажил Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр үргэлжилж байна. 200, 300 айлын орон сууцны ажил өнөөдөр ч өрнөж байна.

-Нийслэлчүүд бидний хувьд ид ачааллын улирал эхлэх гэж байна. Засгийн газар, Нийслэл бүх түвшиндээ “20 минутын хот” концепцыг хэрэгжүүлэхээр зарлаад байгаа. Хотын төвийн түгжрэлийг задлах тухайд ямар алхам хийж байна вэ. Цаашлаад энэ жил ашиглалтад оруулахаар төлөвлөсөн томоохон зам, гүүрийн ажлын явцын талаарх мэдээллийг өгнө үү. Жишээлбэл, Яармаг, Нисэхийн ачааллыг хуваалцах шинэ гүүрийг хэдийгээр дуусгахаар байна вэ?

-Яармагийн шинэ гүүрийн ажлыг бид энэ зун дуусгахаар төлөвлөсөн байсан ч зарим саатал гарсан. Тодруулбал, ажлын зураг зөрсөн учраас гацаа үүсээд ажил удааширсан. Энэ тухайд миний бие ажил гүйцэтгэгч бүх талынхантай уулзаад тодорхой чиглэл өгсний дагуу ус орсноос гацсан байсан далангийн ажлыг өндөрсгөөд дуусгахаар болсон. Ингэснээр гүйцэтгэгч талын бидэнд хэлснээр ирэх сарын 20 гэхэд бүрэн дуусгаж хүлээлгэж өгөхөөр амласан. Тэгэхээр энэ хугацаандаа ашиглалтад орчих болов уу гэж харж байна. Үүнээс гадна ТЭЦ-4-ийн замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох ажлын бүх зураг бэлэн болсон. Үүнд нэг асуудал үүссэн нь Эрчим хүчний замаас хойш татах чиглэлд Байшин үйлдвэрлэх комбинатын том хашаа байгаа юм. Тэдний хувьд газраа чөлөөлөхгүй байгаагийн улмаас улсын хэмжээний энэ том ажил гацсан байдалтай байна. Замын трасст таарсан, нөгөө тийш татах гэхээр дулааны шугам хоолой таарчихаад байгаа юм. Байшин үйлдвэрлэх комбинат гэдэг үйлдвэртэй хэлцэл хийх гээд бид бараг жил болж байна. Улсын ажил гацаачихаад хөдөлж өгдөггүй байх жишээтэй. Энэ дашрамд хэлэхэд, хэдий хувийн компани байсан ч нийтийн, улсын эрх ашгийн төлөө ойлголцож хамтран ажиллах шаардлагатай гэдгийг хэлмээр байна. Үүний зэрэгцээ нийслэлийн хэмжээнд дөрвөн том нүхэн гарцын ажил үргэлжилж байна. Манай хотын түгжрэлийг үүсгэдэг олон хүчин зүйл бий. Үүний нэг нь хотын дундуур дайран өнгөрдөг төмөр зам байдаг. Хермес, Таван шар, Геологийн төв лаборатори, Нарны зам болон Их хүрээний гудамжны уулзварын нүхэн гарцыг барьж байгуулснаар ачааллыг тодорхой хэмжээнд хуваалцах, түгжрэлийг багасгахад нөлөөлнө гэж үзэж байгаа юм. Бид энэ жилдээ багтаад гурвынх нь ажлыг бүрэн хийж дуусгахаар ажиллаж байна. Нөгөөтэйгүүр бид торон сүлжээ үүсгэх замаар жижиг замын уулзваруудыг нээх зэргээр олон талт ажлыг хийж гүйцэтгэсээр байна. Хэдхэн хоногийн өмнө Нийслэлийн Засаг даргын захирамжаар түгжрэлтэй холбоотойгоор 30-40 ажил хийхээр төлөвлөгөө баталсан. Ингэснээр зарим уулзварын буцаж эргэхийг болиулах, зарим гарцыг нээж, гэрлэн дохионы хугацаанд өөрчлөлт оруулах зэргээр бүх түвшинд том, бага гэлтгүй ажлуудыг өрнүүлж байна. Харин дугаарын хязгаарлалт зэргийг хэрхэх тухайд иргэдийнхээ саналыг асуух нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Мөн хичээл, сургуулийн ажлын цагийг уян хатан болгох буюу зөрүүлэх байдлаар зохицуулах, сургуулийн автобусны маршрутыг оновчтой болгох гэх зэргээр нарийвчилсан олон ажлыг төлөвлөсөн, шат дараатайгаар эхнээсээ заримыг нь хэрэгжүүлээд эхэлсэн. Үүнээс гадна бид энэ жил мөн “Eco mobility” аяныг хэрэгжүүлэхээр зэхэж байна. Манайх шиг ийм олон хүн амтай, том хотод ногоон хэрэглээг хэвшүүлэх шаардлага бий. Машин тэрэгнээс татгалзах, эрүүл амьдралын хэв маягт шилжих, эко дадалтай болох нь өөрөө дэлхийн бүх л хотод байдаг соёл шүү дээ.

