Г.Ууганбаатар: Албадан хөдөлмөр эрхлүүлсэнтэй холбоотой Комиссын гишүүний 2 шаардлага, 1 зөвлөмжийг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хариуцлага тооцуулсан
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь төрөөс хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хангаж, хамгаалах үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаад хөндлөнгөөс хараат бусаар хяналт тавьдаг бие даасан байгууллага юм.
Энэ хүрээнд албадан хөдөлмөр эрхлэлтээс урьдчилан сэргийлэх асуудлаар Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал, Комиссоос эрх бүхий албан байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн талаар өнөөдөр /2024.09.12/ мэдээлэл өглөө.
Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенцод албадан хөдөлмөрийг “ямар нэг торгууль шийтгэл ногдуулахаар заналхийлж аливаа иргэнээс өөрийгөө сайн дураар санал болгоогүй байхад шаардах аливаа ажил, үйлчилгээ” хэмээн тодорхойлсон байдаг.
Мөн Албадан хөдөлмөрийн тухай 105 дугаар конвенцод эдийн засгийг хөгжүүлэх зорилгоор ажиллах хүчийг дайчлах, ашиглах арга хэлбэр болгох албадан буюу заавал хийлгэх хөдөлмөрийн бүх хэлбэрийг хориглож, таслан зогсоохыг гишүүн орнуудад үүрэг болгосон байдаг. ОУХБ-ын Албадан хөдөлмөр эрхлэлтийн 29, 105 дугаар конвенцод заасан эдгээр нөхцөлүүд нь тухайн хувь хүний өөрийн сонголтоор сайн дурын ажил хийх боломж олгох асуудлыг хязгаарлахгүй бөгөөд ерөнхийдөө заавал хийлгэх хөдөлмөр болон сайн дураар хийх хөдөлмөр нь ялгаатай асуудал болохыг анхаарах нь зүйтэй гэдгийг мэдээллийн эхэнд Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал хэллээ.
Үргэлжлүүлэн “Засгийн газрын 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 276 дугаар “Ургац хураалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол болон Засгийн газрын 2023 оны ээлжит хуралдааны тэмдэглэлээр ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд гүйцэтгэх зорилгоор их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, сонсогч, хугацаат цэргийн алба хаагчид болон иргэдийг сайн дурын үндсэн дээр ургац хураалтын ажилд татан оролцуулахаар шийдвэрлэсэн.
ХЭҮК-оос ургац хураалтын ажилд оролцсон их, дээд сургуулийн оюутан, сонсогчдын Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын Албадан хөдөлмөрийн тухай 29, 105 дугаар конвенц, олон улсын хүний эрхийн бусад хэм хэмжээ болон үндэсний хууль тогтоомжоор баталгаажуулсан албадан хөдөлмөрөөс урьдчилан сэргийлэх, албадан хөдөлмөрөөс ангид байх эрхээ эдэлж байгаа эсэх, тохирсон цалин хөлс авч байгаа эсэх, тэдний хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхэд дараах нөхцөл байдал илэрсэн.
Энэ хүрээнд нэр бүхий 5 их, дээд сургуулийн оюутан, сонсогчдын ургац хураалтын ажилд оролцсон талаарх мэдээллийг авсан.
Комисст ирсэн мэдээллээр 2023 онд 50 гаруй багш, албан хаагчид болон 3400 гаруй оюутан, сонсогчдыг ургац хураалтын ажилд оролцуулжээ.
Ургац хураалтын ажилд оролцож буй оюутан, сонсогчдын ажлын гэрээг ихэвчлэн сургуулиас төлөөлөн байгуулдаг бөгөөд гэрээний нөхцөл сургууль тус бүрд харилцан адилгүй байна. Ажиллах хугацааг 14-40 хонгийн хооронд байхаар гэрээнд тусгасан боловч хангалттай ургац хураагаагүй гэх үндэслэлээр гэрээг дур мэдэн сунгах гэж оролдсон зэрэг зөрчил гарсан байна.
Ажлын цалин, хөлс сургууль тус бүрд харилцан адилгүй, ургац хураалтын ажлын гэрээнд заасан ажил, амралтын цаг, хоол хүнс, амьдрах байрны орчин нөхцөл маш тааруу, хангалтгүй байжээ. Тухайлбал, гэрээ байгуулахаас өмнө охид хөвгүүд тусдаа гэрт байрлана, усанд орох боломжтой, тогоочтой гэсэн боловч гэр, майханд байрлуулж, олон хоногийн борооны усанд тэсвэргүй, ус нэвтэрч, дусаал гоожиж, оюутнууд зутарч ханиад хүрэхийн зэрэгцээ 6 метрийн гүнд байрлах зоорь руу хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, зааварчилгаагүйгээр төмс буулгуулсан байна.