Тиймээс бид ч мөн ард иргэдээ энэ төрлийн дадалд сургах талын ажлыг илүү эрчимжүүлье гэж байгаа юм. Үүний тулд мэдээж скүүтэр, дугуйн зам зэргээ ойлгомжтой, цэгцтэй болгох кампанит ажлыг өрнүүлнэ. Гэхдээ энд нэг зүйлийг нэмж хэлэхэд, мянга бид тал талын зохицуулалт хийгээд манай Улаанбаатар хотод 740 орчим мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Гэтэл энэ нь 1200 км замынхаа ачааллаас хэд дахин давсан тоо шүү дээ. 10 хүний багтаамжтай өрөөнд 50 хүн чихчихээд дотор нь зохицуулалт хийнэ гэдэг боломжгүй зүйл шүү дээ. Тиймээс бид цаашид иргэд олон нийтийнхээ саналын үндсэн дээр зугуухан байдлаар хийх, авч хэрэгжүүлэх ажил их бий. Захиргааны шинж чанартай арга хэмжээгээ эдийн засгийн хөшүүрэгтэйгөө уялдуулж хийх зэргээр хийх ажлын төлөвлөгөөг шат дараатайгаар хэрэгжүүлээд явж байна. “20 минутын хот” концепцыг амьдрал дээр буулгах, УИХ, Засгийн газраас гаргах шийдвэрийг Нийслэлээс гаргах шийдвэртэй уялдуулж өгөх гол чиг үүрэгтэй сайдыг томилсон. Тиймээс бидний хувьд гэхэд Засгийн газраар шийдүүлэх шаардлагатай ажлаа жишээлбэл Р.Эрдэнэбүрэн сайдаар дамжуулан уламжлах нь байна шүү дээ. Цаашид энэ сайдтайгаа ажлын уялдаа холбоогоо хангаад явна. Түүнчлэн цаашид хотын бүх л уулзварыг бүрэн камержуулснаар торгуультай эсвэл дугаарын хязгаарлалттай өдрөө хөдөлгөөнд оролцсон зэрэг аливаа зөрчлийг цаг тухайд илрүүлэх боломжтой болно. Хиймэл оюун ухаан (АI)-аар дамжуулан тухайн машины бүх мэдээллийг харах боломжтой болох юм. Ингэснээр бид хяналтаа хийх боломжтой, цаашлаад гэрлэн дохионы зохицуулалтыг мөн хиймэл оюун ухаанаар дамжуулан удирдах зэрэг ажлыг туршилтын журмаар эхлүүлээд явж байна.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ 1.8 ИХ НАЯДЫН ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙГ ЭРГЭН ТӨЛҮҮЛСНЭЭР МОНГОЛ УЛС ДЕФОЛТЫН ЭРСДЭЛЭЭС ГАРЧ БАЙЛАА

-Түгжрэлийг бууруулахад хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй байх. Гэтэл орон нутгаас орж ирсэн тээврийн хэрэгслээс хураамж авахаар болсныг эсэргүүцэх хүн цөөнгүй байх шиг байна. Энэ тухайд ямар тайлбар өгөх вэ?

-Нэгэнт бид зам дээрээ багталцахгүй олон машинтай болчихсон учраас бүгдийг захиргаадалтаар шийдэх бус эдийн засгийн хөшүүрэг нэмэх нь зүйтэй. Энэ тухайд ганцхан жишээ татахад, нэг автомашин жилдээ 20 мянган төгрөгийг замын хураамжид төлдөг. Гэтэл энэ мөнгөөр өнөөдөр хоёр аяга кофе л авна. Гэсэн атлаа нөгөө талдаа энэ олон машиныхаа ачааллыг даахгүй зам нь эвдрээд зорчих боломжгүйдээд байдаг. Засаж арчлах ёстой замын сан нь мөнгөгүй. Угтаа бол автомашин эзэмшигч татвар хураамжаа хангалттай төлж байж бид замаа засаж арчлах ёстой биз дээ. Ингэж байж бусад нь тэр замаар зорчих боломжтой болно шүү дээ. Ерөөсөө л үнэгүй юм үнэ цэнгүй гэдэг болчихоод байгаа юм. Дээрээс нь том оврын тээврийн хэрэгсэл замыг маш ихээр эвддэг. Энэ бүхнээс дүгнэж хэлэхэд, татвар хураамж бол хот, хөдөөгөөр нь ялгах тухай ойлголт огт биш. Замын сан санхүүгийн хувьд бие дааж байж замын арчилгаа тордолгоо, засварыг тогтмол хийх боломжтой болно шүү дээ. Ер нь нийслэлд орхигдсон бас нэг асуудал нь аж ахуй буюу хот тохижилт, засвар арчлалт гэдэг зүйлийг орхигдуулчихсан нь олон асуудал дагуулах болсон. Тийм ч учраас Хотын дарга сая ТҮК-ийн болон нийтийн тээврийн ажилтнуудын цалинг нэмэгдүүллээ. Энэ бол хотын нийтийн аж ахуй, хот тохижилтын ажлуудыг үнэ цэнтэй болгох гээд зориод байгаагийн илрэл. Энэ салбарынхан бол хүмүүсийн хардгаар хар бор ажил ерөөсөө биш, бидний амьдарч буй хүрээлэн буй хотын орчинд үнэлж баршгүй, ач холбогдол бүхий ажил хийдэг хүмүүс юм шүү гэдгийг ойлгуулах, түүнийг харуулах гэсний илрэл гэж ойлгох хэрэгтэй.

-Улаанбаатарчуудын түгж­рэлээс салах нэг том найдвар нь метро болсон. Өмнө нь олон нийт үл итгэсэн байдлаар хүлээж авдаг байсан бол өнөөдөр хүлээлт үүссэн байх шиг байна. Энэ ажил ямар шатандаа явна вэ, ажил идэвхтэй урагшилж чадаж байгаа юу?

-Метро барина гэдэг бидний хувьд цоо шинэ ажил. Газар доогуур маш гүнзгий, том тунель ухна, энэ нь аюулгүй ажиллагааны бүх стандартыг хангасан байх ёстой. Амгалангаас Толгойт хүртэл тунель байгуулахаар байна шүү дээ. Энэ том ажлын туршлага бидэнд байхгүй учраас PMC буюу энэ төслийн тендерийг зарлахаас ажил хүлээлцэх хүртэл бидний талд, бидний өмнөөс захилагчийн хяналт хийж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компанийг сонгон шалгаруулж авах нь зүйтэй гэж үзсэн. Ингэснээр БНСУ-ын Сөүлийн метрог барьсан туршлагатай инженерингийн том таван компани консерциум болж орж ирээд ажлаа эхлүүлчихсэн явж байна. Тэдний хувьд олон улсын тендер шалгаруулах ажлын даалгаврыг бэлтгэж байна. Бид энэ намар сонгон шалгарлуулалтаа зарлана. Ингээд ирэх хавар гэхэд бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэх тооцоотойгоор ажил эрчимтэй өрнөж байна. Метро барина гэдэг нь Оюутолгойн бүтээн байгуулалттай дүйцэх хэмжээний томоохон ажил болно. Тиймээс метрог зөвхөн санхүүгийн үр ашиг талаас харах нь учир дутагдалтай. Зургаан жил үргэлжлэх нүсэр ажил учраас бид цогц төлөвлөгөө гаргасан. Тухайлбал, энэ бүтээн байгуулалтын ажлын төчнөөн хувьд нь монгол хүмүүс байх ёстой гэх зэргээр нарийвчилсан зохицуулалт оруулна. Ингэснээр манай залуучууд нарийн мэргэжлийн инженерингийн ажилд суралцахаас гадна дотоодын аж ахуйн нэгжүүдийн ажлын байр нэмэгдэж, орлоготой болно. Ингээд хамтдаа метро барих ажлын ард гарчихвал манай улсад нарийн мэргэжлийн ажлын дадлага туршлагатай боловсон хүчин бий болохын зэрэгцээ үндэсний компаниудын үр ашиг ч өсөн нэмэгдсэн байх болно. Цаашлаад метроны буудлыг дагаад зэх зээлийн том эргэлт бий болно. Ерөөсөө метро эдийн засаг талаасаа маш том үр нөлөөтэй ажил болох юм.