Түүнчлэн хоол хүнсний амт чанар, илчлэг муу, хуршсан тосоор хоол хийх, махгүй хоол хийдэг зэрэг асуудлыг зарим сургуулийн тайланд дурджээ. Мөн эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх эм хэрэгсэл байхгүй, яаралтай үед тусламж хот руу явах машингүй зэрэг нөхцөл байдал тогтоогджээ. Хөдөлмөрийн тухай хуульд ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчимд албадан хөдөлмөрлүүлэхийг хориглосон байдаг.
Комисс нь Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын Албадан хөдөлмөрийн тухай 29, 105 дугаар конвенцын биелэлтийг хангуулах, албадан хөдөлмөрөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр конвенцоор хүлээсэн үүргийн хэрэгжилтэд хяналт тавьж, холбогдох арга хэмжээ авч ажилладаг бөгөөд түүнээс урьдчилан сэргийлэхийн тулд Их, дээд сургууль, иргэн, аж ахуйн нэгж байгууллага, оюутан, сонсогчдод дараах зөвлөмжийг өгч байна.
- Оюутан, сонсогчдыг ургац хураалтын ажилд сайн дурын үндсэн дээр ажиллуулах;
- Ургац хураалтын ажлын гэрээг оюутан, сонсогч тус бүртэй байгуулах, гэрээнд ажлын цалин, хөлс, ажиллах орчин нөхцөлийн талаар харилцан тохиролцож, нарийвчлан тусгах;
- Оюутан, сонсогчдын ажиллах, амрах байрны орчин нөхцөлийг сайжруулж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартад нийцүүлэх, бусад хангамж (амралтын өрөө, усанд орох өрөө, цайны газар)-ийг бүрдүүлж, ажлын тусгай хувцас, хэрэгслээр хангах;
- Ургац хураалтын ажилд оролцож байгаа оюутан, сонсогчдын хөдөлмөрлөх эрх болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажилтан, албан хаагчийг сургуулиас нь тухай бүр томилж, дотоодын хяналтыг сайжруулах;
- Ажлын цалин хөлсийг гэрээнд заасан хугацаанд олгох, ажлын цалин хөлснөөс хандив, хураамж, бусад төрлийн татаас авахгүй байх (хуульд заасан татвар хураамжаас бусад);
Энэ асуудлаар аливаа хэлбэрийн зөрчил, гомдол мэдээллийг дээд шатны байгууллага болон Хүний эрхийн Үндэсний Комисс болон шүүхэд хандах гаргах боломжтой гэлээ.
Уг мэдээллийн араас Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар “Албадан хөдөлмөр эрхлэхтэй холбоотой гомдол, мэдээлэл Комисст төдийлөн ирдэг. Шалтгаан нь тариа, ногоо хураах ажилд анги, хамт олноороо оролцох нь улс эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж байгаа нэг хэлбэр гэдэг ойлголт монголчуудын дунд түгээмэл байна. Хоёрдугаарт, энэ төрлийн ажил нь улирлын чанартай бөгөөд ихэвчлэн 1, 2 сарын хугацаанд үргэлжилдэг. Гуравдугаарт, иргэдийн дунд албадан хөдөлмөр эрхлэлтийн талаарх мэдлэг, ойлголт дутмаг байгаатай холбоотой. Тиймээс иргэд, ажил олгогчдын зүгээс хөдөлмөрлөх эрхийн талаарх мэдлэг, ойлголтоо дээшлүүлэх шаардлагатай гэв.
Түүнчлэн Комисс нь албадан хөдөлмөр эрхлэхтэй холбоотой Комиссын гишүүний 1 зөвлөмж, 2 шаардлага хүргүүлсэн.
Тодруулбал, Төв аймгийн нэр бүхий сумдад Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын төмс, ногоо хураах ажилд дайчилсан асуудлыг шалгаад Комиссын гишүүний шаардлага хүргүүлсэн. Шаардлага хүлээж авсан эрх бүхий албан тушаалтнаас дахиж энэ төрлийн хүний эрхийн зөрчил гаргахгүй гэдэг агуулга бүхий тайлбар ирүүлсэн.
Мөн Ховд аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Онцгой байдлын алба хаагчдыг автозам засвар, үйлчилгээний ажил хийлгэсэн гэх мэдээлэл ирүүлснийг шалгаад “Төрийн цэргийн алба хаагчдыг хуульд зааснаас бусад төрлийн ажил, үүрэг гүйцэтгүүлэх нь албадан хөдөлмөр эрхлэлтийн нэг хэлбэр учир таслан зогсооно уу” гэдэг агуулга бүхий Комиссын гишүүний шаардлага хүргүүлсэн.
Гурав дахь нь, Дотоодын цэргийн … дугаар ангийн алба хаагчдаар аж ахуйн ажил хийх үеэр алба хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийн мөрөөр Комисс ажиллаж, албадан хөдөлмөр эрхлүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцох тухай Комиссын гишүүний зөвлөмжийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлсэн. Комиссын гишүүний зөвлөмжийн дагуу буруутай албан тушаалтанд хариуцлага тооцсон” гэлээ