-Ярилцлагын төгсгөлд ямар амбийцтайгаар Нийслэлийн удирдлагын багт орж ажиллахаар болсныг тань сонирхъё. Хотын орлогчоор ажиллах саналыг хэрхэн хүлээн авсан бэ? Таны хувьд Хөгжлийн банканд ажиллаж байхдаа 1.8 тэрбумын чанаргүй зээлийг эргэн төлүүлэх том ажлыг гардан хийсэн хүн. Энд ирэхдээ ямар итгэл үнэмшилтэй ирэв?

-Миний хувьд эдийн засагч, санхүүч, банкир хүн. Хөгжлийн банканд хоёр жил ажилласан. Ингэхдээ 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээлийг эргэн төлүүлсэн. Ингэснээр Монгол Улс гадна талдаа өрөө барагдуулж дууссан, дефольт зарлах эрсдэлээс үндсэндээ гарч чадсан байдаг. Энэ ажлын ард гарсны дараа “Хөгжлийн банканд ирснийхээ хэргийг гаргачихлаа, ер нь хийх ажлаа хийчихлээ” гэдэг мэдрэмж өөрт төрсөн л дөө. Тиймээс ажлаа өгсөн. Нийслэлийн тухайд Хотын дарга Х.Нямбаатар “Энд ирээд ажил хариуцаад яваач, нийслэл хот хууль эрх зүйн хувьд маш сайн суурьтай болсон. Одоо томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд явахад санхүүгийн ур чадвар хэрэгтэй, ханцуйгаа шамлаад ажиллачих хүн, үр дүн, гүйцэтгэл хэрэгтэй байна” гэдэг санал тавьсан. Улаанбаатар хотод төрж өссөн хүний хувьд төрөлх хотынхоо төлөө чадах бүхнээ хийх боломж олдож байгааг олзуурхан хүлээж авсан. Залуу хүний хувьд амьдарч байгаа орчноо голж суухын оронд өөрөө гар бие оролцоод сайхан болгоё, миний ур чадвар, мэдлэг туршлага хэрэгтэй байгаа бол ажиллая гэдэг чин итгэл үнэмшилтэйгээр ирсэн.  Хөгжлийн банканд орж ажиллахаас өмнө Сангийн яаманд 11 жил ажилласан. Төсөв, санхүүгийн бодлогын газарт “Чингис”, “Самурай” бондоос хойших бүх бондод дахин зохицуулалт хийх ажлыг гардан гүйцэтгэж байлаа. Монгол Улсыг төлөөлөөд гаднын банк санхүүгийн байгууллагуудтай байнга харилцаж ажилладаг байсан л даа. Үндсэндээ санхүүгийн салбарт 16-17 жил ажиллачихлаа.

-Хөгжлийн банкны өрийг эргэн төлүүлсэн нь санхүүгийн чадвараас гадна маш том улс төрийн агуулгатай хэрэг байсан шүү дээ. Ерөөсөө олон зүйлийн учир зангилаа, тэнцвэрийг хангаж ажиллах шаардлага үүссэн болов уу?

-Хөгжлийн банканд очоод 3-4 сар бичиг цаас ухсан л даа. Үр дүн нь төсөөлснөөс хэд дахин муу байсан, ерөөсөө өнөө маргаашгүй дампуурах хэмжээнд хүртлээ унасан байсан л даа. Ингээд өмнө нь ажиллаж байсан хүмүүсийн түүх, бичиг цаас үзэхээр ажиллаагүй биш ажилласан юм билээ. Гэхдээ л шүүхэд өгдөг, шүүхийн процесс хэдэн сар, жилээр үргэлжилдэг нөхцөл байдалтай л явж ирсэн байдаг. Ингэснээр улс төр талаас нь үзэх ёстой юм байна гэж ойлгосон л доо. Ерөнхий сайдтай уулзаж, зөвлөлдсөнөөр улс төрийн акц хийж байж үр дүн үзэх юм байна гэж харсан. Гэтэл нөгөө талд надад нэг том ажил гарч ирсэн нь гаднынхны асуудал байсан. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк гадна талд өртэй байдаг, гаднынхан буюу хөрөнгө оруулагчид ажиглаад суугаад байдаг. Энэ тохиолдолд миний зүгээс зөв коммуникац хийх шаардлага үүссэн л дээ. Манай дотоодод үүссэн дуулиан шуугианыг сонссон хүмүүс “Мөнгөө авъя” гээд эхэлдэг. Тэр бүү хэл, ОУВС-аас Хөгжлийн банкаа дампууруулаад дефольт зарла гэдэг шахалт хүртэл ирж байлаа. Ийм нөхцөлд хийсэн ажил байсан. Эндээс миний хэлэх гэсэн санаа бол аливаа ажлыг нэг талаас дүгнэх нь учир дутагдалтай. Жишээлбэл, миний одоогийн ажил бол зөвхөн эдийн засаг, дэд бүтцээ л хийдэг, ярьдаг юм биш. Маш олон талын уялдаа холбоо, нийгмийн харилцаа хандлага хүртэл нөлөөлдөг, хувь хүнээс ур чадвар шаардсан ажил л даа.

-Өнгөрсөн хугацаанд ужгирсан, олон талтай ажлуудад менеж хийж ажиллаад багагүй туршлага хуримтлуулжээ. Цаашид энэ эрчээрээ улс төрд орох сонирхол бий юу?

-Хариуцсан ажлаа тултал хийгээд үр дүнг нь харуулчихъя л гэж зорьж ажилладаг. Нийслэл хотод Х.Нямбаатар даргатай хамтраад бодлогын түвшинд эхлүүлсэн томоохон ажлуудыг гардан гүйцэтгээд эцсийг нь үзэх чин итгэл үнэмшилтэйгээр ажиллаж байна. Миний эрхэлж байгаа ажил бол эдийн засгийн, тооцооны ажил биш. Нөгөө талдаа улс төрийн, олон нийтийн ажил учраас иргэдийг төлөөлж, тэдний дуу хоолой болж ажиллах ёстой юм байна гэж ойлгож байгаа. Тиймээс энэ удаагийн орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж байна. Гэхдээ энэ бол зөвхөн улс төрч болох алхам биш, үр дүн, зориг шаардсан томоохон ажлуудыг хийж гүйцэтгэхэд яалт ч үгүй олон нийтийн дэмжлэг, мандат байх ёстой юм билээ. Тиймээс эрхэлж буй ажилдаа эзэн болох, үр дүнг нь үзэхийн тулд ийм сонголтыг хийж байна. Намын харьяаллын хувьд би 2021 онд МАН-ын гишүүнээр элссэн. Энэ бол мөн л миний сая хэлсэнчлэн хийж буй ажлынхаа үр дүнг, эцсийг үзэхийн тулд хийсэн сонголт байсан. Үүний зэрэгцээ МАН-ын баримталдаг социал демократ үзэл баримтлал миний өөрийн үзэл бодол, итгэл үнэмшилтэй нийцдэг учраас МАН-д элсэж байлаа. Тийм ч учраас намаасаа орон нутгийн сонгуульд нэр дэвших шийдвэрийг гаргасан.

ЭХ СУРВАЛЖ: Монголын үнэн сонин №031/24610/

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *